Өмгөөлөгч В.Удвалтай уулзаж ярилцлаа. “Амьдралын сайхан нь уулзахад байдаг” гэдэгчлэн түүнийг хүний төлөө гэгдэх буянтай ажлаа хийж явахад нь таарч ярилцах боломж тохиосон юм. Сэтгэлийн дуудлагаар өмгөөлөл эрхэлж байгаа тэрбээр нямбай, идэвх зүтгэл гэгчийг явсан газраа үзүүлдэг нэгэн. Учир нь өмгөөлөгч болох замнал өөртөө эртнээс зурагдсан гэдэгтээ итгэлтэй явдаг юм билээ.
-Ярианыхаа эхэнд, таны хүүхэд насны мөрөөдлийн ертөнцөөр бяцхан аялал хийе?
-Яагаад ч юм, өмгөөлөгч болох замнал надад эртнээс зурагдсан юм шиг. Багаасаа одон орон судлаач мэргэжилтэй болохыг хүсэж, ялангуяа математик, физик, геометрийн хичээлдээ илүү сонирхолтой, сонгон суралцдаг байлаа. Улмаар оффисын ажилтан хүн болно ч гэж мөрөөддөг байв. Удалгүй наймдугаар анги төгсдөг жил манайх Булган аймаг руу шилжсэн. Ингээд миний бие Улаанбаатар хотын 47 дугаар сургуульд суралцаж аравдугаар ангиа дүүргэсэн юм. Гэвч тухайн жил миний хүсэж байсан мэргэжлээр элсэлт аваагүй, харин газар зүйн олимпиадад ороод газар зүйн чиглэлээр сургуулиасаа урилга авч билээ.
Гэвч энэ үед ээжийн маань бие жаахан тааруу байсан учраас бид Архангай аймагтаа буцаж ирсэн. Удалгүй “Ар-Эрдэнэ” хэмээх хуулийн сургуульд элсэн орж хуульч болох алхам маань тавигдсан даа. Сургуулиа төгсөөд өмгөөлөгч гэж ямар мэргэжил байдаг талаар огт мэдээлэлгүй байж байтал ээжийн маань дүү Д.Батзориг ах, түүний эхнэр Б.Алтанчимэг нар намайг анх Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн тухайн үеийн дарга Р.Эрдэнэ-Очир гэдэг хүнтэй уулзуулснаар өмгөөлөх байгууллагад анх хөл тавьж байлаа.
-Өмгөөлөгч болсны анхны мэдрэмж, урмыг хаанаас авав?
-Монголын Өмгөөлөгчдийн холбооны төвийн бүсийн сургалт долоохон хоногийн дараа манай Архангай аймагт зохион байгуулагдаж, уг сургалтад оролцсоноор миний бие эргэлт буцалтгүйгээр өмгөөлөгч болохоор зорьсон түүхтэй. Хэдийгээр хүүхэд насны минь мөрөөдөл өөрчлөгдсөн ч өмгөөлөгч болсноороо алдсан нь үгүй, харин ч сэтгэл хангалуун явдаг. Яг л миний зан чанарт тохироод зогсохгүй намайг хүн болгож хүмүүжүүлсэн учраас мэргэжилдээ маш дуртай, хайртай.
-Хувь хүн болон ёс зүйн талаасаа үйлчлүүлэгчдэдээ итгэм үнэмшил төрүүлэх, цаг баримтлах, шүүх хуралд заавал бэлтгэлтэй орох, хэргийн явцын талаарх мэдээллийг тогтмол хүргэх гээд өмгөөлөгч хүнд мөрдлөг болгох зүйл багагүй шүү дээ?
