Л.БАЙГАЛМАА: Тогтворгүй бодлого, гэнэтийн өөрчлөлтүүд боловсролын хөгжилд саад болж байна

2024 оны 11 сарын 21

Сүхбаатар аймгийн БШУГ-ын дарга асан Л.Байгалмаатай ярилцлаа. Тэрбээр гавьяаныхаа амралтад гараад удаагүй байгаа. Боловсролын салбарт 35 жил ажилласан, энэ салбарыг А-Я хүртэл мэднэ гэвэл хилсдэхгүй нэгэн.


-Та боловсролын салбарт 35 жил ажиллаад тэтгэвэртээ гараад хагас жил орчим болжээ. Амраад өдөр хоногийг хэрхэн өнгөрөөж байна. Зүгээр суугаагүй байх?  

-Би боловсролын салбарт багш, арга зүйч, захирал, газрын дарга гэсэн дөрвөн албан тушаалыг хашсан, шатлан дэвших зарчмаар явсан, багшаас ахлах түшмэлийн тэргүүн зэрэгтэй болсон төрийн жинхэнэ албан хаагч байв. Одоо эргээд бодоход яг л робот шиг ажиллаж байжээ. Өглөө 8:30 цагаас орой 20:00 цаг хүртэл, бас амралтын өдрөөр ч ажиллана. Ээлжийн амралтаа бүрэн эдлэх боломж ч гардаггүй байлаа. Ийм л цагтаа багтдаггүй их ажилтай байж. Гэхдээ ажилдаа дуртай байсан болохоор түүртэж, ядарч байгаагүй. Энэ нь хөдөлгөөний хомсдолд оруулж байсныг гэртээ суугаад л шууд мэдэрсэн. Чөлөөтэй болсон өдрөөс эхлэн хэчнээн удаа орж гарч, хашаандаа байгаа мод, зүлэг, цэцгээ арчилж эхлэхэд хөдөлгөөн ямар чухлыг ойлгосон доо. Тэгээд л шууд эрүүл мэнд нэгдүгээрт болж, эрт илрүүлэгийн үзлэгт орсон. Одоо бол их ачааллаас бүрэн чөлөөлөгдөж, өөрийн тааваар байх сайхныг мэдрээд сууж байна. Тэтгэвэртээ гарсандаа таатай байгаа. Надад хоёр том ажил үлдсэн байсан. Эхнийх нь хэдэн жил завсарласан салбарынхаа Спортын наадмыг зохион байгуулсан. Нөгөөх нь Монгол Улсын гавьяат багш Ш.Чулуунборын “Гэгээрэлд хөтөлсөн гэрэлт зам” нэртэй аймгийн боловсролын байгууллагын 100-гаад жилийн түүхийн номын редактораар ажиллаж байгаа. Дуусах дөхөж л байна. 

-Та олон жил боловсролын салбарт удирдах түвшинд, мөн аймгийн Боловсролын газрын даргаар ажилласан хүн. Өндөр боловсролтой, ёс суртахуунтай иргэн бэлтгэх, суурь боловсрол олгох өнөөгийн түвшин ямар байна. Энэ салбарын алдаа оноо, сайн мууг мэдэх хүний хувьд таны бодол, бас ахицтай зүйл юу байна?

