Өмнөговь аймгийн 80 жилийн ой 7-р сарын 22, 23-ны өдрүүдэд өнгөтэй сайхан болж өнгөрлөө. Манай сайтын сурвалжлах групп Өмнөговь аймгийн ойн баяр наадмын цогц сурвалжлага бэлтгэснээ уншигч олондоо цувралаар хүргэж байна. Энэ удаад тус аймгийн засаг дарга Б.Бадраатай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг толилуулъя.
-Сайн байна уу? Сайхан зусаж, сайхан наадаж байна уу та?
-Сайхаан, сайхан. Урьд жилүүдийг бодвол энэ жил зуншлага их сайхан байна. Сүүлийн хэд хоног 40 градус хүртэл халж, жаахан хуурайшсаныг эс тооцвол хуртай, ногоотой сайхан зун болж байна. Цаг сайхан болохоор баяр наадам ч сайхан болж байна.
-Энэ жилийн наадам ямар түвшинд болсон гэж дүгнэх вэ. Танай аймгийн 80 ой тохиолоо?
-Энэ жилийн наадам ямар болсныг ард түмэн л ярих байх. Миний бодлоор Өмнөговьчууд хийсэн бүтээсэн ажлаасаа гадна маш сайхан наадсан. Ардын Хувьсгалын 90 жилийн ойгоор манай аймгаас улсын начин хоёр төрлөө. Хоёр начнаараа Өмнөговьчууд бахархаж байгаа. Мөн бид энэ жилийн наадмын нээлтийг өмнөх жилүүдээс өөр хэлбэрээр хийх юмсан гэж бодож, нэлээн бэлдсэн. Үүнийг иргэд маань үнэлж байна. Энэ жилийн наадмаар Өмнөговиор овоглодог хүмүүс ирж, хөлтэй хөөртэй сайхан наадам болж байна. Өмнөговьчууд сүүлийн үед хурдтай болж байгаа. Шинэ уяачид их төрж байна. Үүгээрээ бас энэ наадмын онцлог юм л даа. Тухайлбал, өнөөдөр дөрвөн насны морьд уралдахад гурван насанд нь Өмнөговийн уяачдын морь түрүүлсэн байна. Хуучин бол Өмнөговийн наадамд өөр газрын морьд түрүүлдэг байсан бол манайхан өөрсдөө наадмын түрүүгээ авдаг боллоо. Үүний тулд манай уяачид их хичээж ажилласан нь харагдаж байна. Энэ мэтээр урьд урьдын наадмаас онцлогтой зүйл их байна.
-Аймгийнхаа 80 жилийн ойг угтаж ямар ажлууд амжуулав?
-Энэ жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болж байна. Бидэнд баярлаж цэнгэх чухал биш. Их ойгоо хөдөлмөр, бүтээлийн амжилтаар угтъя гэж 80 бүтээлч ажлыг бүх сумдад хийсэн. Тухайлбал Цогтцэций суманд урлаг спортын төв байгуулж байгаа. Мөн гадаах дулааны шугам сүлжээг нь сольж байна. Ханбогд суманд цэцэрлэг барьж байна. Даланзадгад хотод 5 км зам тавилаа, урлаг спортын том цогцолбор барьж эхлээд байгаа. Мөн эмч, багш нарын 50 айлын орон сууц, төрийн албан хаагчийн 20 айлын орон сууц барилаа. Хөгжимт бүжгийн театр, цэнгэлдэх хүрээлэнгээ заслаа. Энэ мэтээр олон сайхан ажил хийж, амжилтаар ойгоо угтаж байна. Бид Даланзадгад хотынхоо талбай, орчноо бүрэн засаж түүндээ урлагийн бүтээл оруулж, баримлаар чимэглэлээ. Мөн хотынхоо бүх гэрэлтүүлгийг сольсон. Шинээр барьсан замаа даган гэр хорооллуудыг гэрэлтүүлэх ажил эхнээсээ хийгдэж байгаа. Ер нь бидний 80 ажилд дан бүтээлч ажил биш тэмцээн уралдаан ч багтсан.
Манай Өмнөговь аймаг чинь Гурван сайхан уулынхаа хормойд оршдог. Анх гурван сайхан хүүхэн байсан болохоор Гурван сайхан гэдэг нэртэй болсон гэсэн домог байдаг. Энэ домогтоо үндэслээд “Шинэ Даланзадгад” хороололдоо бид усан оргилууртай, гурван хатан бүхий ган хөшөө хийлгээд дуусаж байна.
-Сүүлийн таван жилд Өмнөговь аймагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар ярихгүй юу?