-Тийм ээ, хувь хүнийхээ хувьд шударга, итгэл даадаг, хариуцлагатай байх зэрэг олон эрхэм чанарыг өөртөө төлөвшүүлэхээс гадна өмгөөлөгч талаасаа нэгдүгээрт, нинжин, энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой. Хуульч, өмгөөлөгч ч бай аливаа хүн нийгэмд, бусдын өмнө өөртөө ёс зүйтэй хандах учиртай. Намайг дөнгөж өмгөөлөгч болсны дараа хуульчийн багц цагийн сургалтаар ёс зүйн сургалтыг заавал авсан байх шаардлага тавьсан. Энэ сургалтад хамрагдаж, хамт ажиллаж байгаа болон үе үеийн хуульч, өмгөөлөгч нараасаа мэргэжлийн ёс зүйг үлгэрлэн суралцсан, одоо ч суралцсаар л явна. Цаашид ч Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбооноос энэхүү хүртээмжтэй сургалтыг шинээр хуульч, өмгөөлөгч болж байгаа хүмүүст зориулж явуулж байгаасай гэж хүсдэг. Нэг үеэ бодвол, үйлчлүүлэгчид өмгөөлөгчтэй нэг уулзаж үзээд л энэ өмгөөлөгчид итгэж болох уу, үгүй юу гэдгээ мэддэг болж. Хүн хоорондын харилцаа, хандлага, биеэ авч яваа байдал, үг яриа, биеийн хэлэмж, тухайн үйлчлүүлэгчийн асуудалд мэргэжлийн талаас асуулт, хариулт, хэргийн бэлтгэл, хэргийн явцын талаар хууль зүйн үндэслэлтэй зөвлөгөө, мэдээллийг цаг тухайд нь өгөх зэргээр өмгөөллийн үйл ажиллагаанд ягштал баримтлах шалгууруудаар ямар хэмжээний өмгөөлөгч вэ гэдэг нь үйлчлүүлэгчдэдээ танигддаг. Миний бодлоор өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн стандарт гэдэг зүйл байх ёстой гэж бодож явдаг. Гэвч энэ асуудалд өмгөөлөгчид тийм дуртай биш ч бид нэгдсэн стандартынхаа дагуу ажиллаад сурчихвал олон талын ач холбогдолтой гэж хардаг.
-Өмгөөлөгчийн нэр хүнд, үнэт зүйлийн талаар та юу гэж боддог вэ?
-Өмгөөлөгчид хууль тогтоомж, шударга ёсны хэмжүүрийн хүрээнд шүүх эрх мэдлийн системээр болон мэргэжлийн үйл ажиллагаагаараа дамжуулан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг хамгаалснаар хүний болоод нийгмийн үнэт зүйлс хамгаалагддаг. Энэ хэмжээгээр нийгэмд өмгөөлөгчийн нэр хүнд өндөр. Төрт улс ард иргэдийнхээ эрхийг хамгаалах, эрхийг нь чөлөөтэй, баталгаатай эдлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэгч нь өмгөөлөгч байдаг бол нөгөө талаар үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахаас гадна төрийн болон бусад байгууллагатай хуулийн хүрээнд ажилладаг холбогч нь болдог онцлог субьектын хувьд мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмжийг шаарддаг мэргэжил бол яах аргагүй өмгөөлөгч юм. Зарим хүн өмгөөлөгч мэргэжлийг мөнгө олох бизнес гэж ойлгож, өмгөөлөгчид хөлс төлчихсөн бол өөрийнх нь талд шийдвэр гаргуулах ёстой гэсэн хандлагатай байдаг. Мэдээж бид хуулийн хүрээнд ажиллах ёстой бөгөөд хуульд заасан бүх арга хэрэгслээр үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй гэдгийг сайтар танилцуулж, тайлбарлахаас гадна мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүнд, цаашлаад тухайн үйл маргаанаас улбаатай бусдын эрх зөрчигдөх болоод бусад сөрөг үр дагавар бий болж болзошгүйг ямагт анхаарч ажиллаж чадвал бидний мэргэжлийн нэр хүнд үргэлжид өндөрт байх болов уу. Иймд бидний зүгээс ажлаа шударга, сэтгэлтэй, зүтгэлтэй хийж байхад аяндаа л нэр хүнд өсөөд л ирнэ.
-Ялангуяа ээж тань өмгөөлөгч охиноо маш их хурцалсан, ирээдүйтэй үг хэлж байсан гэж сонссон. Үнэхээр л ээжийн үг үнэ цэнэтэй байдаг даа?
