Монгол Улсын Гавьяат эдийн засагч, “Тэргүүн итгэмжит” дипломатч Шарын Шагдарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, Орлойн алдарт баян Совд агсны ач хүү юм. Түүний ажил амьдралын сонирхолтой түүхээс саатан сонсохоор өнөөдрийн “Өглөөний зочин”-оор урив.
-Таныг их зоргоороо хүн гэдэг юм билээ. Цаг хатуу байх үед “МАН-д элсээрэй” гэхэд “Үгүй ээ, би танай алуурчин намд элсэхгүй” гэж хэлэн амьтан хүний зүрхийг амаар нь гаргачих шахсан гэдэг юм билээ?
-Үнэн юм чинь. Чи бод доо. Орлойн алдарт баян Совд чинь миний өвөө байхгүй юу.
МАН-ынхан яасан бэ гэвэл, өвөөгийн хамт Чоймбол, Самбуу нарын хоёр гэлэн, "хув" Давга нарын ах дүү дөрвөн хар хүнийг, Совдын эхнэр Гэнэнгийн төрсөн ах Хайдав, Гэндэнжамц нарын хоёр хамбыг 1938 онд барьж аваачаад хэлмэгдүүлэн хороосон юм. Өвөөгийн маань хөрөнгийг зургаа, долоон удаа хураасан байгаа юм шүү дээ. Түүхэн сурвалжид 20 гаруй мянган толгой мал өгсөн тухай тэмдэглэгдэн үлджээ. Хамаг сортоотой өвөг дээдсээ хядуулж, мал хөрөнгөө хуу хамуулчихаад байж би яаж МАН-д элсэх юм бэ. Уг нь тухайн цаг үед цаазын ялтай байсан хэдий ч 60 гарсан хүний амийг арай авчихдаггүй л байсан юм билээ. Энэ мэтээр хууль цааз, түүхэн баримт сөхөж ярьвал эргэлзээтэй олон зүйл бий. Өөрийн эрхгүй гомдол төрөөд байдаг юм.
-Та аав ээжийгээ танилцуулаач?
-Төрсөн эцэг Лувсандоржийн Жамбал, эх Балжирын Цэрэн нарын гурав дахь хүү болж төржээ, би. Нөгөө л нэг “Ногоон малгайтнууд” чинь зовоогоод байсан тул аав маань өвөөгөөрөө овоглосон юм билээ л дээ. Ер нь Совд баяны бүх хүүхэд янз бүрийн овогтой. Яах вэ, хүн харахад “Айлд өргүүлсэн маягтай” болгож ах дүү, хамаатан саднуудаараа ганц, хоёроор нь тараасан бололтой байгаа юм. Ёстой л нөгөө “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” гэгчээр бүх зүйлээрээ тэгш дүүрэн, эрдэм чадалтай хүнийг овордож зовоосон муухай цаг үе, муу хүмүүс шүү. Тэдний харгайгаар бидний багад аав ээж хоёр маань хөндийрчээ. Тэгээд л би ээжийнхээ сүүлд суусан хүний овгоор Шар гэж овоглодог юм.
-Ихээхэн “эсэргүү” бодол, зан авиртай омголон залууг яагаад дипломат ажилтан болгочихсон юм бол. Тэр цаг үед ийм байх боломжгүй шүү дээ?
-Ээж маань намайг нэг жил өнжүүлэн, Чимэдцэеэг сургуульд орох нас нэгээр дутуу байхад, ухаандаа бид хоёрыг “Ханиараа яваг” гэж бодон хамт сургуульд оруулж байлаа. Манай тэр элсэлтээс Ардын жүжигчин нэг, гавьяат цолтон гурав төрсөн. Надаас бусад нь нэг ангийнхан байгаа юм. Миний дүү, Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн ангийн хүүхдүүд л дээ. Мундаг байгаа биз. Би 1967 онд бага сургуулиа төгсөөд хоёр жил мал дээр гарсан юм. Тэгээд 1969 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумынхаа дунд сургуульд эргэж ороод төгссөн л дөө. Ингээд 1975-1976 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн бэлтгэл анги, 1982 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Орос, англи хэлтэй. Тэр цаг үед гадаадад дандаа дарга сайд нарын хүүхэд сурдаг байсан юм. Гэтэл нөгөөдүүл чинь хэл ам таталж, багагүй чихийг нь халууцуулсан бололтой. Ингээд хөдөөнөөс хувь тогтоож хүүхэд авахаар шийдэж, тэр үед нь би гүйж ороод шалгалт өгтөл тэнцчихгүй юу. Хувьтай л байхгүй юу. Өвөг дээдсийн минь номын цагаан буян шүү дээ.