-Тийм ээ. Боловсролын салбарын сүүлийн 35 жилийн ахиц амжилт, алдаа оноог дүгнэж, цэгнэж боддог. Сургалтын хөтөлбөрт анх удаа англи хэлний хичээлийг оруулах болж, 1991-1992 онд англи хэл заах багш нарыг МУИС-д бэлтгэсэн. Ингээд англи хэлний багш болж хувирснаар би боловсролын томоохон шинэчлэлтэд орж эхэлсэн дээ. “Сурган заах аргын кабинет” нэртэй байсан байгууллага 1994 онд өргөжин “Боловсролын төв” болж шинэчлэгдэн байгуулагдсан. Тэр үед би гадаад хэлний арга зүйчээр ажиллаж эхэлсэн. Энэ үеэс л боловсролын салбарын өөрчлөлтүүд эхэлсэн. Өмнө нь олон жилийн тогтвортой системээр явж байсан. Тэр цагаас өнөөг хүртэл маш их өөрчлөлтийг хийхэд оносон буюу үр дүнгээ өгсөн нь ч байна, үр дүнгүй алдсан нь ч байна. Энэ нь улс төрийн нөлөө, төр, засгийн тогтвортой байдал, зөв бодлогоос шууд хамааралтай. Жишээ нь, 1994-2024 хүртэлх 30 жилийн хугацаанд аймгийн боловсролын газрыг дөрвөн дарга удирдсан байдаг. Өөрөөр хэлбэл, олон жил тогтвортой удирдана гэдэг салбарт тодорхой ахиц гарах нэг нөхцөл юм даа. Түүн шиг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар ч олон солигдож байгаагүй. Сүхбаатар аймгийн боловсролын салбарын ахиц, амжилт үүнтэй холбоотой. Аль ч сургууль, цэцэрлэгт очоод ажиллахад ур чадвар, ажил үйлсээрээ туршлагажсан боловсон хүчнийг бэлтгэсэндээ би баяртай байдаг. Олон жилийн бидний хамтын ажиллагааны үр дүнд аймаг, сумын сургууль, цэцэрлэгийн ялгаа улам багассаар байгаа. Аймгийн төвийн сургууль, цэцэрлэгээс дутахааргүй орчинтой, үйл ажиллагаатай байгууллага суманд бий. Манай аймгийн сургууль, цэцэрлэгийн хамран сургалт, нягтаршил улсын хэмжээнд хамгийн өндөр. Сумдад 200-аас дээш хүүхэдтэй цэцэрлэг, 1000-аас дээш сурагчтай сургууль олон. Төрийн бодлогыг бүхий л талаар орон нутагт чадлынхаа хэрээр л хэрэгжүүлж ажилласан.

Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд сайн менежменттэй, хөтөлбөртэй сургууль, цэцэрлэг нэмэгдэж байна. Өсөж хөгжиж байгаа бага насны хүүхдүүд, аймаг улсаа төлөөлөн олон улсад онцгой амжилт үзүүлж байгаа хүүхдүүдийг харахаар Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, бахархмаар. Нөгөө талдаа хийгээд, хичээгээд байхад олон бэрхшээл, алдаа гараад байхаар ирээдүй бүрхэг мэт санагддаг. Боловсролд хамгийн их саад болж байгаа зүйл улс төрийн нөлөө, тогтворгүй бодлого, үр дүн тодорхойгүй огцом өөрчлөлтүүд гэж би боддог. Жишээ нь, 2016-2020 онд боловсролын дөрвөн сайд солигдож ажилласан. Энэ чинээгээр бодлогын залгамж холбоо алдагддаг. Сайд бүр өөрийн санаачилж хэрэгжүүлэх бодлого, шийдвэр хөтөлбөр гаргах гэж хичээнэ. Ингэхээр үр дүнг үзэх боломжгүй дутуу хагас ажлууд сайдаас сайдын хооронд үргэлжилнэ, үүнийг нь багш нар үүрнэ. Огцом өөрчлөлт багш, хүүхдүүдийг ихээхэн барьц алдуулдаг. Хөгжлийн хамгийн том саад энэ шүү дээ. Харин 2020-2024 онд Л.Энх-амгалан сайд  дажгүй ажилласан. Хууль, эрх зүйг шинэчилж батлуулсан, зургаан том шинэчлэлийг эхлүүлэх гэж зүтгэсэн. Гэхдээ л бас бодлогын зарим алдаа гаргасан.

Боловсролын салбар бол хүний хөгжлийн суурийг тавьж, хөгжүүлэх хамгийн том салбар. Гэтэл хүний ялангуяа хүүхдийн хөгжлийг бодлого нь гүйцэж чадаж байна уу. Араас нь л хөөгөөд байна, хэзээ гүйцэх нь тодорхойгүй. Ялангуяа ийм том салбарт мэргэшсэн судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэж, ажиллуулахгүй бол зөвхөн улс төрд үйлчилдэг, “цүнх баригч”, мэргэжлийн бус, чадваргүй хүмүүс төрийн бодлогыг гаргаж, түүнийг нь хэрэгжүүлж байгаагаас  хөгжил урагшлахгүй зогсонги байдалд орж, бүр ухрах төлөвтэй болж байна гэж боддог.