-Миний аавыг Чойжоохүүгийн Ванчинсүрэн гэдэг, ээжийг минь Дэчиндоржийн Оюунбилэг гэдэг. Тэд маань намайг юугаар ч дутаагаагүй өсгөсөн энэ хорвоогийн хамгийн хайр, энэрэл дүүрэн хүмүүс байлаа. Өнөөдөр тэд маань тэнгэрт дэшсэн ч охиноо гэсэн халуун дулаан үг, үйлдэл нь зүрх сэтгэлд минь хадгалагдан үлджээ. Ээж маань намайг анх өмгөөлөгч болоход “Миний охин хэрэг маргаанд оролцсон, янз бүрийн зан төлөвтэй хүмүүстэй таарна. Тэр бүхэнд ноён нуруугаа алдалгүй, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байж, төрийнхөө сүлдэнд залбираад, Булган ууландаа ажил үйлс, амьдралаа даатгаж сүслээд ажиллана гэдгийг үзүүлээд өгөөрэй. Тэр цагт миний охинд юу ч халдахгүй” гэж хэлж байсан нь хэзээ ч санаанаас гардаггүй юм. Ээж маань үг дуу цөөтэй, хэлсэн ярьсандаа хүрдэг, эрмэг зоримог, шулуун шударга, ажилсаг, нямбай, энэрэнгүй, олон хүн ирж зөвөлгөө авдаг, ямар ч хүнийг ялгалгүй харьцдаг, бусдад чин сэтгэлээсээ тусалдаг, юмны учир начрыг маш их бодож тунгаадаг, хүүхдүүддээ биеэрээ үлгэрлэдэг, хөгжилтэй, хошин шогийн мэдрэмж өндөртэй, ухаалаг ховорхон хүн байлаа. Харин аавтайгаа байнга ойр дотно байдаггүй байсан ч аав маань нэг удаа “Миний охин өмгөөлөгч болжээ, сайхан ч төлөвшсөн байна” гэж хэлж байсан нь одоо ч сэтгэлд байна. Аавтайгаа богинохон цаг хугацаанд хамт байсан учраас сайн сайхан зан чанараас нь төдийлөн таньж мэдээгүй хоцорсондоо харамсаж явдаг. Ямартаа ч гоё дуулдаг, бүжиглэдэг, олон төрлийн авьяастай, царайлаг, алиа хошин зантай, хүнийг дандаа цаашлуулж хөгжөөх дуртай мөн л их нямбай, хөдөлмөрч хүн байсныг бүүр түүрхэн санадаг юм.
-Өмгөөлөгч гэдэг нэг талаараа өөрийн үйлчлүүлэгчээ баярлуулж, эсрэг талыг гомдоох зүйл гардаг. Энэ бүгдийг хэрхэн даван туулдаг вэ, магадгүй зарим үед дарамтлуулах зүйл гарч байв уу?
-Өдгөө 18 дахь жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж олон хэрэг маргаанд оролцож байсан. Үйлчлүүлэгчээ баярлуулсан нь олон ч эсрэг талыг гомдоосон шийдвэр гаргуулж байсан л байх. Гэвч нэгэнт мэргэжлийнхээ ёс зүйг баримтлан ажиллаж байгаа учраас асуудлыг өөр дээрээ тусгаад, хүндээр хүлээж авч байсан тохиолдол цөөхөн. Айлган, сүрдүүлэх дарамт шахалт ирж байгаагүй. Гэхдээ хэл амаар дайрах, элс, будаа өрөөний үүдээр цацах мэт зүйл мэр сэр байдгийг үгүйсгэхгүй. Аргаа барсан хүмүүсийн л үйлдэл, хандлага байх даа гэж ойлгож ирсэн дээ.
-Таны ажил, амьдралын үнэт зүйл юу вэ?
-Миний хувьд хамгийн чухал үнэт зүйл бол Удвал гэдэг хувь хүн би өөрөө, миний үзэл бодол, итгэл үнэмшил, үр хүүхэд, хань ижил, ажил мэргэжил маань юм. Энэ бүгдэд тэнцвэрийг нь олоод явахыг л хичээдэг. Өмгөөлөгч болсноосоо хойш 10 жил тасралтгүй амралтгүй ажилласан байдаг. Харин сүүлийн жилүүдэд ажил амьдралаа тэнцвэртэй болгох, өөртөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэнд, амьдралын зөв дадал хэвшилд анхаарахыг хичээж байгаа.
-Цаашдын зорилго, мэргэжлийнхээ хүрээнд юунд хүрнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй явдаг вэ?
