Саруул талын найрагчид чуулав

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 11 сарын 21

Удтал дулаанаа хадгалан цонох элсэн давалгаа мэт намрын шаргал өдрүүд өнгөрч ядан байна. Монгол орны тал хээрийн бүрд тойром, нүдэн нууруудад ирж зусаад буцдаг хунгийн сүрэг Ганга нууранд саатаж, сэрүүний дохиог хүлээн ганганалдана. Уянга эгшиг сүлэлдсэн арваннэгдүгээр сарын эхний ийм л өдрүүдэд МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэлээ. Хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Б.Магсаржавын нэгэнтээ онож хэлсэн “Саруул талын найрагчид” ус нутагтаа очиж, Баруун-Уртын шүлэг шиг гудамжууд хэдэн хоног өдөржин, шөнөжин гэрэлтэв.

Түүх сөхвөл 70 жилийн тэртээ нэрт зохиолч Ч.Лхамсүрэн, С.Дашдэндэв нар энэ нутагт ирж, утга зохиол сонирхдог  залуусыг нэгтгэн  Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит аймгийн Утга зохиолын дугуйланг анхлан байгуулж байжээ.

Түүнээс хойш зохиол бүтээл нь олны анхаарлыг татаж, алдар нэр нь түмэнд түгсэн олон арван уран бүтээлч төрөн гарсан бол “Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулсан нэрт зохиолч Доржийн Гомбожавын “Залуу нас” түүврийг 1956 онд улсын хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн нь тус дугуйлангийн анхны бүтээл болжээ. Тус дугуйлангийн эрхлэгчээр номын санч Д.Жавзмаа, хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэн, зохиолч, сэтгүүлч И.Батсүх нар ажиллаж ирсэн  бол 1980-аад оны сүүлчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав Сүхбаатар аймаг  дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар томилогдон ирж ажиллах хугацаандаа  Утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн албыг давхар хашиж байв. 2000 оны дунд үеэс Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амартайван уг албыг залгуулж ирсэн. Тэгвэл зохиолчдын хоёр байгууллага нэгдэн нийлэхийн өмнөхөн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Оюундэлгэр Утга зохиолын салбарын тэргүүний албыг хүлээн авч, өдгөө салбарынхаа 70 жилийн ойг тэмдэглэн зохион байгуулснаар түүх бичлээ.  Аймгийн утга зохиолын салбарыг удирдаж ирсэн үе үеийн уран бүтээлчид өөр өөрийн хувь нэмрийг оруулсан. Заримыг нь үүнийг бичигч миний нас гүйцэж мэдэхгүй. Зөвхөн өөрийн мэдэхийг өгүүлэхэд хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэн тус салбарыг удирдахын сацуу, Сүхбаатар аймагтаа бараг л Соёлын сайд хийгээд Боловсролын сайдын үүргийг гүйцэтгэж байсныг хэлэх байна. Хол ойроос ирсэн зохиолч, яруу найрагчдыг салбарын гишүүд хийгээд хүүхэд багачуудтай уулзуулах, үгийг нь сонсгох уулзалт, цуглаан зохион байгуулах ажлыг их хийнэ. Утга зохиолын салбарынхан ч ойр ойрхон уулзаж, уран бүтээлийн тайлангаа тавьж, шинэ бүтээлээ танилцуулах гэхчлэн хөл хөгжөөн тасрахгүй. Утга зохиол сонирхогч хүүхдүүдийг цуглуулан “Шувуухайн жиргээ” дугуйлан хичээллүүлж, урам дэм өгч байснаас цөөнгүй хүүхэд сэтгүүлч, уран бүтээлч болсон гээд Н.Доржцэрэн багшийнхаа  хийсэн бүтээсэн зүйл, байгуулсан гавьяаг бичээд дуусахгүй. Гавьяаны амралтаа авсан ч гэртээ номын сан ажиллуулж, хүүхэд багачуудыг уран зохиолд хөтөлсөн шигээ, гэсэн атал шавь нараа үргэлж дурсан, байнга холбоотой байж захиас сургаалиа хэлж ярьж суусан нь одоо ч нүднээ харагдах шиг болдог.