Манай аймгийн хувьд, олон жил энэ салбарт хичээн ажилласны хувьд өөрийн орон нутгийн боловсролын ажил үйлс тогтвортой, алдаанаасаа ахиц нь илүү байгаа гэж боддог доо. Бусад аймгаас ялгаатай зүйлүүд байна. Өмнө дурдсан нягтаршил байна. 1998 оноос хойш тасралтгүй хийж байгаа статистикийн дүгнэлт, эмхэтгэл төлөвлөлтийн үндэс болдог. Мөн 2003 оноос хойш одоог хүртэл сургууль, цэцэрлэгийн ажил, үйлчилгээнд тоон болон чанарын үнэлгээ хийдэг нь ахиц амжилтын суурь гэж үздэг. Ийм үнэлгээг хийдэг аймаг ховор. Орон нутгийн засаг захиргаа, төрийн болон ТББ-тай хамтран ажиллах, ойлголцох чухал.

-Боловсролын салбарын хөрөнгө оруулалт улсын төсвийн нэлээд хувийг эзэлдэг. Тэр хөрөнгө оруулалтыг  хаана авч зарцуулах, бас тендерийн асуудал байна. Баруун-Урт сумын III сургуулийн шинэ барилга 5-6 жил жил баригдлаа. Тэр сургуулийн барилгыг ашиглалтад орохыг хүлээсээр байтал дахин сургууль хэрэгтэй болж байна. III сургуулийн  барилга ашиглалтын хугацаа дуусан гэсэн. Гэтэл I, II сургууль аваад ашиглаж байх жишээтэй.  Гурван ээлжээр хичээллэхгүй байх боломж бүрдлээ гээд л яриад байх юм...?

-Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлоготойгоо уялдах ёстой.  Хөрөнгө оруулалтыг сургалтын болон боловсролын бүхий л үйлчилгээний чанарт ахиц гаргах, хүүхдийн хөгжлийг хангахад л чиглүүлж хийдэг. Иймээс хүртээмжийг сайжруулах асуудал нэгдүгээрт байдаг. Манай газрын хувьд 2013 оноос хойш жил бүр боловсролын байгууллагуудын санал, нөхцөл байдал, дүгнэлтэд үндэслэн хаана цэцэрлэг, сургууль, дотуур байр шинээр барих, их болон урсгал засвар хийхийг эрэмбэлж аймаг, яам, УИХ-ын гишүүдэд тогтмол танилцуулж, улс, орон нутгийн төсөвт суулгах, олон улсын байгууллагуудад хандахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Хуулийн өөрчлөлтөөр сүүлийн жилүүдэд орон нутаг их болон урсгал засвар хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх  үүргийг хүлээдэг болсон тул орон нутгийн засаг, захиргаатай маш нягт хамтран ажиллах шаардлагатай. Мөн сүүлийн жилүүдэд улсын төсвөөр баригдах барилга байгууламжуудын эрх орон нутагт шилжиж ирдэг болсон. Улсаас тендерт шалгаруулсан барилгуудын гүйцэтгэлд хамгийн их зөрчил, саад гардаг. Одоо болтол манай аймгийн Эрдэнэцагаан сумын 640 хүүхдийн сургууль, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга дуусаагүй 4-6 жил болж байна. Харин 2022 оноос хойшхи орон нутгийн шалгаруулсан барилгууд бүгд ашиглалтад орсон. Хамгийн удаан хүлээлгэсэн нь Баруун-Уртын V сургуулийн барилга. Тендер нь 2017 онд аймагт зарлагдсан. таван тэрбумаар эхэлсэн барилга 2024 онд 10-аад тэрбумын өртөгтэйгөөр дууссан. Энэ хугацаанд төвийн сургуулиудын ачаалал хүндэрч, хүүхдийн тоо нэмэгдсээр, бүгд л бараг гурван ээлжээр хичээллэлээ. Мэдээж дахиад сургууль хэрэгтэй. 2024-2026 онд баригдах шинэ сургуулийн барилга эхэлж байгаа байх. Тэр болтол I, II сургууль,  III сургуулийн хуучин барилгыг ашиглахаас өөр гарц байхгүй. Энэ барилгад 2013 онд нэг тэрбумын их засвар хийж, дахин ашигласан ч барилгын чанар муудсаар байгаа. Аймгийн төвийн цэцэрлэгүүдийн барилга хуучирсан, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор зарим барилгыг цэцэрлэгийн зориулалттай болгон их засвар хийж шинээр IX, X, XI цэцэрлэгийг нээсэн. Цаашид XII, XIII  цэцэрлэг биш I цэцэрлэг шиг хуучин цэцэрлэгээ 200 хүүхдийнхээр өргөжүүлж, шинэ цэцэрлэг рүү шилжүүлэх нь оновчтой шийдэл болно байх. Хамран сургах тойргийн зарчимд ч нийцнэ. Ер нь төлөвлөлт чухал. Одоо 12 жилийн сургууль 11, есөн  жилийн сургууль тав  хичээллэж байна. Баруун-Урт, Мөнххаан суманд 640 хүүхдийн сургууль, Түвшинширээ суманд 320 хүүхдийн сургууль сууриа тавьсан. Хэд хэдэн шинэ цэцэрлэг ашиглалтад орсон. Баруун-Уртын II сургуульд өргөтгөл зайлшгүй хэрэгтэй. Энэ мэтээр хүн амын өсөлт, сургуулийн хэв шинжтэй уялдуулах шаардлагатай л даа. Сүхбаатар аймагт засаглалын бодлого тогтвортой байна. Үүний үр дүнд шинээр барих, их болон урсгал засвар хийх хөрөнгө оруулалт төлөвлөлтөөрөө явагдаж байна. Төр засгаас бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны 00, ариун цэврийн барилгатай болгох хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбумын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2025 онд дуусгана. Манай аймгийн сумдад гайгүй хийгдэж  байна.

