ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН I Нум урлаач, харваа судлаач

18 цагийн өмнө

Энэ дугаарын “Өглөөний зочин”-оор Сурын спортын олон улсын хэмжээний мастер Бадарчийн Хүрэлбаатарыг урилаа.

 

ОЮУНЫ БОЛООД ГАРЫН УРЫГ ХОСЛУУЛАН СУУХ УРЛАНД

 

Сурын спортын олон улсын хэмжээний мастер Бадарчийн Хүрэлбаатартай уулзахаар Яармагийг зорилоо. Яармагийн эцэст түүний нум сум урлаж, үндэсний сурын харвааны үүх түүхийг судалдаг урлан гэж нэрлэж болох жижигхэн байшин бий. Наранд нозооровч орсон гарснаас урлангаа найдвартай хамгаалан үүргээ сайтар биелүүлэгч халтар банхар түүний сахиул.

Б.Хүрэлбаатарыг нум сум урлаж суухтай нь таарсан юм. Байшинд ороход зэв суулгаж өд наан хагсрааж буй сумнуудыг зэрэгцүүлэн өрж, наана нь хэд хэдэн нум тавьсан нь содон үзэгдэнэ. Утас шөрмөс, цавуу, хайч, бахь, хасуур хусуур сэлтийг тойруулан тавьсан ширээн дээр MacBook зөөврийн компьютер тавиастай байх нь бас сонирхол татна. Харваачдад захиалгаар нум сум хийж өгдөг агаад захиалагчийн нас бие, татах кг, нуруу туруу, гарын урт, мөч чац, хуруу гарт яг тохирсон нумыг зөвхөн тэр хүнд л зориулан бүтээдэг ажээ. ЖДҮ-ээс тус үйлдвэрлэлийг дэмжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүнийг дэргэдээ ажиллуулж “Хотула” нэртэй эвэр элэг, шөрмөсөн артай үндэсний нум, дэлхийн стандартын нийлмэл наамал нум хийх ажилд шамдаж суудгаа Б.Хүрэлбаатар танилцууллаа. Архиваас 1800-гаад оноос хойших сурын харвааны түүхийг цуглуулан хэдэн жил судлаж “1911-1921 оны хоорон дахь Монгол сурын харваа” ном гаргажээ. Дараагийн бүтээлээ ч бэлтгэж байгаа гэнэ. “Харваач хүний хамгийн эрхэм зүйл бол нум сум. Түүнийгээ хийж сурч л явна. Энэ спортыг дагаад ЖДҮ хөгжиж байна. Улсын хэмжээнд 25-26 нум урлаач байдаг ч шинэ харваачдынхаа хэрэглээг хангаж дийлдэггүй” хэмээн тэрбээр өгүүлэв.

 

 

Өрөөнийхөө хананд эртний булш, бунхнаас олдсон нум, сумын холбоотой эд өлгийн зүйлс, харвааны түүхийг харуулсан дурсгалууд, сурын харваатай холбоотой ховор маркууд, Богд тэргүүтнээс гаргаж байсан зарлиг сэлтийн зургийг хэдэн онд, хаанаас олдсоныг гэрчлэх тайлбарын хамт жаазлан эгнүүлжээ. Олон төрлийн, түүн дотор “Цогт тайж” кинон дээр харагддаг шиг оньслон хөвчилж гох даран харвадаг холхивч нумыг ханандаа өлгөсөн харагдана. Төрсөн нутаг Говь-Алтайнхаа Сутай хайрхан, бас Шилийн богдын зургаар өрөөгөө чимэглэжээ. 

