Ж.Болдбаатар: Төрийн бүрэн эрхт байдлыг Үндсэн хуульдаа баталгаажуулсан нь тусгаар тогтнолоо өнө бат хадгалах үндсийн үндэс болсон

8 цагийн өмнө

АНГЛИ, ЯПОН ШИГ ҮНДСЭН ХУУЛЬТ ХААНТ ЗАСАГ БАЙХААР ТОМЪЁОЛЖ БАЙВ

Монгол Улсын Ардын багш, академич Ж.Болдбаатарыг “Өглөөний зочин”-оор урьж, анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталсан цагаас хойш нэгэн зууныг үдлээ. Нэгэн зуун гэдэг таныхаар ямар хугацаа вэ. Тухайн үеийн Монгол орны нөхцөл байдал ямар байв?

-Зуун жил, нэгэн зуун хэмээхүй нь хувь хүний амьдралд төдийгүй бүхэл бүтэн нийгмийн үйл явдалд мэдэгдэхүйц ул мөр үлдээдэг багагүй хугацаа. ХХ зуун бол Монголын нийгмийн амьдралд эргэлт хийсэн олон дэвшил, зөрчлийг агуулсан он жилүүд байлаа. Энэ бүхнээс үндэсний түүхэнд хэзээ ч үл мартагдах, баларшгүй түүхэн үйл явдал бол үндэсний тусгаар тогтнолоо олж авсан, Бүгд Найрамдах засагт шилжсэн үйл явц яах аргагүй мөн. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, сэргэн мандалтын эхийг тавьж, VIII Богд Жибзундамбыг хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн. VIII Богд төр, шашныг хосолсон хэмжээгүй эрхт хаан болсон боловч улс орон дэлхийн жишгийг харгалзан яваандаа Бүгд Найрамдах засаглалд шилжих ёстойг улс төрийн хашир зүтгэлтний хувьд гадарлаж байв.

Тухайлбал, Богд хаант Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Сайн ноён хан Т.Намжилсүрэн эрдэмтэн Ж.Цэвээнд даалгавар өгч “Улс эрх” хэмээх үзэл баримтлалыг боловсруулж, Бүгд Найрамдах засагт шилжих үйл явц ямар байсныг тодорхойлж байлаа.

Монгол оронд 1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялсан. Үндэсний хэмээхүй нь өмнөд Монгол Манжид эзлэгдсэнээс 275 жил, Халх Монгол Манжийн түрэмгийлэлд автсанаас 220 жил, Ойрад Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 160-аад жилийн дараа үндэсний тусгаар тогтнолоо олсон, ардчилсан хэмээхүй нь монгол түмний их зонхид улс төрийн тэгш эрх, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох боломж олгосонд оршино.

Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд хэмжээт цаазат (эрхт) хаант ардын засгийг тогтоосон. 1921-1924 онд улс төр, нийгмийн олон өөрчлөлт хийснээр Бүгд Найрамдах засагт шилжих түүхэн нөхцөл бүрэлдсэн. Хувьсгал ялмагц Бүгд Найрамдах засагт шилжих бэлтгэл ажлыг хангасан байна. Юуны өмнө, 1921 оны наймдугаар сард олон хошуудын ард түшмэл ноёд, лам нар, МАН-ын төлөөлөгчид оролцсон нэгэн хуралдаан болж, Ардын эрхт хэмжээт цаазат засгийг дэмжиж буйгаа илэрхийлээд, Улсын Их Хурлыг хуралдуулахын хамт зөвлөх эрх бүхий Улсын түр цагийн хурал байгуулахаар тогтжээ. Энэ хурал нь Монголын нийгмийн янз бүрийн анги, давхрааны бодол санаа, хүсэл зоригийг илэрхийлсэн ардчилал, үндэсний нэгдлийн шинжтэй байгууллага байсан юм. Уг хурал Улсын Их Хурлыг хуралдуулах бэлтгэл хангах түүхэн үүргээ гүйцэтгээд 1923 оны эцсээр тарсан байна. Түүнчлэн 1921 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газар ба Богд хаан хоёрын хооронд байгуулсан “Тангарагийн гэрээ”-г байгуулсан. Энэ бол Ардын Засгийн газар, Богд хааны хоорондын харилцааг агуулсан баримт бичиг төдийгүй, Үндсэн хуулийн чанартай акт байжээ. 

