Нарны хэвтэр, нартын цөл алтайн өвөр говиор...

Нарны хэвтэр, нартын цөл болсон Алтайн өвөр говь, хилийн зурвасаар Нарансэвстэй гэх домог шахам боомтыг зориод ирэв. Шувуу ч нисэхгүй цөл, говийг туулан явсан шалтгаан нь Нарансэвстэйн боомтыг нээх нээхгүй гэх маргааны бодит нөхцөлийг үзэх гэж аяны дөрөө авсан минь энэ. Говь-Алтай аймгаас Бургастайн боомт хүртэл уул нуруудын дундуур довтолгосоор хилийн дээс алхаж нөхцөл байдалтай танилцах гэсэн боловч хятадын тал оруулаагүй учраас “Хүчингүй” гэсэн дардас тамгалуулаад аян зам нэгэнт шуудрав.

Учир нь “Говь-Алтай аймагт Бургастай боомт байхад заавал Нарансэвстэйн боомтыг нээх гээд байгаагийн цаана өөр шалтгаан байна. Тодотговол, Талын мэлтэст байгаа алтыг ухах гэсэн улс төр, бизнес бүлэглэлийн эрх ашиг байгаа” гэх хардлага байдаг. Харин орон нутгийн удирдлагуудын хэлж байгаагаар бол Шинжаантай хиллэх Бургастайн боомтоор гарч орох боломж хомс, хатуу чанга хяналттай, Шинжаан талдаа улс төр, дотоод үймээн ихтэй хэмээн тайлбарлаж байв. Үүнийгээ сэтгүүлчдэд биеэр нь мэдрүүлэх гэсэн үү, яасан, ямартай ч “Хүчингүй” дардас даруулаад буцсан. Шинжаан уйгар бол БНХАУ-ын өөртөө засах орон, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм ч таатай бус байдаг нь үнэн. Харин Ганьсугийн хувьд нөхцөл байдал нь эерэг гэдгийг бол мэднэ. Ганьсу ч БНХАУ-ын өөртөө засах орон учраас боломж гэж харж болохоор.

 

 

Одоогийн байдлаар Бургастайн боомтоор “Алтайн хүдэр” компаниас төмрийн хүдэр зөөвөрлөдөг байна. Хилийн зоонд уул овоо шиг буулгасан төмрийн хүдрийг өдөртөө 81 машин хятад талаас ачиж явна. Өөрөөр хэлбэл, монголчууд хилийн зоон дотор буулгаж, хятадууд хил даван орж ирж ачдаг байна. Зөвхөн “Алтайн хүдэр” компанийн төмрийн хүдрийг л гаргах гэж ажилладаг боомт гэдгийг харсан, тэд ч ийн тайлбарлана лээ. Монгол талын боомт, гаалийн хувьд нэг байшин, хэдхэн кемт л байгаа бол хятадын тал арай өөр, боловсронгуй юм. 

Эндээс аанай л цөл, говийн замыг эвхэн давхисаар үдэш Алтай сумын төвд очиж, хилийн цэргийн .... дугаар отрядад хоног төөрүүлэн, цааш хөдлөв. Ёстой л шувуу ч нисэхгүй газраар явсаар хилийн ... дугаар тоот багана, Сарны хөндий буюу Монгол Улсын хамгийн нам дор цэг газар ирэхэд үнэхээр л сарны хөрсөн дээр буучихсан мэт сэтгэгдэл төрнө. Говь, цөл, алтайчуудын амьдрал ахуй, боомтын нөхцөл байдлыг сэтгүүлчдийн нүдээр харуулах гэсэн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Б.Пүрэвдорж нарын санаачилга дор явж байгаа гэдгийг хэлэх учиртай. Тиймээс Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Насанбуян нар говь, цөлийн замыг туулж, нөхцөл байдалтай танилцуулсан. Ингэхдээ аймгийн удирдлагууд хэргээр шоу хийв үү гэмээр ч зүйл илтэд анзаарагдаж байсныг нуух юун. Магадгүй Засаг дарга асан О.Амгаланбаатарынхаа захиалгыг давуулж хэтрүүлсэн байж болох юм.

