М.Энхсайханы Засгийн газраас эхлэн, үе үеийн Засгийн газар ашиг сонирхлоо уяж ирсэн Нарансэвстэйн боомтыг нээх асуудлаар халхавчилсан Талын мэлтэсийн 300 тонн нөөцтэй алтны үндсэн орд руу “Боомтын сэргэлт” нэрээр нэгэнт дайраад эхэлжээ. Эдийн засаг, геополитикийн хувьд үр ашиггүй Нарансэвстэйн боомтыг нээхдээ биш, улсын тусгай хамгаалалт бүхий дархан цаазтай бүсэд байгаа алтанд шунаж байгааг эрх биш гадарлаж байгаа хүмүүс бий. Ерээд оноос ашиг сонирхлоо цухалзуулж ирсэн энэ асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн үед үүрэг өгч, үүний дагуу өдгөөгийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нэлээд хөөцөлдөж гүйсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар Талын мэлтэсийн алтанд хүрч чадалгүй унаж, Ч.Сайханбилэг “Шийдлийн” гэх сүрхий нэртэй Засгийн газраа байгуулсан.
Тэр үед Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр “Нэг хүнээр өргөдөл өгүүлж, шүүхээр маш хурдан шийдүүлэн, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргыг нь өөрчлүүлээд, Говь-Алтай аймгийн дархан цаазат Талын мэлтэс уулын алтны үндсэн ордыг ашиглах ажлыг явуулж байсан. Одоо тийм л даалгавартай ирж байна” хэмээн шүүмжилж байсныг уншигч та санаж байгаа байх.
Тиймээс Ч.Сайханбилэгийн “шийдлийн” хэмээх Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” хэмээх зүйлийг баталж, түүнд Талын мэлтэсийн асуудлыг багтаан зүсийг нь хувиргаад УИХ-аар хэлэлцүүлэх гэсэн боловч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, удалгүй Засгийн газар нь унасан түүхтэй.
Ийм л язгуураас гаралтай даалгавраар О.Амгаланбаатар төвийн олон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид аялуулж, боомтыг нээх тал дээр манлайлан ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, тэр 2014 онд Талын мэлтэс рүү Н.Алтанхуягийн Засгийн газраас команд авч, үргэлжүүлэн Ч.Сайханбилэгээс давхар команд авсан торгон цэрэг.
Харин энэ Засгийн газраас Талын мэлтэс рүү команд аваад байгаа хүн нь Боомтын сэргэлт хариуцсан үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга юм. Тэгэхээр энэ хоёрын хоршил Говь-Алтай аймаг, боомтын сэргэлт нэрээр Талын мэлтэс рүү өнгөлзөж байгааг анхаарна биз ээ.
О.Амгаланбаатар Засаг даргаар ажиллаж байхдаа Мазуньшанийн боомтыг нээх асуудлыг дэмжихээр Говь-Алтай аймгийн ИТХ шийдвэр гаргасан мэдээ Хятадын мэдээллийн хэрэгслээр газар дээрээс нь сурвалжилсан мэт зураг хөрөгтэйгээ асар хурдан түгэж байсан нь ч санаандгүй хэрэг биш. Түүний энэхүү ажиллагаа эцэстээ УИХ хүртэл явсан нь өргөн цар хүрээтэй асуудал босгож байсныг илтгэнэ. Тухайлбал, цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд боомтуудын үйл ажиллагааг сэргээх, шинээр нээх нь зүйтэй гэх малгай дор 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нараас “Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг оруулж ирсэн нь О.Амгаланбаатарын лобби байсан болов уу. Үүнд “Говь-Алтай аймгийн Наран Сэвстэй Мазуншань боомтын үйл ажиллагааг дахин сэргээн нээж, Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор болгох асуудлыг судалж шийдвэрлэх зэргийг Засгийн газарт чиглэл болгох”-оор тусгасан байдаг. Харин гишүүдийн олонх нь төслийг сайн нягтлан, холбогдох байгууллагуудын саналыг авч судалгаатай оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэнээр асуудал хана мөргөж байсан даа.
Ийнхүү О.Амгаланбаатар дарга гурван гишүүний унасан саналаас хойш буюу 2022 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймагт уул уурхайн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзаад “Наран Сэвстэй боомтыг нээж, та бүхний олборлосон эрдсийг гадаад зах зээлд гаргах хамгийн дөт зам босгохоор хөөцөлдөж байна” хэмээсэн. Мөн хоёр сарын дараа иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ “Наран Сэвстэйн боомтыг нээхээр бид бүгдийн эдэлж хэрэглэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бууна, шатахуун түлш гээд бүхий л зүйлийн үнэ буурч, Алтай төдийгүй баруун бүс тэр чигтээ хөгжинө” хэмээн ярьжээ.
Мөн үүнээс хойш 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан. Энэ үеэр О.Амгаланбаатар “Говь-Алтай аймгийн Наран Сэвстэйн боомтыг нээснээр Наран Сэвстэй-Алтай чиглэлд 500 километр хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” хэмээн уухайлж байв.
Тэрбээр сэтгүүлчдийн багийг Алтайд залж, ярихдаа “Хятадууд хилийн дагуу Алтай хот хүртэл хатуу хучилттай зам тавьж өгнө гэсэн, тэгэхээр хилийн шугам дагуу зурвас чөлөөлж, 500 километр зам тавьчихаар байгальд халгүй асуудлыг шийднэ. Бид өрсөхгүй бол хятадууд цаанаас нь газар доогуур ухаж байна” хэмээн тэдний тархийг угаасан.
