“Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл , Хөгжлийнбанкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Мянганы сорилтын II Компакт гэрээний Хаягдал ус дахин боловсруулах төслийг хариуцсан захирал Д.Мэндсайхан нарын байр суурийг онцоллоо.
О.Алтангэрэл:
-УИХ-ын гишүүдийн эдлэх баталгаатай холбоотой зохицуулалт 1992 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн. Нэг хэсэг орон нутгаас сонгогдсон гишүүдэд байр олгож байсан. Харин одоо энэ үйл ажиллагаа зохимжгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс улс төрийн шийдвэр гаргаад энэ зүйл, заалтыг хүчингүй болгоход татгалзах гишүүн гарахгүй болов уу.УИХ-ын гишүүн гэдгээр давуу байдал эдэлж цалин мөнгө нэмж аваад, буухдаа ч янз бүрийн тэтгэмж аваад байх шаардлагагүй. Тиймээс хэн нэг гишүүн энэхүү тэтгэмж олгох заалтыг хасах хуулийн төсөл санаачилвал хамгийн түрүүнд гарын үсэг зураад, хууль санаачлагчаар явна. Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент хувь гишүүнтэй холбоотой эрх ямба, тэр дундаа санхүүгийн эрх ямбаас эрс татгалзаж, жишиг тогтоовол цаашид уламжлагдаж явна гэсэн бодолтой байна.
З.Нарантуяа
-"Хөгжлийн банкны газар, хэлтсүүд бүрд улс төрийн олон фракцуудын төлөөлөл томилогддог түүх байсан. Хоорондоо тус тусдаа бие даасан газар мэт харьцдаг байсан ч үе бий. Одоо энэ хамт олон нэг зорилгынхоо төлөө нэгдээд явья гэж байгаа. Ямар ч юманд хууль эрх зүйн орчин, явах зам нь тодорхой байж итгэл төгс үйл ажиллагаагаа явуулна. Олон хүн "Би зээлийн газар орохгүй, өөр л газар намайг шилжүүлээд өгөөч" гэж орж ирж байгаа. Гэтэл зээл гэдэг зах зээлийн эдийн засгийн үед бизнесийг тэтгэж байдаг санхүүгийн эх үүсвэр. Хүнээр бол судсаар урсаж байгаа цус нь. Гэтэл үүнийг авсан, олгосныхоо төлөө энэ олон хүн яллагдаад сууж байдгийг таслан зогсоох хэрэгтэй. Айдас хүйдэс, хардлага сэрдлэгэд автчихсан Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэх нь бүү хэл, өөрсдөө оршин тогтнож чадах уу гэдэг дээр ирчихсэн байна. Айдаст автсаар байгаад нэг ч шинэ зээл гаргахгүй, үйл ажиллагаа нь агшсаар байгаад нэг мэдэхэд хаалгаа барихад тулчихсан. Хөгжлийн банкийг дампууруулахад Засгийн газар, УИХ, төр өөрөө гол нөлөө үзүүлж ирсэн.
Б.Баасандорж:
-1997 оны УИХ-ын тухай хуульд "Дахин сонгогдоогүй гишүүнд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох"-оор заасныг 2006 оны хуулиар 12 сар болгон өөрчилснөөс хойш 2020, 2024 оны хуульд хэвээрээ туссан”. 126 гишүүний 81 нь анх удаа сонгогдсон. Дахин сонгогдоогүй бүх гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсны дараа олгодог тэтгэмжийг аваагүй. Энэ тэтгэмжийг авахдаа өөрөө өргөдлөө өгдөг бөгөөд 10 гаруй гишүүнд олгосон.
Д.Мэндсайхан:
-Эдийн засгийн энэ хурдацтай өсөлтийг хангах дэд бүтэц буюу эрчим хүч, дулаан, ус хангамжийн асуудлыг оновчтой, цаг алдахгүй шийдэх нь хотын, цаашлаад улсын хөгжилд шууд нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд хот маань тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр онцгой анхаарч шийдэмгий арга хэмжээ авч, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Сэлбэ дэд төвийн дулааны станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын зай хураагуурын станц гээд ар араасаа шил дараад ашиглалтад орж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй л байна. Харин Усны компактын хүрээнд Ус хангамжийн асуудлыг урьдчилан шийдвэрлэж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй.
Сэтгэгдэл ( 1 )
Өргөдөл өгсөн ӨЛӨН 10гишүүнээ зарла татвар төлөгчдийн мөнгө шүү хурга минь