-Анхдугаар Үндсэн хууль батлахын өмнө хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал юу юу багтах бол?

-1923-1924 онд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг шинээр үүсгэн, хошуудын угсаа залгамжлан захирах ёс, хамжлагат ёсыг халжээ. 1924 онд Халх дөрвөн аймаг, Их шавь, Хөвсгөлийн Урианхай ба Ховдын тариачин хошуу эдгээр долоон газарт арван гэр 9456, баг 1833, сум 540, мөн отог хурал байгуулагдаж, ойролцоогоор бодоход тэдгээр хуралд нийт хүн амын 20 орчим хувь нь шууд оролцож байв.

Төрийг удирдах хэрэгт олон түмнийг өргөнөөр оролцуулах хэлбэр болох арван гэр, баг, сум, хошуу, аймаг, шавь гэсэн бүтцийн төлөөлөгчдийн Хурал шат дараалан байгуулагдсан нь ардын төлөөлөгчдийн байгууллагын нэгдмэл тогтолцоо төлөвшин хөгжих үндсийг бүрдүүлжээ.

Бүгд Найрамдах засагт шилжих хамгийн том ажил бол улсын анхны Үндсэн хуулийг боловсруулсан явдал юм. Үүнд Монголын төр, засгийн удирдагчид, эрдэмтэн сэхээтнүүд санаа тавин ажиглаж байв. Тухайлбал, Ерөнхий сайд Д.Бодоо, эрдэмтэн Ж.Цэвээн нар тус бүрдээ Үндсэн хуулийн төсөл санаачлан боловсруулж байжээ. Тэд Монгол Улсын төрийн байгуулал, засаглалын хэлбэрийн хувьд хэмжээт эрхт хаант улс байхаар төсөөлж байсан нь төслүүдээс харагддаг. Тодорхой хэлбэл, Англи, Япон зэрэг орон шиг Үндсэн хуульт хаант засаг байхаар томъёолсон байна. Харин Үндсэн хууль боловсруулах ажлыг 1922 оны зун цагаас албан ёсоор эхлүүлжээ. 1922 оны тавдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын 21 дүгээр хурлаас Шүүх яамны тэргүүн сайд Х.Магсаржав тэргүүтэй эрдэмтэн Ж.Цэвээн, түшмэл Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй Үндсэн хууль боловсруулах анхны комиссыг томилжээ.

1922 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурлын тогтоолд: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулийг товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” хэмээн заажээ.

Тус комисс Англи, Швед, Бельги, Голланд зэрэг улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн шинж чанартай актууд болон бусад үлгэр болох баримт бичгүүдийг орчуулах, судлах ажлыг гүйцэтгэсэн байдаг.

 

“ХЯТАДЫН СУВЕРНИТЕТИЙГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ БОЛНО” ГЭСЭН НЬ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ҮЗЭЛТЭЙ УДИРДАГЧДЫГ ИХЭД ЦОЧООСОН

 

-Тухайн үед Коминтерний нөлөө их байсан. Тэр зүгээс шахалт, хавчлага үзэгдэж байв уу?

-Комисс Үндсэн хуулийн эхийг боловсруулах талаар, ялангуяа Үндсэн хуульт хэмжээт цаазат хаант засагтай орнуудаас үлгэр авахаар багагүй ажил хийсэн боловч, ажил урагшгүй байна хэмээн үзэж, татан буулгаж, 1922 оны арванхоёрдугаар сарын 29-нд тэрхүү ажлыг Засгийн газрын Хууль цааз эмхлэх хэлтэст хавсран гүйцэтгүүлэхээр тогтжээ. Энэ нь комиссын ажил урагшгүй байсанд биш, Үндсэн хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлалын асуудлаар төр, засгийн удирдах хүмүүс нэгдмэл саналгүй, мөн ЗХУ, Коминтерний зүгээс тодорхой хэмжээний дарамт шахалт үзүүлж байсантай холбоотой юм.