Б.Хүрэлбаатар ийнхүү жижиг урлан дотроо нум сум урлахдаа урлаж, түүх, судалгааны ажлаа хийхдээ хийн оюуны болоод гарын урыг хослуулан суудаг ажээ. Тэрбээр сурын олон улсын хамгийн анхны багийн алтан медалийг 2013 онд Турк улсаас Монгол Улсад авч ирэлцэж байсан эрхэм. Истанбулд 2017 онд болсон ЮНЕСКО-гийн цомын том тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 600 гаруй тамирчны магнайд гарч аваргын төлөө өрсөлдөн мөнгөн медаль авчээ. Энэ мэт олон улсын хэмжээнд төрийн далбаагаа мандуулж явсан амжилтууд түүний нэр дээр цөөнгүй бий. Говь-Алтайн Төгрөг сумын уугуул тэрбээр төрөлх нутагтаа “Алтайн мянган харваач” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол сурын харвааны түүхийн талаар сонирхуулах зүйл ихтэй хүн гэж харваачид түүнийг нэрлэдэг учир энэ сэдвээр бидний яриа өрнөлөө.

 

ПОЛЬШИД МОНГОЛ ХАРВААЧТАЙ ХОЛБООТОЙ БҮРЭЭ ДУУГАРГАДАГ

 

-Бид халх, урианхай, буриад сур гэж ярьдаг. Монгол сур харвааны өөр төрлүүд байдаг уу?

-Энэ гурваас гадна баргын түнх харваа, үзэмчний мин харваа гэж бий. Түнх харваа газраас дээш байтай, ойрын зайнаас харвадаг. Тухайн цагтаа монголчууд дэлхийд морины хурд, нум сумынхаа цэцээр ноёлж байсан. Монголчууд эртнээс гурван төрлийн харваагаар хүүхдээ сургаж байжээ. Хөлд ормогц хавчаахай буюу алингар нум, булцуут сумаар амьтны арьс дэлгэсэн байг харвуулж сургана. Түүнийг сарампай харваа гэдэг. Томроод ирэхээр нь хийлсэн гүзээгээр бай хийж морин дээрээс бөмбөг намнах харваанд сургана. Гурав дахь нь эрчүүдийн эр баярыг шалгадаг хаймсах буюу холч харваа юм.

-Холч харвааны үүх түүхээс дурдвал бас бий дээ...

-Чингисийн чулууны бичиг бол монгол харваачийн амжилтыг баталж гэрчилсэн маш том дурсгал юм. Тэнд монгол хүн 335 алд газар харвасан юм шүү гэдгийг нотолчихсон. Энэ дурсгал нь тухайн харваачийн эр бяр, харвасан зайг хэмжсэн нотолгоо, Х, ХI зууны үед монголчууд ингэж харвадаг байсан гэдгийг баталсан батламж гэдгээрээ онцлог. Хүмүүс бөх, морь Гиннесийн номд бүртгүүлчихлээ. Харвааг бүртгүүлэхгүй юм уу гэдэг. Гэтэл энэ амжилтыг харваачид хамгийн анх Чингисийн чулууны бичгээрээ тогтоочихсон юм. Аман зохиол дээр хүртэл “Сайн алдалж татвал 900 алд харвана” гэж гардаг. Метрээр бодвол 1400-1500 м газар шүү дээ.

-Польшид монгол харваачтай холбоотой бүрээ дуугаргадаг нь ямар учиртай юм бэ?

-Монгол харваач 800 жилийн тэртээ Польшийн Краков хотын хэрэм дээр аюулын дохио өгдөг бүрээчийн хоолойг 700-800 метрийн алсаас жижигхэн цонх шиг зайгаар тас харвасан тухай түүх бий. Одоо болтол тэр дохиог сүмийн цонхноос дуугаргаж, бүрээний аяыг дуусгалгүй 30 секунд зогсоож дурсдаг хэвээрээ.

 

 

-Булцуут сум Монголынх гэдэг нь нотлогдсон бил үү?