Үнэн хэрэгтээ Талын мэлтэсийн алтыг улсын тусгай хамгаалалтаас гаргах ашиг сонирхол л энд бий. Үүнийг өнөөдөр гүйцэтгэхээр тушаал авсан нөхөд бол УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Боомтын сэргэлт хариуцсан сайд Б.Тулга нар болж таарна.
Бид өмнөх дугаартаа “Наран сэвстэйн боомт нэрээр Талын мэлтэсийн алт руу марш” нийтлэлдээ тус боомтын эдийн засгийн үр өгөөж, геополетикийн тухай ямар ч ашиггүй гэдгийг баримтаар дурдсан учраас энд нуршихгүй. Гагцхүү ийм дэд бүтэцгүй, нөхцөлгүй боомтыг нээгээд хаашаа, яаж, хэрхэн Ази, Европыг холбох вэ гэдэг нь хэнд ч тодорхой харагдаж байгааг дурдсан. Ийм боломж нөхцөлгүй зүйлээр дөрөөлж хөгжил дэвшил ярьж байгаагийн цаана Талын мэлтсийн ордыг ухах гэсэн санаархал байгаа нь нэгэнт ойлгомжтой болсон.
Эдийн засаг, геополетикийн талаасаа ийм бол байгаль экологи талаасаа ямар байгааг цухасхан дурдъя. Талын мэлтэсийн орд газар нь дэлхийн болон Монголын Улаан номонд данстай хавтгай, тахь, цоохор ирвэс, аргаль хонь, мазаалай зэрэг ховор амьтад нутагладаг, нэн ховордсон ургамалтай газар гэдгийг тэмдэглэжээ. Иймээс нэн ховордсон амьтан, ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалах зорилгоор 1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад авч, Их говийн дархан цаазат газар болгожээ.
Мөн унаган төрхөө хадгалж үлдсэн, амьтан, ургамал хосолсон говийн экосистемийн бүрдэл нь дэлхийн онцгой бүс гэж үзэн ЮНЕСКО-гоос 1991 онд Олон улсын хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан байна. Эндээс харахад хуралдаанд санал оруулсан нэр бүхий нөхөд, Засаг дарга асан нар Монголын байтугай дэлхийн анхааралд орсон дархан цаазат газрыг хамгаалалтаас гаргах нь эхний алхам байж таарна. Дэлхийд ховордсон мазаалайн нутаг ч энэ бүсэд бий гэхээр эко талаасаа ч хөндөх аргагүй зүйл.
Манайхан 1992 онд Нарансэвстэйн боомтыг нээсэн ч хүн, машины хөлөөр зэрлэг амьтад дүрвэж, газрын доройтол ихээр үүсгэсэн учир хаасан байдаг. Мөнхүү говийн Их Дархан цаазат газарт боомт нээж, зам тавьбал бид нэгдэн орсон олон улсын конвенцуудаа ноцтой зөрчинө. Нарансэвстэйг нээх шийдвэр нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Амьтны тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль зэргийг ч зөрчиж буй. Хамгийн гол нь бид мазаалай, хавтгай зэрэг говийн гайхамшиг болсон амьтад, ховор нандин өвс ургамлыг өөрсдийн гараар үгүй хийх болно.
Уг нь Говь-Алтай аймагт Бургастайн боомт гэж бий. Үүгээр төмрийн хүдрээс эхлээд уул уурхайн бүтээгдэхүүн бусад түүхий эд зөөж байгаа ч О.Амгаланбаатар “Бургастайн боомт бол ашиггүй зүй” хэмээн мэдэгдсэний цаана ийм л ашиг сонирхол цухалзаж байна.
Тэдний тархи угааж байгаа зүйл гэвэл Наран сэвстэйн боомтыг нээснээр баруун бүсийн хөгжил дэвшил дээд цэгтээ тулна. Тэр ч бүү хэл Ази, Европыг холбсон эдийн засгийн коридор үүснэ гэж байгаа. Түүний тулд Талын мэлтэсийг тусгай хамгаалалтаас гаргах нь нэн чухал юм байх. Тодруулбал, хилийн дагуу барих хатуу хучилттай замын хамгаалалт нэрээр 50 километрын өргөн зурвас чөлөөлөх хувилбараар ярьж байна. Нарансэвстэйгээс зүүн тийш Баянхонгорын хил дагуу, баруун тийш Говь-Алтайн хил дагуу зам тавих юм байх. Хилийн дагуу 50 километрын өргөн зурвас чөлөөлөхөд хилээс 20 километр зайтай байгаа Талын мэлтэс хүссэн ч эс хүссэн ч ороод ирнэ гэдгийг ч тооцоолсон бололтой.
Бидний “Шинэ сэргэлт”, хөгжил дэвшлийн цаана ийм л зүйл нуугдаж, үүнийг нь алтайчуудын итгэлийг хүлээж, парламентад ирсэн нэг нөхөр өдөр шөнөгүй хөөцөлдөөд гүйж байгааг юу гэх вэ!
Үргэлжлэл бий...
Тоймч: С.Баяр
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
BOOBN XXN80955877
Талын мэлтэс рүү бүү ойртуул. Энэ газар т эртээ тэргүй байгалийн барьертэй. Энэ 2 нөхрийг авилгатай тэмцэх газар өгч шалгуул.. ????????? ???????
ANUSDI80955877