-Би аймгийн засаг даргын үүргийг хүлээгээд гурван жил болж байна. Тэрнээс өмнө засаг даргын орлогчоор хоёр жил гаруй ажилласан. Тэгэхээр сүүлийн 5 жилийн бүтээн байгуулалтын ажлууд уул уурхайн компаниудаас хийгдэж байгаа гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Сүүлийн жилүүдэд ялангуяа "Энержи ресурс" компани 12 мегаваттын дулааны цахилгаан станц, 96 айлын орон сууц, нүүрс баяжуулах үйлдвэр барилаа. Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд 247 км замыг тавиад энэ жил ашиглалтад оруулна. Гэхдээ энэ бол сүүлийн 2-3 жилд л хийгдсэн ажил. Ер нь сумдад гэрэл цахилгааны асуудал, уурын зуух засах, сумынхаа 04-ын шугамаа засах зэрэг бүтээн байгуулалтын ажил нэлээд хийгдсэн. Харин томоохон бүтээн байгуулалтын ажил сүүлийн үед хийгдэж байгаа. Тэрнээс гадна орон нутгийн мах боловсоруулах үйлдвэр барьж байгаа. Орон нутагт уурхай байгуулагдахаар бид эндээсээ хоол, ундаар хангамаар байгаа юм. Дан хоол унд гэлтгүй хувцас, хэрэглэл зэргийг манайхаас хангахыг зорьж байна. Гагцхүү тэр нь чанарын станц хангасан байх ёстой.
-Даланзадгад хот өдрөөс өдөрт өнгө засаж байгаа нүднээ илт байна л даа. Цэнгэлдэх хүрээлэнгийнхээ гадна талд хурдан морины хөшөө бүхий усан оргилууртай талбай үнэхээр сайхан харагдаж байсан. Энэ талбайг хэн санаачилж бүтээсэн бэ?
-Бид Цэнгэлдэх хүрээлэнгээ иж бүрнээр нь зассан юм. Цэнгэлдэхийн гүйлтийн болон дотор талын замыг нь асфальтаар хучиж, суудал засаж, сүүдрэвч хийсэн. Гадна талынх нь зам талбайг хүртэл зассан. Цэнгэлдэхийн баруун талд баригдсан морины хөшөөтэй, усан оргилууртай талбайг Өмнөговь аймгийн 80 жилийн ойд зориулж “Ажнай” корпорациас барьж байгаа бэлэг. Эднийх тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ талбайн ажлыг өнгөрсөн сарын 30-нд дуусгасан. Хүмүүс нь их зүтгэсэн. Сайхан ажил болсон. Өмнөговь аймгийн хамгийн том талбай болж, иргэдийн маань бас нэг тухлах дуртай орчин болж байгаад баяртай байна.
-Хөшөөний билгэдлийн талаар?
-Уг нь бол таван морь гэж байсан юм. "Ажнай" корпорацийн ерөнхийлөгя Д.Бат-Эрдэнэ чинь өөрөө бол алдартай уяач хүн шүү дээ. Өөрөө хурдан морь сонирхдог болохоор тэрнийхээ төлөө явдаг хүн. “Өмнөговьчуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан. Би өөрөө адуунд дуртай хүнийхээ хувьд төрийн наадамд олон жил айрагдсан таван сайхан хурдан хүлгэдийн хөшөөг энд барина” гэж байсан юм. Энэ таван хурдан морины дүрс нь тус бүрдээ улсад айрагдсан хурдан хүлгүүд юм. Өмнөговьчуудын хувьд хийморь нь бадрах сайхан хөшөө гэж билэгшээж байгаа.
-Өмнөговь аймаг гэхээр Оюутолгой, Тавантолгойн асуудал яригддаг. Оюутолгойн гэрээг байгуулсан ч орон нутагт ашиггүй байна гэсэн яриа байдаг. Энэ байдал өөрчлөгдсөн үү?
-Энэ гэрээний талаар шүүмжлэлтэй хандаж байсан үе бол байгаа. Зарим хүмүүс ойлгохгүй байсан л даа. Оюутолгой чинь ашиглалтаа сайн явуулаагүй. Хайгуул, үйлдвэрлэлээ хийж байснаас яг гаргах ашиглалтаа хийгээгүй байсан. Ийм учраас тодорхой хэмжээнд орлого багатай байсан юмаа. Сүүлд нь бид Оюутолгойтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо ажлын хэсгүүд ажиллаж байгаа, удахгүй гэрээ болгож ажиллана. Ингээд ойлголцоод ирэхээр Оюутолгой компанийнхан орон нутгийн хөгжилд онцгой анхаарах шаардлагатай юм байна, ард иргэдийн төлөө сайн ажиллах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Тухайлбал энд урлаг спортын цогцолбор барьж байгаа. Тэрний 50 хувь буюу хоёр сая долларын хөрөнгө оруулалт хийлээ. Одоо өөр жижиг олон төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Одоо уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой залуусыг бүртгээд түргэвчилсэн сургалтад хамруулж байна. Цаашдаа уул уурхайн мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байгаа болохоор мэргэжил сургалтын төвийг өргөтгөж байна. Үүнээс гадна хөдөө сумдад эмчийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ бол төвөөс алслагдсан, мэргэжилтэн дутмаг байгаа хөдөө орон нутагт орон сууц барьснаар тэнд ажиллах эмч нарын тоог нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүн дээр бас санаачлагатай ажиллаж байгаа. Мөн багшийн, эмчийн тэтгэлэгт хөтөлбөр гээд боловсон хүчний асуудалд анхаарч ажиллаж байгаа. Мөн Ханбогд суманд салбар нээж байна. Одоо үл ойлголцлоо нягтлаад, санамж бичгээ хийгээд, ажлын хэсэг гаргаад эхлэхээр ажил явж байна. Энэ чигээрээ яваад байвал Өмнөговьд оюуны бөгөөд эдийн засгийн их хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бодол аймаг, орон нутгийнханд төрж байгаа.