-Шинэ залуу багш нар төвлөрсөн газруудад ажиллах, тухайлбал аймгийн төвд амьдрах хүсэл сонирхол их байна уу даа?

-Хүн хүний хүсэл сонирхол өөр өөр л дөө. Манай аймгийн хувьд суманд ажиллах орчин нөхцөл аймгийн төвөөс ялгаагүй жигд. Ачаалал, нэг багшид ногдох хүүхдийн тоогоор арай илүү таатай. Харин сумдад амьдрах орон байр хэцүү шүү. Багшийн хомсдол улсын хэмжээнд нэмэгдсээр байгаа. Манай аймгийн хувьд хэд хэдэн мэргэжлээр багш шаардлагатай. Эмэгтэйчүүд их ажилладаг болохоор түр ажлын байр нэлээд гардаг. 11 сургууль өнөөдөр бүрэн дунд боловсрол олгож байгаа тул өөрсдөө дутагдах боловсон хүчнээ бэлтгэх бодлого барих шаардлага байна. Аймгийн хэмжээнд Багш сонгоныг хичээллүүлэх, сумд оюутнууддаа сургалтын төлбөр, орон байр бусад дэмжлэгийг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэтээр санал санаачилга, шийдлүүдийг гаргах байх. 

-Та 2022 онд цахимд оруулсан байсан даа. Санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, багш нарын цалинг нэмэгдүүлбэл сургалтын чанарт ахиц гарна гэж...?

-Тийм. 2022 оноос энэ асуудал Л.Энх-Амгалан сайдын үед хүчтэй яригдаж, хэрэгжиж эхэлсэн. Цалин улсын хэмжээгээр Засгийн газрын шийдвэрээр жигд нэмэгддэг. Эмч, багш нарыг ялгаварлахгүй гэсэн бодлого барьдаг. Төсвийн шинэчлэлийн хүрээнд багшийн хувиасаа гаргадаг зардал багассан. Өөрөөр хэлбэл, цаас, шохой гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүнээ өөрөө л бэлтгэдэг байлаа. Одоо бол сургууль, цэцэрлэгийн хичээл практик, мэдээлэл технологи, мэргэжил дээшлүүлэлт, эрүүл мэндийн зардал төсөвт нь хуваарилагдаж ирдэг болсон. Энэ нь нэг талдаа эдийн засгийн  хөшүүрэг болж байгаа. Үүнээс гадна үр дүнгийн урамшууллыг Гүйцэтгэлийн үнэлгээгээр олгодог болсон. Багшийн ур чадвар, хүүхдийн сурлагын амжилт, хүмүүжил оролцоо, хүүхэд хамгаалал, орчин бүрдүүлэлтийг хамруулсан энэ үнэлгээнд багш, удирдлага, эцэг эх, суралцагч оролцдог. Жил бүр бүх багшийн болон байгууллагын үнэлгээг хийдэг. 1-4 дүгээр индексээр шалгагдсан бол үндсэн цалингийн 10-40 хувийн нэмэгдлийг сар бүр авч байна. Ер нь ямар ч ажлын гүйцэтгэл маш чухал.