-Булцуут сумыг манайхан нэг үе манжийн юм гэж мэдэмхийрдэг байлаа. Гэтэл Монголын нууц товчоон дээр Тэмүүжин, Жамух нар хоёр дахь удаагаа анд барилцахдаа годил буюу дуут булцуу солилцсон тухай гардаг. Баян-Өлгийн Алтанцөгц сумаас 2015 онд азаар хоромсого дотор булцуут сумтай олдвор олдсон./Зургийг харуулав/ Маш судалгаатай байхгүй бол манайхан заримдаа сэтгэлийн хөөрлөөр ул үндэсгүй зүйл ярьцгаадаг л даа.

-Судалгааны явцад сонирхолтой ямар зүйл ажиглагддаг вэ?

-Эрийн гурван наадам гэдгээс эхэлье л дээ. Яагаад дөрөв, таван төрөл байж болоогүй юм гэвэл тэр гурван төрлөөр хүч, хурд, цэцийг онцгойлж байгаа юм. Бөхчүүд яагаад хоорондоо халз тулж хүчээ үздэг юм. Бөөгнөрөөд ноцолдож болоогүй юм уу. Яагаад гэвэл эр бяр, ухаанаа хослуулж тулахад халз барилдаан тохирдог. Бөхийн цолыг дуудаж нутаг, уул ус, хийморийг сэргээх, ид хавыг гайхуулах гэж гайхамшиг байна.

Морийг яагаад бүгдийг бөөнд нь уралдуулчихгүй нас насаар нь, хол ойр зайд давхиулдаг юм. Эндээс адууны нас насанд тохируулж уях уяачийн, унаж давхих хүүхдийн ухаан харагдана. Тэнд маш их эрдэм явна. Гийнгоолох гэж бас гайхамшиг бий. Сурыг бол насны зааггүй харвана. Балчир хүүхдээс эхлээд Ж.Цэвээн мэргэн гэхэд 90 гартлаа харвасан. Энд бас л ухаан явна. Сурд уухай гэж бий. Харваачид хэзээ ч эсрэг талын хүнээ алдаасай гэдэггүй. Оноосой гэж уухайлдаг. Харвааны онцлог бол хоорондын өрсөлдөөн бус, хувь хүн өөрийгөө ялан дийлэхэд оршдог. Үүнд эрийн гурван наадмын гүн гүнзгий агуулга, соёл, мөн чанар байгаа юм.

-Нэг босоход заавал дөрвөн сумаар харвадаг нь учиртай болов уу?

-Монголчууд тоон бэлгэшээлт ард түмэн. Нэг босохдоо дөрвөн сумаар дөрвөн харваач харваж дөрвөн зүгээ бэлгэшээдэг. Хоёр босоод найман сум тавихыг нэг өрөг гэнэ. Үүгээр найман зовхисоо бэлгэшээж байна.

-Нөгөө хоёроосоо онцлог нь харваа зэвсэгтэй спорт гэдэг дээ?

-Тийм ээ. Харвааны нэг онцлог бол зэвсэг хэрэглэдэг спорт юм. Дуртай нь зэвсэг хэрэглэх хэцүү л дээ.. Монгол хүчирхэг байх үед харваачид дандаа нүүрний эгнээнд явсан баатрууд. Тийм ч учраас бидний гол зарчим бол харваач хүн нэр төрөө эрхэмлэж явах ёстой. Ер нь монгол хүн бүрд харваач болох авьяас генд нь байдаг. Гадны хүнд заахад бол хэцүү дээ. 

-Дээр үед харвааг хязгаарласан, эсвэл журамласан хууль гарч байв  уу?