-Бусдын адил сайн сайхан амьдаръя, ажил мэргэжлээрээ өсөж дэвжье гэсэн хүсэл тэмүүлэл байлгүй яах вэ. Дотроо бодсон зүйлүүд бий. Ажил мэргэжлийнхээ хүрээнд нийгмийнхээ сайн сайхны төлөө тодорхой хэмжээний гар бие оролцож, өөрийн чадах бүхнээрээ бусдад тус дэм болохыг боддог. Мэргэжилдээ улам л дурлаад гүнзгий эзэмшихийг зорьж байна.
-Өмгөөлөгчөөр ажиллаж байгаа энэ үеийн санаанаас гардаггүй бахархмаар, дурсамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу?
-Учраа олохгүй, хаана, хэнд хандахаа мэдэхгүй, хүн бүрийн буруутгасан харцтай тулгарч орох байх газраа олж ядан яваа нэгэнд тусалсны дараа нүдэнд нь баярын нулимс цийлэгнээд “Өмгөөлөгч өө баярлалаа” гэх мөч л хамгийн бахархам байдаг даа. Энэ ташрамд миний хамгийн анхны эрүүгийн хэргийн үйлчлүүлэгч 15 настай хүү байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 15 жил нэг хоногийн ял сонсоод, өмгөөлөгч миний гомдлоор Улсын дээд шүүхэд хандаж долоон жил зургаан сар болж багассан байдаг юм. Шүүх хурал хаасны дараа тухайн үеийн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Батсайхан “За тэгээд, би ялыг нь багасгуулсан” гээд үйлчлүүлэгчдээ онгироод байв аа. Сайн өмгөөлөгч болоорой” гэж хэлж билээ. Шинэхэн өмгөөлөгч, анх удаа Дээд шүүхийн хуралд орж байгаа, содон харагдсан байх л даа. Биеэ битгий тоогоорой, даруу төлөв, сайн өмгөөлөгч болохыг хичээгээрэй гэж загинасан янзтай хэлж байсан ч миний л төлөө гэсэн үг шүү дээ гэж эерэгээр дотно хүлээж авч байлаа.
-Та арын сайхан хангай гэгддэг уул ус нь тэгширсэн байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газар олонтой үзэмж төгс нутгийн хүн. Энэ сайхан нутгийнхаа юугаар нь илүү бахархаж явдаг вэ, онцлоод хэлбэл?
-Манай аймгийн төв Эрдэнэбулган сум Улаанбаатар хотоос 500 орчим км зайтай. 1923 онд засаг захиргааны өөрчлөлт хийж Сайн ноён хан аймгийн суурин дээр Цэцэрлэгмандал уулын аймгийг байгуулсан гэж үздэг. Өнгөрсөн онд 100 жилийнхээ ойг өргөн тэмдэглэсэн. Тамир, Орхон, Хануй, Хүнүй, Чулуут, хойд урд Тэрх, Суман, Гичгэнэ, Согоот, Цэнхэр зэрэг олон голтой. Тэрхийн цагаан, Өгий, Дөрөө, Холбоо, Хөх, Цайдам, Дуут, Хөдөө зэрэг олон нуур цөөрөмтэй. Хадат, Үүртийн тохой, Мухар хужирт, Цэнхэр, Шивэрт, Улаан эрэг, Бор тал, Цагаан сүм, Чулуут гэх мэт хүний эрүүл мэндэд тустай халуун, хүйтэн рашаануудтай. Хорго, Тэрхийн цагаан нуур, Суман гол, Чойдогийн боргио, Чулуут гол, Цэнхэрийн рашаан, Суварга хайрхан, Тайхар чулуу, Булган уул, Өгий нуур зэрэг байгалийн үзэсгэлэн цогцолсон нутагт маань гадаад, дотоодын жуулчдын хөл тасардаггүй. Хиргисүүр, булш бунхан, хот балгадын туурь, гэрэлт хөшөө, хадны сүг зургаар асар баялаг нутаг. Архангай аймгийн есөн гайхамшгаар Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолборуудыг тодруулсан байдаг. Ийм сайхан газар нутагт төрж өсөж, ажиллаж амьдарч байгаа азтай хүн дээ.
Д.Гэгээ
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n