 

 

Ойн баярт тус аймагт төрж өссөн, ажиллаж байсан олон  уран бүтээлч  уригдан оролцсон.  Хүндэтгэлийн хойморт уригдсан хүндтэй зочдын нэг бол  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  зохиолч, сэтгүүлч  До.Цэнджав байлаа. Тэрбээр “Сүхбаатарчууд төрмөл авьяастай, өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн. Өнөөдөр  үе үеийн уран бүтээлчдийн араас тэдний  залуу халаа эрч хүчтэйгээр  гарч ирж байна”  хэмээн “Дорнын хүлэг” найргийн наадмын үеэр сэтгэгдлээ хуваалцсан. Түүний хувьд 1980-аад оны сүүлчээр  Сүхбаатар аймаг дахь "Үнэн" сонины тусгай сурвалжлагчаар ажиллаж байхдаа тус Утга зохиолын салбарыг бэхжүүлэх, утга зохиолыг хөгжүүлэхийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж байсныг  уран бүтээлч нөхөд нь энэ үеэр  онцлон тэмдэглэж байсан юм. Тухайлбал, түүний  санаачилгаар тал нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийн зохиол бүтээлийн эмхэтгэл “Дарьганга аялгуу” ном тухайн үед хэвлэгдэж олны хүртээл болж байв. Мөн аймгийн хэмжээнд  “Болор цом” наадам зохион байгуулж, хүүхэд залуус идэвхтэй оролцож, Сүхбаатар аймгийнхан яруу найргаар  хөглөгдөн, олон хүн шүлэг зохиол сонирхож, Утга зохиолын салбар хүрээгээ тэлсэн. Түүний дотор миний бие багтаж, анхны шүлгүүд минь “Дарьганга аялгуу” номд хэвлэгдсэн байдаг юм.

Сүхбаатар аймагт Утга зохиолын салбар үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр "Дорнын хүлэг-2024" оны шилдэг шүлэг шалгаруулах наадмыг Сүхбаатар аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан. Мөн аймгийн номын сангаас санаачлан тус аймгаас төрсөн зохиолчдын 160 гаруй номоор сэдэвчилсэн үзэсгэлэнг дэлгэж уншигчдад сонирхуулав.

“Дорнын хүлэг” яруу найргийн наадмын эхний шатанд 35 найрагчийн 70 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 20 найрагч тунаж үлдсэн. 20 найрагч тайзнаа шүлгээ дуудаж, шүүгчдийн саналаар яруу найрагч У.Буд тэргүүлж, дэд байрт  "Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Батсайхан,гуравдугаар байрт  Ч.Эрдэнэбаатар нар орлоо. Тусгай байрын шагналыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Төгсжаргал, яруу найрагч Ж.Өлзийбат нар хүртэв. Наадмыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Лутбаяр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Бор, МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Г.Баатарнум  нар шүүсэн юм. 70 жилийн ойдоо тус аймгаас төрөн гарсан уран бүтээлчид тал талаас хуран чуулсан бол МЗЭ-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал О.Энхжавхлан уригдан оролцсон. Мөн Хэнтий, Дорнод аймаг дахь МЗЭ-ийн салбарын хамт олон, зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирж, шүлэг найргаа уншиж, халуун баяр хүргэлээ.

"Дорнын хүлэг" яруу найргийн наадмыг Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр сүүлийн гурван жил дараалан ивээн тэтгэж байгаа юм. Тэрбээр энэ жилийн наадмыг мөн уламжлал ёсоор ивээн тэтгэж, бие төлөөлөгчөө илгээсэн байв. Энэ үеэр түүхт ойгоо тэмдэглэж, нүсэр ажил амжуулсан аймгийн утга зохиолын салбарын дарга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ц.Оюундэлгэр, аймгийнхаа зохиолчдын байгууллагын түүхийг сайн судалсан “Нэвтэрхий толь” шиг мэдлэгтэй "Жаахан шарга" театрын Ерөнхий найруулагч З.Далай нарт уран бүтээлчид баярлаж талархснаа илэрхийлж байлаа.