Энэ үед Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг яаравчлах дотоод, гадаад  нөхцөл үүссэн байдаг. ЗХУ, Коминтерний зүгээс Монгол Улсыг Зөвлөлт Бүгд Найрамдах засагт шилжүүлэх бүх талын шахалт ирж байв. 1924 оны тавдугаар сарын 20-нд хэмжээт эрхт хаан VIII Богд Жибзундамба таалал төгссөн нь Эвслийн шинжтэй Засгийн газрыг бүрдүүлсэн сөрөг хүчний нөлөөг үндсэнд нь үгүй болгожээ. Түүнчлэн 1924 оны тавдугаар сарын 31-нд “ЗСБНХУ, БНХАУ-ын хоорон дахь шийдэгдээгүй байгаа асуудлуудыг зохицуулах ерөнхий зарчмын тохиролцоо” хэмээх гэрээнд Лев Карахан, Веллинтон Кү нар гарын үсэг зурж түүнд “ЗСБНХУ нь гадаад Монголыг БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба тэндэх Хятадын сувернитетийг хүндэтгэн үзэх болно” гэсэн нь Монголын үндэсний ардчилсан үзэлтэй удирдагчдыг ихэд цочоосон байдаг. Үүнийг Монгол дахь Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчид албан ёсоор мэдэгдэхэд Солийн Данзан ихэд давчдан босоход, харин мэргэн сайд А.Амар Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчтэй “Арай үгүй байлгүй” хэмээн дуугарч тэрбээр дальдарч байсан гэдэг. Ийм нөхцөлд Бүгд Найрамдах Засгийг тунхаглах ажлыг яаравчилж, дэлхий дахины сонорт туурга тусгаар Монгол улс оршин тогтнож байгааг даруй тунхаглаж харуулах зүйтэй гэж санал нэгдэхэд хүргэсэн байна.

Ийм учраас 1924 оны зургаадугаар сарын 3-нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг зургаадугаар сарын 7-нд Намын Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “Харъяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, Дажунтан гэдэг их ерөнхий даргыг сонгохгүй улсын дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.

 

ЗХУ, КОМИНТЕРНИЙ ТУЛГАЛТААР АРГА БУЮУ ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛГОСОН

 

-Үндсэн хууль боловсруулах багт Зөвлөлтийн төлөөлөгчид орсон уу?

-Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг яаравчлахаас аргагүй болсон. Энэ ажилд туслахаар ЗХУ-аас хууль цаазын мэргэжилтэн урих болж, энэ хэргийг гүйцэтгэхээр П.Всевятский иржээ. Ардын Засгийн газрын 1924 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийг боловсруулж дуусгах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор толгойлуулан байгуулсан байна. Комиссын бүрэлдэхүүнд Элбэгдорж Ренчино, Жамсрангийн Цэвээн, Гомбобадамжав нар оржээ. Тэдэнд өөрсдийн тааллаар Зөвлөлт Орос улсаас хүмүүсийг урин ирүүлэх эрх олгож, гурван долоо хоногийн дотор гүйцэтгүүлэн ирүүлэхээр тогтсон байна.  Сүүлд Коминтерний бүрэн эрхт төлөөлөгч Т.Р.Рыскулов нэмж орсноор, Үндсэн хуулийн гол туурвигчдын нэг болсон юм.

Үндсэн хуулийн төсөл боловсруулах явцад Б.Цэрэндорж, Ж.Цэвээн нар асуудлыг үндэсний ардчилсан үзлийн үүднээс авч үзэхийг эрмэлзэж байсан боловч, ихэнх асуудлыг тулган хүлээлгэх замаар зөвшөөрүүлжээ. Ялангуяа Ж.Цэвээнд Коминтерний захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тухай зэрэг асуудлыг шууд л тулган тавьж хүлээлгэж байлаа хэмээн Коминтерний төлөөлөгчид төвдөө мэдээлж байжээ. Мөн Үндсэн хуулийн эцсийн төслийг комиссоор хэлэлцсэн тухай Т.Р.Рыскулов “Үндсэн хуулийн төслийг баталсан Төв Комиссын хуралдаан дээр комиссын гишүүн Жамсран байхгүй байв. Харин Цэрэндорж Үндсэн хуулийн талаар миний боловсруулсан төслийг бараг бүхэлд нь хүлээн авсан билээ”  гэж бичжээ.

Энэ бүхнээс үзэхэд, Ж.Цэвээн, Б.Цэрэндорж нар өөрсдийн үзэл бодлыг тодорхой илэрхийлж байсан нь ойлгомжтой бөгөөд гэвч хүчин мөхөстсөн байсан нь ойлгомжтой байдаг. Энэ комисс Үндсэн хуулийн төслийг боловсруулж дуусгахдаа:

1. ЗХУ, Коминтерний тулгалтаар арга буюу Зөвлөлт Холбоот улсын Үндсэн хуулийг үлгэр жишээ болгосон.