Нарансэвстэйн боомтыг нээхгүй шалтгаан нь зөвхөн Талын мэлтэсийн алт биш, их говийн дархан цаазат газрын А бүс огтлолцоно. Энэ бүсэд говийн хамгийн том гэгдэх Шар хулсын баян бүрд байдаг. Энд л өнөөх дэлхийд ховор мазаалай баавгай, хавтгай тэмээ байдаг учраас мазаалай хамгаалах Төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл ихээхэн байгааг тайлбарлаж байсан. Уг нь бол Нарансэвстэйн боомтоос Шар хулсын баян бүрд хүртэл 120 километр юм билээ. Өөрөөр хэлбэл, Нарансэвстэйн боомтыг нээхэд нөлөөлөл байхгүй, хол зайд оршдог гэсэн үг. Тэгээд ч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Аймгийн Засаг дарга нарын тайлбарлаж байгаагаар бол хилийн зурвас дагуу цөлөөр хатуу хучилттай 500 километр зам тавина хэмээсэн. Өөрөөр хэлбэл, хилийн зурвас хэсгийг 50 километр чөлөөлөөд дархан цаазат газрыг тойруулан зам тавина гэсэн үг.

 

 

Яахав, “Зам дагаж хөгжил” гэдэг. Эзэнгүй говь, цөлийг эзэнтэй болгож, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх нэгэн үзүүрт сэтгэл гэж ойлгож болохоор. Эзгүй цөл, хилийн зурвас дагуу зам тавихаар зочид буудал, дэлгүүр хоршоо, гуанз, дугуй засвар гээд юу эсийг байгуулах билээ. Энэ талаас нь харвал зөв. Нөгөө талаас нь харвал үнэхээр Талын мэлтэсийн алтыг ухах бүлэглэлийн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Хилийн зурвас хэсгийг чөлөөлөхөөр Талын мэлтэс ч чөлөөлөгдөх юм билээ. Гэхдээ өнөөдөр Талын мэлтэсийн алт гээд байгаа зүйл нь дархан цаазат бүсэд байдаг ч нинжа нар ухчихсан байгааг бидэнд хэргээр харуулах гэж төөрч будилан хүрч очсон. Яах аргагүй л ухсан нүхнүүд байна лээ. Урьд өмнө 1962 оны хилийн гэрээгээр хятад талд байсан хэсгийг манайх авчихсан, аль аль талыг нь харуулсан. Адилхан л ухчихсан газрын сорви байна лээ.

Нөгөө талд хятдын хилийн цаана 444, 445 хилийн баганын дунд нүүрсний уурхай байгааг нүдээрээ харсан. Одоогоор бол баруун бүсийн аймгууд дундажаар 2000 километр туулж, Замын-Үүд боомтоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авч байгаа. Тиймээс Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баянхонгор гэх мэт аймгуудад бараа материалын үнэ хамгийн өндөр байдаг аж. Харин Нарансэвстэйн боомтыг нээхээр Говь-Алтайгаас 500 километр явж өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг татах боломжтой. Завханаас 800 километр, Ховдоос 1000 орчим километр гэхээр тээврийн зардлаас эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ хямд тусна. Тиймээс л энэ боомтыг нээх гээд байгаа юм гэдгийг тайлбарлаж байв.

Нарансэвстэйн боомтыг 1993 онд хаах болсон шалтгаан нь зам харгуй тавиагүй учраас говийн баян бүрд дархан цаазат газраар тээвэр хийгээд байсан юм билээ. Хаахаас ч өөр аргагүй нөхцөл байдал байсан учраас тэр. Харин одоо бол их говийн дархан цаазат газрыг тойруулан хатуу хучилттай зам тавина гэдгээ хэлж байсан. Зам тавина гэдэг асар өндөр өртөгтэй. Хөрс шорооны нөхцөл байдлаас шалтгаалан, тус зурвасаар 500 километр зам тавихад ойролцоогоор 1.5 их наяд төгрөг зарцуулна гэдгийг эдийн засаг гадарлах сэтгүүлчид ярьж явсан. Тиймээс энэ тухай орон нутгийн удирдлагуудаас асуухад “Ямар ч асуудалгүй. Ганьсу мужаас зам тавьж өгнө” хэмээсэн. Үнэхээр улсын төсөв энэ хэмжээний мөнгийг даахгүй. 

Үнэхээр хятадын эрх ашиг манай эрх ашигтай нийцэж байвал болохгүй зүйл үгүй. Нөгөө талаар Засгийн газраас дэвшүүлсэн “Боомтын сэргэлтийн бодлого” дунд энэ боомт бий гэхээр болохгүй зүйл үгүй.