Сүхбаатар аймгийн яруу найрагчид зөвхөн уран зохиолын төрөл жанраар бүтээж туурвиад зогсохгүй сэтгүүл зүйд цахиур хагалсан нэртэй нийтлэлчид гэдгийг хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Б.Магсаржав  “Саруул талын найрагчид” бүтээлдээ хэдэн жилийн өмнө онцолсон байдаг. Мөн Төрийн шагналт, цогт эх оронч О.Дашбалбарын гарын шавь, утга зохиол судлаач, яруу найрагч Х.Сүглэгмаа “Сүхбаатарчуудын уран бүтээл ус нутагтайгаа салшгүй холбоотой ундран гарч явсан явсаар дэлхийн хэмжээнд үнэлэгдэх хэмжээнд хүрсэн” хэмээн тэмдэглэсэн нь бий.

МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын 70 жилийн ой ийнхүү өргөн дэлгэр боллоо. Монголын утга зохиолын ертөнцөд тод мөрөө үлдээх шинэ үеийнхний дуу хоолой “Дорнын хүлэг-2024” наадмын тайзнаас тод сонсогдож байлаа.

"ДОРНЫН ХҮЛЭГ-2024" яруу найргийн наадмын ТЭРГҮҮН байрын эзэлсэн МЗЭ-ийн гишүүн Уртнасангийн Будын шүлэг

МОНГОЛ АДУУ

Сүрэг сүргээрээ өсгөлөн

Сүлд хийморь нь босоо

Төрсөн нутагтаа омголон

Төрийнхөө сүлдэнд амгалан

Дөрвөн туурандаа галтай

Дөрөөн сурандаа тэнцвэртэй

Дөмөн дөмөн алхаанд нь

Дөрвөлжин бие нь тэгширсэн

Хур дэлэндээ шүншигтэй

Хуйларсан тоос нь өлзийтэй

Самбай сүүл нь шуулттай

Самсаа мэлмий нь салхитай

 

М олор эрдэнийг адуу гэнэ       М

О чир эрдэнээр зүйрлэн бодн  О

Н огт хазаартай даль жигүүртэН

Г ийнгоо марзайтай гал омо     Г

О рчлонд цуутай хүлэг морьдоО

Л ундаа сэргээх суман гүйдэ    Л

А лтан тууртай ажнайда           А

Д ээлтэй түмний дэлтэй шувууД

У удам холын хурд мин             У

У лс Монголын сүлд мин           У

 

Одтой тэнгэрийн доор

Босоо зүүрмэг амраад

Гүрэн гүрнийг дамжаад

Гүйгээд ирдэг хийморьтой

Хээлэнд зарагдсан унага нь

Хээрийн салхиар амисаж

Галтай улаан тамганыхаа

Хээг нь тодоруулж хатирдаг

Адуу уусан усыг

Аршаан гэж амсдаг

Тал бүтэн хомоолыг нь

Тан гэж, сан уйгуулдаг

 

М олор эрдэнийг адуу гэнэ       М

О чир эрдэнээр зүйрлэн бодн  О

Н огт хазаартай сул жигүүртэ   Н

Г ийнгоо марзайтай гал омо     Г

О рчлонд цуутай хүлэг морьдоО

Л ундаа сэргээх суман гүйдэ    Л

А лтан тууртай ажнайда           А

Д ээлтэй түмний дэлтэй шувууД

У удам холын хурд мин             У

У лс монголын сүлд мин           У

 

Хээрийн салхитай талдаа

Зээрэн сүрэгтэй гүйдэл хувааж

Цэнтэй мөнгөн эмээлийн

Гантай жийжүүг харшуулан

Чингис эзнийхээ хөвгүүдтэй

Дэлхийн талыг туулаад

Өөдөө дүртэй эрстэйгээ

Өнгийх дайсныг дараад

Буун дуунд халираагүй

Буцаж ухарч халшраагүй

Эзэн нь эрсдвэл сахиад үлддэг

Эмээл нь ховхорвол салхиар амьсдаг

М олор эрдэнийг адуу гэнэ       М

О чир эрдэнээр зүйрлэн бодн  О

Н огт хазаартай сул жигүүртэ   Н

Г ийнгоо марзайтай гал омо     Г

О рчлонд цуутай хүлэг морьдоО

Л ундаа сэргээх суман гүйдэ    Л

А лтан тууртай ажнайда           А

Д ээлтэй түмний дэлтэй шувууД

У удам холын хурд мин             У

У лс монголын сүлд мин           У

 

