Адистидийн дээдийг өршөөгч язгуур үндэсний Лам
Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт Ядам
Ад зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын сахиусанд
Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмой.
Олон зүйлээр бэлтгэж сэтгэлээр хувилгасан тахилын чуулган
Огторгуйн түгээмэл энэ бүгдийг огоотод дүүргэн өргөе.
Орчлон тэргүүлэшгүйгээс хураасан алдаа уналыг наминчлан боомтолж
Олон эгэл ба хутагтын бүх буянд даган баясая.
/Анхдугаар богд Өндөр гэгээн Г.Занабазарын Монгол орны эв нэгдэл, сайн сайхны тухайтад зохиосон “Жанлавцогзолма” буюу “Адистидийн дээдийг хайрлагч эх” номоос/
ОЧИРВААНИЙН ОРНЫ АДИС ЖАНЛАВ
Монгол Улсын хүний гавьяат эмч, Монгол уламжлалт анагаах ухааны “Манба дацан” хийдийн Хамба лам, зөвлөх оточ, Билгүүн номч Дамдинсүрэнгийн Нацагдорж бээр Очирваанийн орон буюу Отгонтэнгэр хайрханы адис жанлав оршсон Завхан аймгийн Цагаанчулуут суманд 1957 оны улаагчин тахиа жилийн хавар эрдэнэт хүмүүний төрлийг олон эхээс мэндэлжээ. Түүнд Нацагдорж буюу Элдэв-Очир хэмээх нэр хайрласан нь цаашид бурхан шашныг дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэх үйлийг нь адисласан гэлтэй. Нацагдорж хэмээх солбисон очир нь тарни, гүн ухааны мөн чанарыг багтаан бэлгэддэг утгыг агуулна хэмээх бөлгөө.
“Хүн төрөх газраа өөрөө л онож төрдөг” хэмээн түүний хэлдэг нь ч гүн утгатай. Отгонтэнгэр хайрханы ар, өвөр, эргэн тойрны нутаг усанд Дилова хутагт Б.Жамсранжав, Жалханз хутагт Р.Дамдинбазар тэргүүтэй олон эрдэмт хутагт хувилгаад, нэртэй цуутай лам хуврагууд төрж хүй цөглөжээ. Тэдний орчин цагийн нэгэн төлөөлөл нь Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж хэмээн бардам нэрлэж болно. Түүнийг Нарованчин гэгээнтний хойд дүр хэмээн нутгийнхан хэлэх нь ч бий. Нарованчин гэгээнтний өмнөх дүр түүний төрсөн Цагаанчулуут сумын залгаа Шилүүстэй суманд хийд оронтой залран сууж, Дилова хутагт Б.Жамсранжав хийдийг толгойлон байснаас энэ бүхэн үүдэлтэй буй за.
Монголыг даагч увдистай, сайн цагийн мянган бурхан бүгдийн дэргэд залрах ерөөлтэй Очирваань бурхны өлгий нь Отгонтэнгэр хайрхан гэдэг. Шашин номыг чандлан хааж, хатуу хянаж асан 1970-аад оны үест ч Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумын номтой өвгөд үдшийн бүрий тасармагц бор авдраасаа “Сундуй”, “Жадамба”, “Алтангэрэл” тэргүүт, бараан хөх хуудаснаа алтан үсгээр барласан судруудаа гаргаж ач үрсээ тойруулаад өрхөө бүтээн лааны гэрэлд хэдэн цагаар айлдан суудаг байсан сан. Мөнөөх чанга хяналтаас далдалж буй нь тэр. 1930-аад онд сүм хийдүүдийг буулгаж, эрдэмтэй сайчуудыг нь егүүтгэж, хатуу ширүүн хорьж цагдаж байсан ч тэдгээр өвгөд номын дуу таслалгүй ардчиллын жилүүдтэй золгосон ачлалтай. Тийнхүү ном судрын залгамж тасраагүй орон нутагт заяаж мэндэлсэн нь Д.Нацагдорж хамбатаны хэтийн ирээдүйд шууд нөлөөлсөн нь дамжиггүй.
Аливаад авхаалжтай Д.Нацагдорж хүү 1974 онд худам монгол бичгийн ном олж уйгагүй сонирхон үзсээр сар хүрэхгүй хугацааны дараа ямар боловч гаргаж уншиж эхэлжээ. Зол буянаар Доржийн зохиосон төвөд хэлний ховор нандин сурах бичиг олохтой зэрэгцэн 1975 онд номын өвгөн багштайгаа ч нүүр учрав. Үүнийг чухам эртний ерөөл тавилан гэлтэй. Очирваанийн орон ийм увдис жанлавтай, сонин хачин учрал буянаар үргэлж гайхашруулж байдаг оюуны суутнуудын өлгий билээ.