-Сургуулиа төгсөж ирээд ГХЯ-нд ажилласан уу. Таныг “Юу ч хийж мэдэх нөхөр” гээд хувийн хэрэг дээр чинь биччихсэн байсан гэдэг. Тэрийг та олж үзээд их уурласан гээд байдаг. Энэ хэзээ болсон үйл явдал вэ?
-Би 1982-1990 онд БНМАУ-ын ГХЯ-нд дипломат ажилтан байлаа. 1990 онд Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. Тэр хавар л ГЯЯ-ны намын хорооны дарга асан Үржинлхүндэв гуай намайг дуудаад “Гурван үеийн намтраа шинэчилж өг” гэсэн юм. Тэгэхээр нь би “Ер нь яагаад жил болгон намтар авч байдаг юм бэ. Тэгээд хувийн хэрэг үзүүлдэггүй нь ямар учиртай юм бэ. Миний түүх, намтар жил жилээр өөрчлөгдөж солигддоггүй. Яг хэвээрээ л байгаа. Манай өвөг дээдсийн намтар түүхийг танай нам сайн мэднэ дээ” гээд хэлчихгүй юу. Тэгээд хэл ам татлан байж хувийн хэргээ үзсэн юм. Тэгсэн чинь нэг хуудсан дээр орос багш нарын нэг нь “Юу ч хийж мэдэх нөхөр” гэдэг тодорхойлолт биччихсэн байгаа юм даа. Аргагүй шүү дээ, би үзэл бодол нийлэхгүй, тэгээд түүнийгээ хамгаалж маргадаг байсан юм чинь. Ингээд л би гэнэт дүрсхийгээд “Би аль улсын гадаад яаманд ажилладаг юм бэ” гэж асуутал “Монгол” гэж байна. Тэгэхээр нь “Тэгвэл яагаад миний хувийн хэрэг дээр орос хүн тодорхойлолт бичиж байгаа юм бэ” гэж асуугаад “Би энэ хуудсыг чинь урж хаяна” гээд урчихгүй юу. Маргааш нь бөөн асуудал, маргаан мэтгэлцээн. Ингээд миний буянаар бүгдээрээ хувийн хэрэгтэйгээ танилцсан юм даг. Иймэрхүү адал явдалтайгаар Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын гишүүн болж байлаа. Ажиллах хугацаандаа Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль болон улс орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг баталгаажуулахад чиглэсэн олон арван хууль хэлэлцэж батлахад чадлаараа оролцохыг хичээсэн. Монгол Улсын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга, Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга зэргийг хийж байлаа.
-Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг та анх сонин хэвлэлд нийтлүүлэхэд санаа тавьж байсан юм билээ. Сонсох нь ээ, олон нийтэд хүртлээ бас л адал явдалтай зам туулж, орчуулга дээр хүртэл “үзэл сурталжих” гэж оролдсон ч байх шиг?
-Тийм ээ, 1988 онд НҮБ-аас 1948 онд баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 40 жилийн ой болсон юм. Тунхаглалыг арванхоёрдугаар сарын 10-нд баталжээ. Тиймээс энэ өдрийг дэлхий даяараа “Хүний эрхий өдөр” болгон тэмдэглэдэг юм. Гэтэл манай улсад үүнийг мэдэж, тоож байгаа ч хүн алга. Тухайн үед хүний эрхийн асуудлыг хожим нь ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болсон О.Энхцэцэг хариуцаж байсан юм. Би уг тунхаглалыг монгол хэлээр хэвлүүлэх саналаа түүнд хэлж, улмаар тухайн үеийн I орлогч сайд Д.Ёндонгоос зөвшөөрөл авч, “Залуучуудын үнэн” сонинд нийтлүүлэхээр ярьсан ч нөгөөдүүл чинь хэвлэж өгдөггүй. Ингээд Хүний эрхийн түгээмэл тунхаглалаа хэвлүүлж чадалгүй жил өнгөрлөө. Дараа жил нь би П.Төмөрбаатартай уулзахаар “Үнэн” сонин дээр очлоо. Монгол Улсаас Франц улсад суугаа ЭСЯ-нд ажиллаж байсан юм л даа. Францад суугаа ЭСЯ НҮБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага буюу ЮНЕСКО-г давхар хариуцдаг байхгүй юу. Ингээд салхи наашаа эргэв. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв агсан тухайн үед эрхлэгч нь байсан юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1989 оны хоёрдугаар сарын 9-нд хэвлэгдлээ. Би ч ардчилалд хэрэгтэй зүйл хийлээ гэж баярлаад байгаа юм. Гэтэл тайван замаар иргэд жагсаал цуглаан хийж болох эрхийн тухай ойлголтыг “энх тайвны” гэдэг агуулгаар орчуулж оруулжээ. Үүнийг хожим нь дахин ярилцлага өгч, нийтлэл бичиж байж засаж залруулсан юм даг. Одоо л мартаад байгаа болохоос биш үзэл сурталжсан, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөгүй байсан нь үнэн шүү дээ.