-Манжийн үед сурыг хориглосон гэдэг ч тийм зүйл олддоггүй. Богд хааны үед, Олноо өргөгдсөний дөрөвдүгээр оны тавдугаар сарын 20-нд Монгол Улсын таван яамаар хэлэлцэж байж шагай харвахыг бүрмөсөн, энгийн сур харвахыг хязгаарлаж цаазалсан байна. Шагай, энгийн сур гэдэг нь жирийн ардууд хэтэрхий хорхойсоод, бооцоо тавиад ар гэр, мал ахуйгаа орхиод донтоод байхаар нь нийлж харвахыг хорьсон гэсэн үг. Сурын харваа нь эртнээс уламжилж ирсэн эр цэргийн бэлтгэл сургууль учир бүр хориогүй, улсын хэмжээний наадмаар хошуу нутгуудаас харваачдыг ирүүлж нэг сарын хугацаанд шигшиж  байж шалгарсан тодорхой тооны хүнийг оруулдаг байсан. Аймаг, сумд бол тав хоногийн бэлтгэл хийж байж наадамд харвуулдаг байжээ.

-Бай шагнал байсан болов уу? Тийм баримт байна уу?

-Бай шагнал ч тогтоож байсан. Хэнтий хан уулыг 1819 онд тайх наадамд эрийн гурван наадам хийж, түрүүлсэн харваачийн байд гурван алд торго, шар цай дөрвийг өгч байжээ.

-Харваа эртний дүрэм журамтай байсан гэж та түрүүн хэлсэн?

-1876 оны “Сур харваж боловсруулах ба бөмбөг намнахад дагаж мөрдөх дүрэм хэмжээ” гэж бий. Эндээс харахад сурын харваа нь 100 гаруй жилийн өмнөөс эрх зүйн баримт бичиг гаргаж мөрдсөн Монгол Улсын хамгийн анхны спорт юм. Үүнээс ч өмнө дүрэм байжээ. “Харилцан нийлж харвах буюу одоогийнхоор багийн харвааны үед өрөх сур /хасаа/ 200, бөмбөг 50 тооноос илүүгүй байна. Модон бөмбөг хэрэглэж үл болно. Багийн харвах хэмжээ нь 45 нумын газар” гэж заасан байдаг. Нумын газар гэдгийг тогтоохын тулд жигдлээд 1,5 м орчим урт ч гэдэг юм уу, жишиг модоор харвах зайг хэмждэг байжээ. Энэ үеэс харваачдын эгнэж зогсдог зогсоолыг бий болгосон байна.

-Өнөөгийн харваачид нумаараа газар тулж зогссон харагддаг. Гэтэл үүнийг цээрлэдэг байсан гэв үү?

-Зогсоол руу орохдоо сумыг урдаа хавчуулан орохоос гадна харваж буй завсар нумын хөвчийг дээш хандуулж гартаа тэврэн бариулна гэжээ. Нумаар газар тулж зогсохыг цээрлэж байсан. Мөн суманд оногдсон сур цаашаа нэгэн нумын газар давж гарсныг оноонд тооцдог байв. Зурхай дээр зөвхөн уухай хийнэ, харилцан маргахыг хориглодог. Маргааныг самбарын шүүгч шийднэ. Хүүхдийн харвааны зай болох саалтыг тэр үед тогтоож өгсөн нь өнөөгийнхтэй дүйж очдог.

-Харваачдын амжилтыг дэлгэрэнгүй бичиж үлдээж байжээ дээ. Таны өмнө байгаа номд олон жишээ харагдлаа?

-Дээр үед сур их өргөн дэлгэр байсан. Харвааны амжилтыг ч дэлгэрэнгүй бичиж үлдээдэг байв. Бүр морины зүстэй нь, хэдэн бөмбөгөөс хэдийг онов гэх зэргээр бичсэн нь бий. Ганц жишээ хэлье. Хэнтийхан уулыг 1877 онд тайх наадамд Сэцэн хан аймгаас бөмбөг намнасан харваачдыг морины зүстэй нь бичсэн баримт дээр гэхэд Сэцэн ханы хошууны Бямбацэрэн цагаан морьтой, гурван бөмбөгөөс гурвыг онов гэсэн байх жишээтэй. 