Гэвч үүгээр багшийн цалинг хангалттай гэж огт хэлж болохгүй. Ер нь монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж хэтэрхий доогуур. Би заримдаа бухимдахдаа “Хүний хөдөлмөрийг мөлжигч  төр” гэж шүүмжилдэг. Цалин, хөдөлмөрийн хөлс бага байгаагаас шалтгаалж  хэдэн зуугаараа эх орноо орхин гадагшаа явж байна. Цалин нэмэх болохоор баахан салбарыг хооронд нь барьцалдуулдаг жишигтэй. Гэтэл багш, эмч, цагдаа хүний хөдөлмөр тэс өөр. Багшийн хүүхдийн төлөө хийж байгаа үйл, сэтгэл зүтгэлийг үнэлэмжтэй болгох хэрэгтэй. Ядаж дэвтэр засах, дугуйлан клуб ажиллуулах, ганцаарчилж ажиллах гээд ямар ч хөлсгүй ажлуудыг үнэлэх хэрэгтэй. Цалин хангалттай байхад багшийн хомсдол гарахгүй, ажлын чанар сайжирна.  Сайн багшгүйгээр боловсролын өөрчлөлт хийгдэхгүй, үр дүн гарахгүй л дээ.

-Хувийн сургуулийн багш нар өндөр цалинтай, сургалт нь ч өндөр төлбөртэй байна?

-Хувийн сургуулийн орчин тасархай сайн байна шүү дээ. Тэгээд өндөр төлбөртэй сургуулийн сургалтын хөтөлбөр бүр сайн байна. Сургалтын хөтөлбөр нь сайн болохоор түүнээ дагаад багшийн ур чадвар өсөж байна. Тэр сайн хөтөлбөрөө эцэг, эхчүүдэд илүү тодорхой  ойлгуулж байна. Зөвхөн нэг ээлжээр хичээллэдэг болохоор анги танхим чөлөөтэй, хүүхдүүд өөрийн сонголтоор суралцахад цаг заваа зарцуулдаг. Сонгосон хичээлүүдээ илүү гүнзгийрүүлж үзэх боломжтой. Олон улсын хөтөлбөртэй сургуулиуд англи хэлийг түлхүү зааж байна. Хүүхэд цөөн байна.  Томоохон сургуулиуд цэцэрлэгтэй байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсролоос эхэлж байна. Тэгэхээр эцэг эхчүүд өр зээл хийж байгаад ч болов хүүхдээ хувийн сургуульд  эрт өгч сургахыг хичээдэг болжээ. Мөн хувийн сургуулиуд эцэг, эхээс нь төлбөр авахаас гадна улсаас татаас авч байна.

-Аймгийн төвд сайн хөтөлбөртэй хувийн сургууль ажиллуулж болно доо?

-Миний мэдэхийн бараг Засаг дарга бүрийн мөрийн хөтөлбөрт хувийн сургууль, цэцэрлэгийг дэмжинэ гэж оруулдаг байсан. Хувийн цэцэрлэг сургууль байгуулахад миний бодлоор сайн орчин, сайн хөтөлбөр, сайн багш гурав нэн чухал. Төрийн сургуулиас илүү орчин бүрдүүлэхэд нэлээд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ялгаатай буюу сайн хөтөлбөр /хичээл/ гаргаж, түүний дагуу ур чадвартай багш ажиллуулж өндөр цалин өгөх болно. Үүнтэй уялдан сургалтын төлбөр тогтооно. Ингэж бодохоор хувийн сургууль, цэцэрлэг байгуулах боломж амар биш байх л даа. Гэхдээ орон нутгаас ийм санаачилгыг дэмжихэд бэлэн байдаг. Хүмүүст санал болгож байсан. Миний бодлоор хувийн “цэцэрлэг-бага сургууль”-ийн бүтэц /комплекс/ зүгээр санагддаг. Дээшлэх тусам дунд, ахлах ангиуд нэмэгдээд явчихна. 