-Таны дүү, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуай социалист дэглэмтэй байх үед айлчлан тоглолтоор явж БНМАУ-ын төсвийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байсан гэдэг. Харин та социалист дэглэм задран унасны дараа Монгол Улс чөлөөт зах зээлд шилжээд эдийн засаг санхүүгийн хямралд өртөн цалин тэтгэврээ ч тавьж хүчрэхгүй тэвдэж байх үед өчнөөн ам.доллар эх орондоо оруулж ирж байжээ?
-Би 1992-1995 онд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газрын болон Гэгээн ширээт улсад ЭСЯ-ны зөвлөх байхдаа санаачлан хөөцөлдсөн ажил маань байгаа юм. Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын санд Монгол Улсыг татваргүй элсүүлсэн. Швейцарьт ажиллаж байхдаа, уг сангийн шугамаар жилийн 0.75 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай 20 сая ам.долларын зээлийг эх орондоо олж өгсөн юм. Энэхүү зээлийн төсөл үр дүнгээ маш сайн өгсөн.
Санаж байгаа бол хөдөө, орон нутагт “Малчдыг малжуулах, ядуурлыг бууруулах” төслөөр нэг өрхөд 50 толгой мал өгдөг байсан даа. Түүнчлэн НҮБ-аас 1994 онд буцалтгүй нөхцөлөөр 813 мянган ам.долларыг Монгол Улсад хүний эрх, үндсэн эрх чөлөөг ханган хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл бүхий шүүх, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд зориулан 15-16 удаагийн үндэсний хэмжээний сургалтыг хоёр жилийн хугацаанд зохион байгуулсан.
-Удахгүй “Хүний эрхийн өдөр” болох гэж байна. Залуустаа хандаж та юуг чухалчлан захих бол?
-Хүн амьдарч байгаа газар бүрд хүний эрхийн тухай яригдана. Монгол Улс хүний эрхийг дээдлэдэг ардчилсан орон. Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоохоор Үндсэн хуульдаа заасан. Хууль журмаа сахьдаггүй, зөрчдөг газар хүний эрх зөрчигддөг. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг дор бүрнээ тунгаана биз. Тэр байтугай хүнд төрөлхийн эрх ч бий. Түүнээс гадна эдийн засгийн эрхийг ч ярьдаг болжээ.
Сэтгэгдэл ( 5 )
АЖ Чимэдцэеэ дэндүү өөрийгээ доош хийдэг хүн юм байх юм. Тэр нэг айлын нөхөр салгаж суусан, АЖ хүний дуулж байсан дууг ямарч зөвшөөрөлгүйгээр дуулсан заль мэх, худалч нь дэндсэн, өмхий санаатай, муугаа мэдэхгүй дээшээ авирах санаатай мэл эрсэн хар хүүхний концертод орж дуулахдаа яахвээ. Болдоггүй юм байх даа. Ер нь Монгол улс өөрийн төрөлхийн авьяас билгээрэээ нэр төр олж авсан гайхамшигт хүмүүсээ харж үздэггүйн улмаас энэ балай Болд Мөнгөнцэцэг нарт хүртэл энэ эрхэм барьцаалагдаж байна. Нэг ёсондоо Мөнгөн цэцэг гэдэг эмээгтэй энэ эрхэмтэй чаддагсан бол нэг зиндаанд зэзэгцэх нь л дээ.
Сонсохгүй дарга нартай байхад үг хэлэх эрх бгаад яанам бэ
МАН г зайлуул
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n