Халуун цөлийг туулахад

Хатуужил тэвчээрээр шалгарсан

Харийн нутагт эндэж

Хайртай бүхнээ хамгаалсан

Хатан зоригт монгол адууг

Магтаад бахдаад дундрашгүй

Монгол төрийн хойморт

Залаатай байхын тавилан бий

Сүлдний хүлэг бүтэн байвал

Сүүн цацалтай амгалан оршвол

Эзэн нь байхын заяа түшиж

Эргээд тэгшрэхийн зол бүрдэх

 

М олор эрдэнийг адуу гэнэ       М

О чир эрдэнээр зүйрлэн бодн  О

Н огт хазаартай сул жигүүртэ   Н

Г ийнгоо марзайтай гал омо     Г

О рчлонд цуутай хүлэг морьдоО

Л ундаа сэргээх суман гүйдэ    Л

А лтан тууртай ажнайда           А

Д ээлтэй түмний дэлтэй шувууД

У удам холын хурд мин             У

У лс монголын сүлд мин     У

2024 он                                                                                        

 

ШҮЛГИЙН ДЭВТЭР

 

Залуу наснаас заяагдаж

Задгай онгодоо хавчуулсан

Хайрын дөрвөн мөртөөр

Халгиж хоёул дэрвэсэн

Үзгээр сийлсэн бадагаа

Хуудсан завсараа өлгийдөж

Үйлс гавьяа бүхнийг

Хуучирсан биедээ дүүргэсэн

Болсон болоогүй бүхий л

Бодлоо сийрүүлж багтаадаг

Богц өврөөс минь огт салаагүй

Бор халтар шүлгийн ДЭВТЭР МИНЬ

 

Дэнгийн гэрэл нарны тусгалыг

Хуудас бүхэндээ шингээсэн

Дэлхийн сонин дэргэдийн юмсыг

Дэнсэлж харьцуулж тунгаасан

Айраг сөгнөсөн найран дээр

Найраг цалгиаж дэлгэгдсэн

Хүлэг үүрсэх үүрээр

Шүлэг тэрлэж сөхөгдсөн

Санасан бодсоноор жигүүрлэн

Саруул орчлонг өртөөлж

Сар жилээр надтай ханилсан

Саарал өнгөтэй шүлгийн ДЭВТЭР МИНЬ

Аялгуун аниртай дууны үгс

Амрагийн болзоотой хайрын үг

Хийморь далласан адууны тоос

Хоймор налайсан аавын төрх

Уужуу бодлын сэхээрэл

Унаган тархины ухааралаар

Ээжийн бүүвэйтэй уярал

Эрдмийн гоёлтой учралаар

Ном болсон бүтээлүүдийн

Ноорог бадгийг өвөртөлж

Хүний юмсыг хадгалсан

Миний муусайн ДЭВТЭРҮҮДЭЭ

Үзгэн бэхний баалсан мөртэй

Үүлэн дуслын бүдэг цоохортой

Хэнзхэн навчис хуудсанд нь хатсан

Хээрийн салхины анхилам үнэртэй

Холоо уртын аялалд

Өдөр өнжин дэлгээтэй

Хоног сарын нугачаанд

Өгөөж арвин бүтээлтэй

Мөнгөн дурсамж мөнхөлсөн

Мянган шүлгийн шадтай

Надаас уртаа насалж

 

Намтар өртөөлөх шүлгийн ДЭВТЭР МИНЬ

Сунтаг торгоор жанчлаагүй ч

Судар боть шиг дээдэлж явдаг

Бүтээл бүхний шадыг тодоруулсан

Бүтэн найргын эх дэвтэрүүд

Оюуны тунамал гэгээн оньс

Огшиж ундрах тэр л цагаар

Онгод задгайрч цалгих үеийн

Охь нэрмэл шилмэл үгстэй

Өвгөн буурал найрагчийн

Өөрөөс төрсөн авшигтай

Өв хөрөнгө нь болсон            

Өнгө өнгийн ДЭВТЭРҮҮД МИНЬ ЭЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top