Түүний туулсан замыг болшгүй бүхнийг сөрсөн түүх хэмээн хэлэлтэй.
ГИДРОТЕХНИКЧЭЭС АНАГААН АСРАГЧ
Галав бээр гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурьдатгаж
Гаслант орчлонг эцэслэхийг хүртэл бат оршихыг залбирмой.
Гагц үүгээр жишсэн хамаг буяны цогцсуудыг
Гайхамшигт гурван цагийн бурхад шавь нарын ерөөлчилсөнөөр
Амьтан бүхний балай мунхгийн харанхуй бүхнийг арилгаж
Аливаа хамгийг айлдагч билгийн гэгээнийг мандуулахад зориулмой.
/“Адистидийн дээдийг хайрлагч эх” номоос/
Д.Нацагдорж тухайн цагийн нөхцөл байдлын шалтгаанаар шууд сахил сахиж санваартны зам мөрөөр орсонгүй. Техникумд элсэж гидротехникч болж 1978 онд сургуулиа дүүргэв. Усжуулалтын системийн техникчийн диплом өвөрлөсөн залуу Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйд гидротехникчээр ажиллаж, удалгүй Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн бүс нутагт хоёр жил усжуулалтын систем байгуулж амжилттай хүлээлгэн өгчээ. Газар орныг усжуулж, хүн, мал, амьтныг ундаалж, цангааг тайлна гэдэг бас л их буяны мөр дагуулсан ажил. Аливаа хүн ажил мэргэжлээ буяны үйлсэд урвуулан ашиглууштай гэсэн түүний мөрдлөг ч ийн биелсэн хэрэг.
1980 он гарав. Нийгэмд алсуураа шинэчлэлийг сэм сэмхэн чимээлж, хүсэмжлэх хандлага үүсэх шинж орж байсан цаг. Усжуулагч техникч Д.Нацагдорж мөн л ерөөл тавилангаар Шашны сургуульд элссэн байна. Бурханы шашны гүн ухаан, сургаал, номлол, цадиг түүхийг үзэхийн сацуу багад нь ном заасан өвгөн багшийнхаа айлдвараар 1981 оноос хүн үзэх, анагаах эрдмийг сонирхож, сэм далдуурхан хүн эмнэж эхэлжээ.
Чухамхүү Бодисадвын ерөөлд дурдсанчлан:
“Этгээд зүг бүхэнд бие, сэтгэлийн
Элдэв зовлонт өвчтөн бий бөгөөс
Даамай миний буянаар тэд бүхэн
Далай мэт амар баясалд умбаасай”
хэмээхүй ёсоор бусдын тусад буянаа зориулах зам мөрд тэрбээр ийнхүү эргэлт буцалтгүй оров. Гидротехникчээс анагаан асрагч болох гараа ч ийнхүү эхэлжээ.
Мэдээжээр цагийн байдал хатуу хэвээрээ л байлаа. Гэхдээ л 1980-аад оны дунд үеэс өөрчлөн байгуулалтын салхи хойд зүгээс сэвэлзэж хахир цаг уярах шинж төлөв үзэгдэх болов. Шашны хэрэг эрхлэх газраас Энэтхэгийн Дармасала хотод гүн ухааны чиглэлээр залуу лам нараас сургах шийдвэр гаргаж Гандантэгчинлэн хийдэд хандаж мэр сэр хүн явуулж эхлэв. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Хамба лам, их номч Х.Гаадан 1988 онд залуу лам нараас хэдэн хүний нэр дээш айлтгаж, төрийн хамаг хэргийг шийдэж байсан МАХН-ын Төв Хорооноос бүтэн жил тандсаны сүүлээр 1989 онд хоёр хүнийг уламжлалт анагаах ухааны чиглэлээр Энэтхэгт сургах болсны нэг нь Д.Нацагдорж байв.
Жилийн дараа, сургуулийнхаа завсар чөлөөгөөр эх орондоо ирэхэд нь ардчилсан хөдөлгөөн нэгэнт эхэлж, шашин ном дахин дэлгэрэх нигуур олж, хүн бүр хүссэн сайн бүхнээ хийж болох чөлөө учрал бүрдсэнээр түүний Билгүүн номч хүртэл ахих зам нээгджээ.
ВАНТ УЛСАД БИШРЭГДСЭН МОНГОЛ АСРАХУЙН УХААН
Асар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэн
Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр авар.