-Манай аймгийн хүүхдүүд сүүлийн хоёр жилд ЭЕШ-ын оноогоор өндөр амжилт гаргаж байна. Эндээс аймгийн сургуулиудын сургалтын чанар сайн байна гэж харж байна. Багш, хүүхдүүд өөрсдөө хичээвэл боломжийн суурь боловсрол эзэмшиж болохоор юм шиг санагдах юм?

-Манай боловсролын систем олон жил үнэлгээний тогтолцоо байхгүй явж ирлээ. 2006 оноос конкурсыг Элсэлтийн ерөнхий шалгалт болгосон. ЭЕШ бол их дээд сургуульд элсүүлэх, босго оноотой шалгалт болохоос  ЕБС-ийг  төгсөх шалгалт биш. Гэхдээ улс даяар жагсаадаг, оноо дүн шударга гардаг, баримжаагаа хардаг ганц шалгалт тул бүхний анхаарлыг татдаг байлаа. Харин одоо бол сургуульд бэлтгэсэн байдлын үнэлгээ, чанарын үнэлгээ, гүйцэтгэлийн үнэлгээ гэх мэтээр СӨБ, бага, суурь боловсролын сургалтын чанарыг үнэлдэг тогтолцоо бүрдэж эхэлсэн.

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулах тал дээр олон аргаар үзсэн, хичээл зүтгэлийн үр дүн гарч байна. 2015 онд математикийн Ганболд багшийг авчирч гурван жил ажиллуулсан. ЭЕШ-ын дүн хэлбэлзэлтэй байсан. Тодорхой арга хэмжээнүүд авснаар 2019 оноос ахиц гарч эхэлсэн. “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-ын төгсөгч залуустай хамтарч багш нараа урамшуулах замаар сурлагын чанарт ахиц гаргах, ЭЕШ-ийн оноог ахиулах зорилт тавьж зүтгэсэн.

Ер нь тодорхой хэмжээний босгыг давтал, дээд сургуульд очоод сурах нөхцөлийг бүрдүүлтэл бэлдэнэ гэдэг ердийн хичээллэхээс илүү анхаарал тавих асуудал юм даа. Тэгэхлээр бид  2-3 зүйл дээр анхаарсан. 700-аас дээш оноо авч буй хүүхдээс босго хүрэхгүй байгаа нь их байсан тул  эхлээд доод оноотой хүүхдийн оноог дээшлүүлэх, сонгох хичээлийг оновчтой болгох, хэт олон шалгалт өгөхгүй байх зэрэгт анхаарч зөвлөмж чиглэлийг тогтмол өгсөн. Хамгийн олон хүүхэд сонгодог математик, англи хэл, нийгэм, монгол хэлний хичээлийн шалгалтын дундаж оноог дээшлүүлэх их чухал.

Сургууль бүр нарийн анализ, дүгнэлт хийдэг болсон. Орон нутгаас ур чадвартай, шилдэг багш нарыг олон хүүхэд бэлтгэх, өндөр оноо авахуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.

-Шинэ хичээлийн жилийн багш нарын бага хурал дээр аймгийн Засаг дарга 2021-2024 онд боловсролын салбарт 99.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар ярьсан. Тэр хөрөнгө оруулалт хаана, ямар ямар зүйлд зарцуулагдсан бэ?