 

 

Тэгвэл Нарансэвстэйн цаад талын хятад боомтыг Мазуншань гэдэг. Ганьсу мужийн нутаг. Энэ боомтод хамгийн ойрхон суурин гэвэл 1200 хүрэхгүй хүнтэй Мазуншань гэдэг тосгон бий. Тосгоны ойр орчимд ямар нэгэн жинтэйхэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистикийн томоохон байгууламж байхгүй гэнэ лээ. Мэдээж хэрэг манай талаас боомтоо нээчихвэл хятадууд юу ч байгуулж чадах улс. Ганц санаа зовохгүй зүйл гэвэл энэ байх.

Нэр нэгтэй боомт, тосгон хоёрын хоорондын зай 115 километр бөгөөд Хами-Эзнэй хошуу чиглэлийн галт тэрэгний зөрлөг байдаг нь ч бас нэг гарц гэдгийг харж болно. Мазуншань боомтоос Үймэн хот 320 километр зам туулна. Ганьсу мужийн засаг захиргааны төв Ланжоу орно гэвэл 1049 километр давхих ийм дүр зураг бий. Мэдээж хэрэг, боомтыг нээчихвэл хятадууд дор нь хөгжүүлчихнэ. Эрээн ямар суурин байгаад өдгөө ямар хот болсныг бид бүгдээрээ мэднэ. Мөнхүү хятадын тал замаа тавиад эхэлчихсэн юм билээ. Энэ бол Мазуншань боомтыг Эрээн шиг болгох л эхний алхамаа хийж, манай талын шийдвэрийг харж байна гэсэн үг. Эрдэмтэд, геологичдын хувьд бол тус боомтыг нээснээр байгаль орчинд хор нөлөөтэй, ховордсон амьтад болох мазаалай, хавтгай, хар сүүлт зэрэг олон ан амьтад үгүй болж, устах эрсдэлтэй. Тийм ч учраас Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй гэдэг. Тийм учраас манай эрдэмтдийн баг болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөн мэдээлэл хийж, УИХ-д мэдэгдэл хүргүүлж байв. Мөнхүү Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг нээхээр Засгийн газар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан нь дэлхийд нэн ховор амьтдыг устах аюулд хүргэж, экосистемийг эрсдэлд оруулж, нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсад хүчин төгөлдөр холбогдох хуулиудыг зөрчиж байгааг байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид эсэргүүцдэг.

Гэтэл боомтыг нээхээр зүтгүүлж байгаа нөхөд болохоор “Үүний цаана Нарансэвстэйн боомтыг нээлгэхгүй байх том эрх ашиг бий. Улс төр, бизнес бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм” хэмээдэг. Магадгүй Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийг тэр чигээр нь атгах гэсэн бүлэглэлийн эрх ашиг ч байж болох юм. Харин бидний хэдэн сэтгүүлчийн нүдээр харж, чихээр сонссон зүйл гэвэл хатуу хучилттай замаа дархан цаазат газраар тойруулаад тавьчихвал болохгүй зүйл бас биш гэдэг нь харагдана. Дархан цаазат газрын А бүс буюу Шар хулсын баян бүрд нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг бөгөөд тус сумын газар нутгийн 64.6 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан гэдгийг сумын Засаг дарга Э.Нямдаваа ярьж байв. Энэ бүсээс зүүн тийш явахаар Баянхонгор аймгийн Жинст сум, алдарт Сэгс цагаан богд гээд аанай л дархан цаазат бүс нутаг оршино. Сэгс цагаан богд бол аанай л дэлхийд ховор ан амьтдын нутаг гэдэг.

Энд анзаарч харсан зүйл гэвэл Нарансэвстэйн боомтыг нээвэл баруун бүсийн аймгуудын амьдралын өртөг илт багасах нь ойлгомжтой. Гагцхүү, наана цаана нь алт ухах, баруун зүүн тээвэр ложистикийн зодоон байхыг ч бас үгүйсгэхгүй. Энд асуудал бий. Гэхдээ нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын сэтгэл зүтгэл гэж найдах л үлдэж. 

Сэтгүүлч С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.117.180) 32 минутын өмнө

SEXSEER VANXANDI80955877

0  |  0
2(103.168.34.191) 13 минутын өмнө

zass hutsaad bai zugeer l uldeechih za ur huuhduuddee

2  |  0
зочин(66.181.164.23) 13 минутын өмнө

сэтгүүлч Баяр гуай энэ нийтлэлтэйгээ Амгаланбаатар, Пүрэвдорж нарыг дагаад монголоос зайлаарай хэдэн халтар төгрөгөөр үнэт зүйлээ худалдаад л байгаарай.

2  |  0
Top