Эгэл нисваанисын муу үйлийн үр цагтаа боловсорсон
Элдэв зовлонгийн энэ түймэр бүхэн аяндаа амирлаад
Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асралаар найрамдаж
Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх оо.
/Жанлавцогзолма номоос/
Нэгэнт хүссэнээ хийж болох цаг ирсэн тул анагаах ухааны Манба дацан байгуулах санаа төрж, Х.Гаадан хамба тэргүүтэнд дуулгасан ч улс даяараа хөрөнгө мөнгөний гачигдалд орсон үе тул санасанчлан бүтээхэд бэрхшээлтэй тулгарчээ. Ардын банкнаас өндөр хүүтэй зээл авч, мөнөөх банк нь татан буугдаж, олон олон саадтай тулгарч явсаар НИК-ийн захирал агсан Ж.Оюунгэрэлтэй уулзаж зээл авснаар дацангийнхаа ажлыг жигдэлж, өдөр тутмын үйл ажиллагаагаа залгуулж эхэллээ.
Энэ үеэр мөн л урьдын ерөөл гэлтэй, Анна Мария хэмээх Төвөд анагаах ухаан судлаач хатагтай Монголд ирээд байхад нь уулзахуйд Д.Нацагдоржийн эрдэм ухааныг танин Англид урьжээ. Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад очоод лекц уншиж, судас барьж, хүн анагааж, зурхай зурж, Швейцарьт залагдаж, улмаар тэр бүхэн нь тодорхой үнэ тарифтай болж, ирэн очин 10-аад жил явж, Монголдоо анагаан тэтгэх үйл ажиллагаа явуулах, өмнөх өр зээлээ барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй ч болов. Монгол асрах, анагаах ухааны ид шид, номын үгийн хувилгаан шидийг ч гадаадынхан ухааран биширчээ. Төвд, хятад оточ нартай Калаш хэмээх эмнэлэгт Монголынхоо нэрийг сайнаар гаргахыг чармайн ажиллаж, дорнын хийгээд монгол уламжлалт анагаах эрдмийн шидийг харуулж чадав.
Цаашдын хичээл зүтгэлийн үрээр өнөөдрийн Мамба дацан цогцлон бүтэх зам ч шуударсан байна. Тэрхүү Манба дацангаа 1760 онд Их Хүрээнд байгуулагдаад 1938 онд хэлмэгдлийн шуурганд өртөн сүйрсэн “Бусдад Туслахуй Анагаах Ухааны” Манба дацан” хийдийг уламжлан шинээр барьж байгуулсан гэж үздэг нь ч учиртай.
ҮГИЙН ХУВИЛГААН ШИД
Хэзээ ч хуурмаггүй итгэл минь аврагтун аврагтун
Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун болгоогтун
Хэдүй эртний тангаргаа бүү алмайрагтун, бүү алмайрагтун
Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалагтун таалагтун
Бурхан шашны нарны гэрэл арван зүгтээ мандах ба
Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд
Бузар түйтгэрийг арилгаж буяныг төгс үйлдсэн Бурханы хутаг
Бушуу түргэнээ амьтны тусын тулд хүрэхүйеэ болтугай
/Жанлавцогзолма номоос/
Сэтгэлээ номхотгож, анагаах увдист эмч, лам, бурхнаа шүтэж, явдал мөрөө цэгцэлж чадвал эдгэрдэггүй өвчин бараг байдаггүйг Д.Нацагдорж хамбатан айлддаг. Тэр дундаа бурхны номын үг авиа, ая дан тэргүүтэн бүгд цаанаа учир жанцан, томъёололтой байдаг агаад түүнд итгэж биширч сүсэглэвээс ямар ч аюулт өвчнийг илааршуулах увдистай байдаг хэмээнэ.
Тэгэхдээ бурхны ном, тарнийг төвөд, санскрит хэлээр урин айлдах нь Бурхан багшийн үеэс эрдэмтэн мэргэдийн болгоож бясалгасан томъёолол байдаг учир орчуулан унших нь нөлөө чанарыг бууруулдаг нь бас үндэслэлтэй гэнэм. Ая дан, үгийн зохирол, эгшиг, гийгүүлэгч үсгүүдийн нийцэл нь төвөд, санскрит хэл дээрээ яв цав томъёологдсон байдаг учир ид шид, хүнд нөлөөлөх увдис, сүнслэг амьд чанар нь түүндээ байдаг, аль ч үндэстний хүн зонд ижлээр үйлчилдэг гэдгийг лам, хуврагууд айлдсан нь бий. “Сайхан үгээр нийгэм ариусдаг” хэмээн Д.Нацагдорж хамбатан хэлдэг нь хэн хүнгүй амны алдас ихээхэн хийдэг болсон өнөө цагт чухам бодох хэрэг.