2. Ардын засгийн гурван жилийн ажиллагааны үр дүнг харгалзан үзсэн. Үүнд:

-Энэ хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлт гарч, Бүгд Найрамдах улс тогтоох нийгмийн уур амьсгалыг бүрдүүлсэн;

-Нийгмийн анги, бүлгүүд гарал угсаа, хөрөнгө чинээний байдлыг үл хамааран адил тэгш эрхтэй болсон, тухайлбал, хамжлагат ёсыг халсан.

-Төр, шашны харилцааг хуулиар зохицуулж, ард олны шүтэх, бишрэх эрхийг хангах зэргээр нийгэмд олон эшт үзлийг төлөвшүүлж эхэлсэн.

-Их гүрнүүдийн геополитикийн бодлогын улмаас тун амаргүй сонголтын өмнө тулж ирэн, тэдний дунд улс төрийн “ухаалаг” тоглолт хийхээс аргагүй байдалд хүрсэн.

Аргын тооллын 1924 оны арваннэгдүгээр сарын 8-нд Улсын анхдугаар их хурал Нийслэл хүрээнээ нээгджээ. Их хуралд олон аймаг, хошууд, шавийг төлөөлсөн 77 төлөөлөгч оролцсон байна.

Их хурал, юуны өмнө Ардын Засгийн газрын тайлан, яамд болон аймаг шавь, тусгай хошуудын илтгэлийг сонсон хэлэлцжээ. Их хурал, ардын засгийн гурван жилийн үйл ажиллагааны үр дүнг сайшаагаад уг асуудлаар гаргасан тогтоолд: “Манай Ардын Засгийн газраас тус улсын дотоод байдал нь хэдийгээр үлэмж бүдүүлэг, улсын аливаа хэргийг шийтгэхүй дор цаг тухайд нийлүүлэх зүйл үлэмж байсан боловч жинхэнэ ардын ёсыг үндэс зорилт болгож, өчүүхэн төдий хэлбийсэнгүй ямагт хичээн зүтгэсээр эдүгээ улсын уг суртал байдалд тавтайяа нийлэлцэх ард түмний эрхт Бүгд Найрамдах улс төр байгуулсан нь цөм зүйтэй” хэмээн заажээ.

-Үндсэн хуулийг хэлэлцэх явц ямар байсан бол?

-Улсын Их Хурлын хамгийн гол хэлэлцсэн асуудал буюу шийдвэр нь анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан явдал байв. Ерөнхий сайд, Үндсэн хууль боловсруулах комиссын дарга Б.Цэрэндорж Их хурлын арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд Үндсэн хуулийн төслийн зүйл нэг бүрээр нь хэлэлцүүлжээ. Ингэж хэлэлцүүлэхэд давхардсан тоогоор 60 гаруй төлөөлөгч үг хэлж, төсөлд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, төлөөлөгчдийн саналын үндсэн дээр Улсын Бага Хурлын бүхий л үйл ажиллагааг Улсын Их Хуралд тайлагнах ба хэрэв түүнээс гаргасан шийдвэр нь Ардын Засгийн газрын бодлого, хууль зүйд харшилбал түүнийг Их хурал хүчингүй болгож, Засгийн газрын гишүүд үйл ажиллагааныхаа талаар Бага хурлын өмнө шууд хариуцдаг байхаар Үндсэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулжээ. Нийслэл хотын нэрийн талаар олон янзын санал гаргаж, эцэст нь Улаанбаатар хэмээн нэрлэхээр тогтжээ. Их хурлын төлөөлөгчид ийнхүү нягтлан хэлэлцсэний үр дүнд 1924 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар батлах болоход хөдөөний нэг төлөөлөгчөөс санал гарсан тухай 1972 онд Улсын Их Хурлын төлөөлөгч асан Ц.Бавуу гуай “Бид шинэ тутам сэргээн мандаж байгаа улсаа тунхаглаж байж, нар бууравчилсан орой цагт батлах шаардлагагүй. Бэлгэ дэмбэрэлээ бодож, маргааш өглөөний хурлаар батлая гэсэн санал гаргасан. Төлөөлөгчид ч дэмжсэн” хэмээн ярьж байсан юм. Ийм нөхцөлд Ерөнхий сайд Б.Цэрэндорж “Үндсэн хуулийг өнөөдрийн хувьд ёсчиллоо. Жинхэнэ Бүгд Найрамдах улсаа маргааш өглөө тунхаглана” хэмээжээ. Чингээд 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өглөө Нийслэл хотын төв талбайд ард иргэдийн цуглаан хийж, шинэ Үндсэн хуулийг уншиж сонсгон ёслол үйлдэж БНМАУ-ыг Дэлхий дахинаа зарлан тунхагласан байна. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их Д.Нацагдорж Их Хурлын үйл ажиллагаанд биечлэн оролцсон гэрчийн хувьд энэ үйл явдлыг “Үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн” хэмээн тэмдэглэжээ.