 

САЙН ХАРВААЧИД НОЁДЫН АЛДАР ХАРВАХ ЁС ГЭДГИЙГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙВ

 

-Ноёны алдар харвах гэж сонин жишээ та хэллээ. Өдгөө мөнгөтэй уяачид хүнээр морио уяулаад өөрөө Тод манлай, Манлай цол аваад суудаг шиг тухайн цагийн ноёд сайн харваачдаар өөрийнхөө өмнөөс харвуулдаг байжээ дээ?

-Сайн харваачид ноёдын алдар харвах ёс гэж өнөөгийнхөөр бол тэдний нэрийн өмнөөс харваж цол чимэг авдаг ёс байжээ. Ноёны өмнөөс алдар харвасан Түшээт хан аймгийн дагалт Батжаргал гэдэг хүн Цог нэмэх, тонж гарамгай, нягт саруул, идэр хурц, маш гайхамшигт, төв хичээнгүй мэргэн цол хүртсэн баримт бий.

-Бөхийн цол шиг сонсогдож байна?

-Харваачдад маш гайхамшигтай цол олгодог байсан байгаа юм. Томоохон наадмуудад тэргүүлсэн харваачдыг Даншиг наадмын хэмжээний бай шагналаар мялааж бөхийн нэгэн адил цол дээр нь Итгэлт хурц мэргэн, Цог нэмэх идэр, Хэтэрхий үлэмж баясгалант, Тонж итгэлт, Эрэмгий эрх гэх зэрэг чимэг нэмж байж. Муу оролцсон харваач шийтгэлтэй, тэдэнд ташуурдах арга хэмжээ авдаг. Харваачдын зардлыг хошуу нутгаас нь гаргадаг, тийм учраас маш хариуцлагатай байсан баримт бий. Амжилт муутай оролцсон харваач тухайн зардлыг өөрөөсөө төлж ч байсан баримт ч байдаг.

-Сурын харваа хэзээнээс одоогийн дэг журамдаа орсон бол?

-1930-аад оноос харваа шүүгчтэй болсон. 1951, 1958 онд харвааны дүрэмд өөрчлөлт оруулж 1958 оноос эмэгтэйчүүд харвадаг болж, мөн оноос спортын мастер цол олгож эхэлсэн. Мастерууд их нэр хүндтэй, бүр мэргэн цолтны дээр зогсдог байлаа шүү дээ.

 

 

-Харваачид эртнээс эвлэлдэж нэгдэж ирсэн үү?

-Тийм юм билээ. Монгол сурын холбооны үүслийг бүр 1911 оноос гэж тооцож болно. Тэр үед Богд хааны зарлигаар хошуу нутгаас харваачдыг Хүрээнд ирүүлж тусгайлан бэлтгэж байснаас энэ харагддаг. Харин орчин цагийн манай Сурын холбоо 1960 онд Дэлхийн сурын холбооны гишүүн болсон. Энэ мэтээр яриад байвал дуусашгүй арвин түүх бий.

-Сүүлийн үед эрийн гурван наадмын өв уламжлал бизнес болоод байна уу даа?

-Хэтэрхий өндөр бай шагналаас болж бөх, морь өв уламжлаасаа хэлтийх тал гарч байгаа. Гэхдээ үүнийг Үндэсний спортын хөгжлийн явцад түр зуур дайраад өнгөрөх үзэгдэл байх гэж найддаг даа. Яваандаа эрийн гурван наадам уламжлалт ёс дэг, дүрэм журамдаа эргэж орох байх. Хурдан морь гэхэд эртнээс баримталж ирсэн жинхэнэ монгол маягаараа нэг хэсэг нь уралддаг, бооцоот уралдаан, морин тойруулга маягаар нөгөө нэг урсгал нь хөгжсөн байдалтай явах байх гэж итгэдэг. Харин сурын харваа бол эртнээс баримталж ирсэн дэг ёсоо баримталсаар өнөөг хүрсэнд бахархдаг даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top