Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн сонирхол "ТАВАНТОЛГОЙ"-г өөртөө авах байсан

Ж.Сондор | Zindaa.mn
17 цагийн өмнө

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өчигдөр (2025.01.07) “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр өгсөн мэдээлэлдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон П.Цагаан нарыг баривчлах тушаалыг хүчингүй болгосон талаар дараах хариултыг өгчээ. 

Тэрбээр "Би бүрэн мэдээллийг цаасаар аваагүй байна. Яг цаасан дээр юу гэж гарсан болохыг Хууль зүйн сайд танилцуулах болов уу гэж бодож байна. Иргэд олон нийтэд хандаж хэлэхэд шүүхтэй холбоотой асуудал болохгүй байгаа талаар би удаа дараа илэрхийлсэн. Харамсалтай нь гүйцэтгэх засаглал, шүүх засаглалын ажил руу хөндлөнгөөс оролцоод байна гэх шүүмжлэл яваад байна. Олон нийт шүүхийн байгаа байдлыг харж байна. Ц.Элбэгдорж, Д.Эрдэнэбилэг болон Ц.Элбэгдоржийн ойрын хамаарал бүхий этгээдүүдэд манай шүүх ерөөсөө үйлчилдэггүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүхэд эргэж буцсаар арав гаруй жил боллоо. Миний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа нь зөв буруу эсэхийг ард иргэд дүгнэлт хийнэ биз. 

Гашуунсухайт-Ганцмодны боомтын хэлэлцээр сая хоёр улсын дунд болж гурав дахь төлөөллийг оролцуулахгүй байх гэрээ хийж, УИХ-аар хэлэлцээр байгуулагдах эхний баримт, бичиг батлагдсан. Ц.Элбэгдоржийн сонирхол "Таван толгой"-г өөрөө авах л байсан. Энэ ерөөсөө нууц биш. 2013 онд Хөхөөгийн Ганболд, Г.Батцэнгэл, Д.Энхтүвшин гэх хүмүүс очоод Хятадын талд "Таван толгой"-г өгье гэх санал тавьсан байдаг. 2014 онд MMC буюу тодорхой аж, ахуй нэгжүүдийг хувь эзэмшүүлж оруулна. 51 хувьд нь Монголын аж, ахуй нэгжүүд орно. Гэхдээ "Таван толгой"-н хувь 0, Хятадын талд 49 хувийг өгнө гэдэг гэрээнд гарын үсэг зурагдсан. Үүний дараа 51 хувиа дөрөв хувааж Ц.Элбэгдорж ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Үүний дараа энэхүү баримт бичгээ устгасан. 

 

 

Сая Шанхайд Ерөнхий сайдтай нь уулзах үед энэхүү баримт бичгийн талаар сурагласан. Энэхүү баримт бичгийг надад өгсөн. Үүнийг би УИХ-ын гишүүд болон Байнгыг хорооны гишүүдэд үзүүлсэн. Эцэст нь ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр тогтоол батлагдсан. Тиймээс 2003 оноос эхлээд "Таван толгой" гэдэг компанийг авах нь бизнес моделийнх нь үндсэн цөм гэж үзсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрхийг маш их зөрчиж байгаа.

Хоёрдугаарт "Таван толгой" компанийг өөрийнхөө өрсөлдөгч гэж үзсэн хоёроос гурван компани байгаа. Тэдний эрх ашгийг зөрчсөн, төмөр зам баригдсан тохиолдолд. Гуравдугаарт Баяннуурт байгаа Нүүрсний сонсголын үеэр ил болсон нэр бүхий 11 компани үндсэндээ төмөр зам баригдвал машинаар нүүрс тээвэрлэдэг бизнес нь ашиггүй болно. Ийм учраас Гашуунсухайт-Ганцмодтой холбоотой хэлэлцлийг зогсоох гэж Шанхайд очиж Ли Чан Ерөнхий сайдтай уулзсан уулзалтын маргаашнаас эхэлж ийм асуудлууд үүссэн.

Жагсаал, цуглаан янз бүрийн асуудал болж байгаагийн ард эд нар л санхүүжүүлж байгаа. Шууд хэлэхэд П.Цагаан болон түүний хүү санхүүжүүлж байгаа. Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул энэ жагсаалтай холбоотой асуудлыг санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компаниудтай холбоотой. Ц.Элбэгдорж удахгүй ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байгаа. Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийн үед шүүгч болж байсан хүмүүс. Одоо бол эзэндээ үйлчилж байна. 

Мөн Баялгын сантай холбоотой асуудал байна. Баялгын сангийн тухай хуульд стратегийн ордуудын 34 хувийг иргэдийн хадгаламж байна гээд хуульчилчихсан байгаа. "Оюу Толгой"-н 34 хувь, "Эрдэнэт" үйлвэрийн 34 хувь бүгд иргэдийн хуримтлалын сан болчихсон. Эхний үр дүнгээ иргэд аваад иргэн бүрийн дансанд хуримтлал үүссэн. Оны эцэст энэ 160 мянган төгрөг орчим болж байгаа байх. Энэ асуудлыг хүчингүй болгох гээд энэ хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байгаа. Одоо нүдний цэцгий мэт энэ хуули хайрлан хамгаалахгүй бол яг л ийм хуйвалдаан явна. Дээрээс нь мэдээж томилогдсон эзэндээ үйлчилж байгаа шүүгч нар үүнд оролцоно. Харамсалтай нь Засгийн газрын хувьд шүүхийн шийдвэр болон бусад асуудалд бид нөлөө үзүүлэх ямар ч боломжгүй. Гэхдээ олон нийт, иргэд юмыг маш хэрсүү хардаг. Энэ бүх авилгалтай холбоотой асуудал, эдгээр бүх ордуудтай холбоотой асуудлыг шүүх 10 жил барьлаа. Цаашид энэ мэтчилэн асуудлууд болно. Тиймээс цаана байгаа агуулгыг нь илүүтэй олж хараасай гэж хүсэж байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(66.181.180.172) 9 цагийн өмнө

Nuursnii buh uurhaigaas ard tumen huvia abmaar baina negel chimeegui hulgailsaar zoosoor heden ger bul ulsaasaa bayn tord noloolsoor odoo bolno

1  |  0
Бат(202.9.46.66) 12 цагийн өмнө

Ард түмэн парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач

0  |  0
songogch(202.9.46.199) 15 цагийн өмнө

эрүүгийн элментүүдээ дийлдэггүй засгийн газар, ерөнхийлөгчөөр яах ч юм билээ...34 жил ярьлаа.....бүгд огцор.....

1  |  0
Зочин(202.9.40.162) 5 цагийн өмнө

Р.Чингис гэгч Боловсролын яаманд танилаараа арын хаалагдаж байгаад 2 жилийн хугацаатай АНУ-ын Деневер хотод төрийн зардлаар явсан гэдэг ба Америкт АН-ын Элбэгдорж,Сайханбилэг нартай маш дотно харьцаатай болсон,тэгээд л Сайханбилэг Е/сайд болонгуутаа цагдаад газрын дарга ч хийж байгаагүй,нэр хүндгүй бялдууч Р.Чингис гэдгийг ЦЕГ-ын даргаар шууд томилсон,тэр цагаас эхлэн тэдний бүх булхайг аргалж үйлчилдэг,түрийвч 1 хүн нь болсон этгээд шүү дээ! Одоо тэгээд Чингисээ зайлуулаач,оросын эрлийз дүү Р,Саруул нь МАН-ын л нөмөрт гүйдэг нөхөр! Зүгээр л сүртэй ярихаас цаашгүй,олныг талцуулаад байх юм

3  |  0
Top