-Анхдугаар Үндсэн хуулийн гол агуулга, ач холбогдол юу вэ?

-“Үндсэн хуульд Монгол Улсыг Бүрэн эрхт Бүгд Найрамдах Улс болгон тунхаглав” гээд уг хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж засгийн бүх эрх ардын хурлаар дамжин, ард олны гарт байх, тэрхүү хурал нь ардын төрийн улс төрийн үндэс болох тухай заасан байна. Мөн хоёрдугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт бол хуучин эзэрхэг харгисын ёс, суртлын үлдэгдлийг устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ” хэмээн ардын төрийн үндсэн зорилт, үүргийг тодорхойлжээ. Үндсэн хуульд ийнхүү Ардын төрийн улс төрийн үндсийг бататгахад чиглэсэн нөхцөлүүдийг тодорхойлохын зэрэгцээ, түүний эдийн засгийн үндсийг чухалчлан үзжээ.

Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно” гэж заасан нь ардын эрхт ёсны эдийн засгийн үндсийг бататгаж өгсөн явдал юм.

Үндсэн хуульд хамжлагат ёсыг халж, хүний эрх, эрх чөлөөний талаар тухайн үедээ үнэхээр дэвшилттэй заалт орсон боловч, “хүн амын ядуу, дунд давхаргыг” жинхэнэ ардын эвлэл”-д нэгтгэх тухай тусгай шийдвэр, Үндсэн хуулиар бусдыг зарж амьдрагч, худалдаачид, мөнгө хүүлэгчид, ван, гүн, хутагт хувилгаад, хүрээ хийдэд байнга суудаг лам нарын сонгох, сонгогдох эрхийг хассан зэрэг нь хүний эрхийг зөрчиж, ардчилалд хязгаарлалт тавьснаараа үндэсний ардчилсан зарчимд үнэхээр нийцэхгүй байв. Хуучин феодал ангийн эрхийг хязгаарлан хамжлагат ёсыг халах нь аливаа хөрөнгөтний ардчилсан хувьсгалын зорилт байдаг нь жам ёсны юм. Монголын 1921 оны хувьсгал бол хөрөнгөлөг ард малчдын хувьсгал байсан учраас ийм асуудал зайлшгүй тавигдсан байдаг.

Улсын анхдугаар Их Хурлын шийдвэрийг эдүгээгийн өндөрлөгөөс эргэн харахад зарим нэгэн түүхэн хязгаарлагдмал тал байгаа боловч тус хурлын түүхэн дэвшилт ач холбогдлыг наад зах нь дараах хэдэн үгээр цохон тэмдэглэж болох юм. Үүнд:

1. Шашин, төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант засгаас ардын эрхт хэмжээт цаазат хаант засаг, түүнээс Бүгд Найрамдах Засагт дэвшин орсон нь төрийн байгууллагын хувьд яах аргагүй нэн чухал дэвшилт нэгдэл юм. Энэ тухайд Азийн орнуудын эхний гуравт бичигдэж байна.

2. Монгол түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон юм. Энэхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын цөм нь үндэсний ардилсан үзэл болж байв. Хэдийгээр зарчмын хувьд Зөвлөлт Бүгд Найрамдах байгууллыг авсан ч Б.Цэрэндорж, Ж.Цэвээн  нарын үндэсний ардчиллын чиг шугам тусгагджээ.

3. Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг нэлээд дэлгэрэнгүй цогц утгаар нь анх удаа хуульчилжээ. Ялангуяа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэг адил тэгш эрхтэй болохыг хульчилж, Азийн орнуудын дотроос анхлан хэрэгжүүлэх эхлэлийг тавьжээ. Ардчиллыг сонгодог утгаар хэрэгжүүлж буй АНУ-аас өмнө бүх эмэгтэйчүүдэд тэгш эрх олгосон байна.