Д.Нацагдорж хамбатан “Цөвүүн цаг удаан үргэлжлэх ч цөв бүхнийг гагцхүү хүн л үйлддэг” гэсэн нь ч Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн хэлсэн “Там там гэвч Там хаанаас байх вэ. Тамтаггүй явбаас там гэдэг тэр болой” гэсэнтэй агаар нэг сонсогдоно. Гагцхүү тарни номын үг төдийгүй жирийн иргэдийн өдөр тутам хэлж буй үг, бодож буй бодол, үйлдэл бүхэн томъёолол болон амьдрал ахуй, ажил үйлс, эрүүл мэндэд сайн болон саараар нөлөөлдөг нь өнөөдөр шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдоод буй. “Эд, мөнгийг хэтэрхий хүсэхгүй байх нь эд хөрөнгийг өөрөө хураадаг” гэснийг ч санууштай. Магадгүй цөөнгүй монгол хүн хөрөнгө мөнгө хэтэрхий хүссээр “Хүсэхэд хясна” гэгч болж байгаа юм биш биз.
Хамбатан тэргүүт тэдний дацангийн уламжлалт анагаах ухааны алтан гартнууд дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед ч уламжлалт эм тангаа нийцүүлэн барьж, орчин цагийн эмчилгээтэй дүйцүүлэн хослуулж хотол олныг асран илааршуулах үйлсэд зүтгэсээр явсан билээ.
Сайн үг, сайхан мөрөөдөл, оточ эмч нарын анагаах увидастай зохирон ямар ч аюулт өвчнийг гэтэлгэж болдгийг Д.Нацагдорж хамбатаны тэргүүлдэг Манба дацангийн оточ нарын анагаах эрдэм харуулсаар байна.
БИЛГҮҮН НОМЧИЙН ХЭТИЙН МӨРӨӨДӨЛ
Чухаг дээд лам гурван эрдэнэ үнэний адистид ба
Чухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэний хүчин
Чуулсан бид бүгдийн сүсэг ба номын сахиулсаны үйлсээр
Чухал хүссэн бүгд сэтгэлчлэн бүтэхүйеэ болтугай.
Аврал бүхэн хурсан ачит ламын адис ивээлээр
Ахуй үес хийгээд алс хэтийн хамаг гутамшиг амирлаад
Амирлангуй нирваан сансрын сайн чуулган өөрөө бүтэхийн
Ариун хотол чуулганаар цэнгэхийн өлзий хутаг орших болтугай.
/Жанлавцогзолма номоос/
Монгол Улсын хүний гавьяат эмч, Манба дацангийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржид цаашид ихийг бүтээх хэтийн мөрөөдлүүд бий. Тэрбээр анх зорьсон зорилгынхоо 70 хувийг нэгэнт гүйцээжээ. Олон жил тасарсан Мааранбын дамжааг бариулах бэлтгэл хангаж буй нь түүний нэг мөрөөдөл. Дөч шахам жил судас барин зон олныг анагааж яваа тэрбээр “Сэтгэлээ тогтоож байж оношийг зөв тогтооно.Сэтгэл гэдэг биегүй ч бодитой тунгалаг зүйл” хэмээн шавь нартаа айлддаг байна.
Хамбатан эх орныхоо онгон тансаг байгалийн анагаах чадалтай сор ургамал, эрдэс түүхий эдээр тан барьж, сэтгэлээ шингээн равнайлдаг ажээ. Эмийн ургамлаа өөрөө явж ном ёсоор түүн боловсруулж, түүнд асрахуй сэтгэлээ шингээн байж тангаа бэлтгэдэг адистай. Дан эм тангаар бус, сэтгэл заслаар, гүрэм заслаар эдгэрдэг өвчин ч байдаг гэх. “Монголчуудад үеийн үед сайн замаар явж ирсэн түүх, цэлмэг ухаан бий. Монгол хүний ген бол сор ген юм шүү” хэмээн тэрбээр бахархалтай өгүүлдэг.
Хожмын цагт хумхийн тоос ч авч явахгүй нөгөө ертөнцөд одох энэ орчлонд Монголын ард түмэндээ дээдийн номын ухаан, анагаах шидтэй эм, тангийн жор, эрдэмтэй шавь нараа үлдээх нь түүний дээдийн хүсэл билээ.
Сэтгэгдэл ( 0 )