-Улсын төсөв, орон нутгийн төсөв нийлээд тийм байх л даа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын төсөв орно. 2020 оноос хойш боловсролын салбарт үзүүлэх орон нутгийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Түүний үр дүнд хамран сургалт, боловсролын бүхий л үйлчилгээнд ахиц, үр дүн гарсан. Манай салбарт сургалт, хүүхэд хамгаалал, хоол үйлдвэрлэл, эрүүл аюулгүй орчин, багшийн хөгжил гээд олон чиглэлээр хөрөнгө оруулалт, дэмжлэг байнга хэрэгтэй болдог.  Нэлээд сургууль, цэцэрлэгийн урсгал засварыг орон нутгаас хийсэн. Хамгийн их хүндрэл барилга, халаалт, дээвэрт гардаг. Үүнээс гадна гал тогооны тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори кабинет, цахим орчин бий болгох, багш нарыг компьютержүүлэх, цэцэрлэгийг тоглоом наадгайгаар хангах зардлууд жил бүрийн аймаг, сумын төсөвт ээлж дараалалтай тусгагдаж хэрэгжсэн. Мөн олон төрлийн сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулах,шинэ инновацыг дэмжих гэх мэтээр тооцоход 100-аад тэрбум болсон.

-Хоёул боловсролын салбарын талаар нэлээд ярилцлаа. Та бол энэ салбарт чанагдсан хүний хувьд ингээд амарч байхдаа ч тухайн салбараа ажиглан харж байгаа. Салбарынхаа 10, 20 жилийн дараах өөрчлөлт, ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголын ирээдүй, улс орны хөгжил ямар байх нь боловсролоос шууд шалтгаална. Өнөөдрийн хоёр настнууд 16 жилийн дараа 18, хорин жилийн дараа  22 настай болно. Тэгэхээр хоёр настай хүүхэд эрүүл энх торниж, ямар  боловсрол эзэмшиж, ямар хүн болж төлөвшсөн байхаас улс орны хөгжил харагдана. Ер нь хүний хөгжлийг  нэгдүгээрт тавьж тултал нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тэгж л хандаж байна. Хүнээ хөгжүүлэх гэж бүхий л зүйлээ зориулж байна. Ирээдүйгээ бодоход, өөрийн ач зээгээ харахад тэдний маань ирээдүй сайхан байна гэсэн өөдрөг бодолтой  явдаг. Дэлхийд монгол хүүхдүүд цойлон гарч байгааг харахад бахархалтай сайхан байна.

Гэвч өнөөгийн дүр төрх, төрийн бодлого, хэрэгжилтийг бодохоор хэцүүхэн л санагддаг. Огцом, түр зуурын өөрчлөлтүүд залхаах, итгэлгүй болгох төлөвтэй. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг цэгцлэх цаг аль хэдийн болсон. Уялдаа холбоогүй агуулгатай, олон төрлийн хичээлийг цөөлөх, сонгож суралцах боломжийг бүрдүүлэх, асуудал бүрийг хичээл болгохоо болих хэрэгтэй л дээ.

Монгол Улсын монгол хүний ялгагдах онцлог байх л ёстой. Сүүлийн үед эх хэлээрээ зөв ярьж, бичиж, ойлголцож чадахгүй болсоор байгаад би эмзэглэдэг. Эх хэл бол үндэстний дархлаа. Гэтэл гадаад битгий хэл эх орондоо амьдарч байгаа хэр нь монголоор ярьж чадахгүй, ойлгохгүй түүнээс болж нээлттэй харилцаанд орохгүй болсон, бүр эх орноо ч мэдэхгүй улам холдож байгаа шинэ үе нэмэгдлээ. Энэ хэрээр монгол ёс заншлаасаа хөндийрсөөр хаанахын ямар хүн болох гээд байгааг ойлгохгүй боллоо. Хажуугаар нь цахим хэрэглээ, бичлэг сөрөг нөлөө үзүүлсээр. Эцэг эх, иргэд анхаармаар байна. Төр эрдэмтэн мэргэд, судлаач, мэргэжлийн хүний үгийг сонсмоор байна. Хугацаа алдаж байна. Боловсролын хөгжилд сөргөөр нөлөөлөх зүйл ихээр гарч байна шүү дээ. Хүн бүхэн шүүмжлэгчийн байр суурьнаас биш, соён гэгээрүүлэх талд нь анхаарч хандмаар байна даа. Энэ болгон цаг зуурынх байгаасай даа. Гэвч би боловсролоо өөдрөгөөр л төсөөлж байгаа.

 

Д.Улаанаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top