4. Тус хуульд нийгмийн зөвшил, үзэл бодлоо илэрхийлэх олон ургальч үзлийг дэлгэрүүлэх бололцоог олгожээ.

5. Монгол оронд анх удаа парламентат ёсыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, Улсын  Их Хурал, Улсын Бага хурлыг байгуулсан байна.

Энэ бүхнээс үзэхэд, 1924 онд Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах засгийг хэрэгжүүлсэн түүхэн ач холбогдол нь уг асуудлыг сөргөөр тавьж байгаа үндэслэлүүдээс үлэмж давуу болох нь ойлгомжтой юм. Ер нь Зөвлөлт Бүгд Найрамдах засгийг аваагүй бол Монголд өнөөгийн Өвөр Монголын ард түмний хувь заяа хүлээж байсныг хэлэх нь үнэнд ойрхон байх.

Улс орныхоо тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг Үндсэн хуульдаа баталгаажуулсан нь Монгол Улсын тусгаар тогтнолыг өнө бат хадгалах үндсийн үндэс болсон билээ.  Ийм ч учраас энэ үйл явдал бол монголчууд бидний тусгаар тогтнолоороо омогшин хөөрөх бас нэгэн бахархал гэж болно.

Анхдугаар Үндсэн хуулийн нэгэн чухал ач холбогдлыг академич Ц.Батбаяр, профессор Д.Лүндээжанцан нар тэмдэглэхдээ “ .... Монголын төрт ёсны түүхэнд Монгол Улс анх удаа орчин үеийн бичмэл Үндсэн хуулийн хэлбэр, бүтэц, агуулгыг хангасан Үндсэн хуультай болсон нь эрх зүйн хөгжилд том дэвшил авчирчээ.

Энэ ч чанараараа өнөөгийн шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэж батлахад хэлбэрийн төдийгүй агуулга, мөн чанарын талаасаа ч арга зүйн үндэс суурь болсонд түүний бас нэг түүхэн ач холбогдол оршино” хэмээн тэмдэглэсэн байна. Тухайлан хэлбэл, анхдугаар Үндсэн хуулийн голч чиг шугам нь 1940, 1960 оны Үндсэн хуульд түүхэн уламжлал, залгамж чанараа хадгалж, 1992 оны шинэ Үндсэн хуульд ч суурь үндэс болж өгсөн хэрэг юм.

-1992 оны Үндсэн хуулийн мөн чанарыг та юу гэж хардаг вэ?

-1992 оны Үндсэн хууль бол ямар нэг гаднын хүмүүсийн оролцоогүйгээр Монгол түмний том төлөөлөл асуудлыг ард түмэнтэйгээ зөвшилцөн илэн далангүй хэлэлцэж охьлон тунгаасан, хүний эрхийн хэм хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн баталсан Монгол улсын ардчилсан хөгжлийн гол тулгуур хууль юм.

Шинэ Үндсэн хууль батлагдсан 30 гаруй жилийн дотор хэд хэдэн нэмэлт өөрчлөлт хийж иржээ. Энэ бүхнээс дурдвал, 2019 онд парламентат ёсыг бэхжүүлэх, засаглалын харилцан тэмцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох нэмэлт өөрчлөлт хийжээ. Түүнчлэн парламентын төлөөллийн чадавхийг сайжруулах, ард түмний сонголтыг аль болох бүрэн баталгаажуулах, шударга сонгуулийн зарчмыг төлөвшүүлэх зорилгоор 2023 онд өөрчлөлт оруулсан байна. Өдгөө эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг амьдралд хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэл хийгдэж байна.  

1924 онд үр улбаагаа тавьсан Монголын парламент цаг үеэ даган хөгжиж, 2024 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй болж өргөжин, МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар байгуулан, улс үндэстний эрх ашгийн үүднээс томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх ажилд ороод байна. Ийнхүү улс төрийн намууд “эвтэй бол хүчтэй” хэмээх эртний уламжлалт ёсыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт ард түмэн итгэж байна. Нэгэн зууныг элээсэн уламжлалт парламентат ёс улам бэхжин хөгжих болтугай гэж төгсгөлд нь хэлье дээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top