-Орон нутгийн "Таван толгой" ХК-ийн ашиг жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Энэ нь аймагт ашигтай тусч чадаж байгаа юу?
-Аймагт ашигтай, хэрэгтэй. Ер нь төсвийн тухай хууль цаашид өөрчлөгдөнө байх гэж бодож байна. Одоо бол орон нутагт орох орлогыг үндсэнд нь юу ч үлдээлгүй хамаад явчих зорилготой хууль. Тэрнийхээ дагуу Сангийн яам ажиллаж байгаа. Наанаа бол худлаа орон нутагт эрхийг нь нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Гэвч нэмэгдүүлэхийн төлөө хуулиндаа өөрчлөлт оруулаад хийж байгаа ажил бол байхгүй. Орон нутгийн 51 хувьтай Таван толгойн орлого жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь Өмнөговьчууудын амьдралд үнэхээр чухал, ач холбогдолтой. Яагаад гэхээр 51 хувийг нь авах юм чинь орлого нь 20 тэрбум төгрөг боллоо гэхэд 51 хувь нь 10 гаруй тэрбум төгрөгийг авчихна, орлого нь 30 тэрбум боллоо гэхэд 15 тэрбумыг нь авчихна. Энэ жилийн хувьд ганц жишээ аваад хэлэхэд, "Таван толгой" ХК 2011 онд 70 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээсээ орон нутгийн 51 хувь болох 37 тэрбум төгрөгийг өгсөн. Үүнээсээ бид улсын орлогод дахиад төвлөрүүлэхээ төвлөрүүлнэ. Үүнээс гадна 80 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажил гэж 21 гаруй тэрбум төгрөгөөр бид том бүтээн байгуулалтын ажлыг 14 сум, 15 дахь нь аймгийн төв буюу Даланзагаддаа хийлээ. Аймгийн орлого нэмэгдэхийн хэрээр улсад өгөх орлого ч нэмэгдэнэ, бидэнд үлдэж байгаа нь ч мөн нэмэгдэж байгаа. Энэ бол хоёр талдаа ач холбогдолтой байж чадаж байгаа.
-Тэгвэл том Тавантолгойн ажил эхлэхэд орон нутгийн удирдлагын зүгээс бэлтгэлтэй байгаа юу?
-Том Тавантолгойн асуудалд орон нутгийн удирдлага ямар нэгэн байдлаар оролцох эрх байхгүй. Угаасаа Засгийн газраас бүх асуудлыг нь шийдэж байгаа. Орон нутагт өгөх үүрэг даалгаврыг бид биелүүлнэ.
-Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад уул уурхайн компаниудтай Өмнөговь аймгийн удирдлагууд хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой, Энержи Ресурс, Чинхуа Мак, Олон Овоот болон бусад компаниуд бий. Энэ компаниудтай үндсэндээ бол сайн гэж хэлж болохоор бололцоотой ажиллаж байгаа. Ялангуяа Оюутолгой, Энержи Ресурстэй нэлээд сайн хамтран ажиллаж байгаа. Бусадтай нь ч гэсэн хамтран ажиллаж байгаа. Сая миний нэрлэсэн компаниуд хүнд үед, ялангуяа 2009 оны зуд болсон үед Өмнөговь аймгийн иргэдэд халуун сэтгэлээр тусалж байсан. Энэ компаниуд орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байна.
-Уул уурхайг дагаад байгаль экологи сүйрч байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байсаар байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудалд нутгийн удирдлагууд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Сайн юм хэзээ ч дангаараа явдаггүй. Заавал муу юм дагаж байдаг жамтай гэж хэлж болно. Гэхдээ энэ нь хүмүүсийн сэтгэл, ажиллагаанаас шууд хамааралтай. Уул уурхайн компаниудаар нөхөн сэргээлт хийлгэх асуудал дээр аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс бодитой шаардлага тавьж байгаа. Шаардлагын дагуу уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа. Огт хийхгүй байгаа биш. Хамгийн хүндрэл бэрхшээлтэй зүйл бол Тавантолгой, Ухаа худгаас нүүрс зөөж байгаа зам их бэрхшээлтэй байгаа. Манай улс чинь дэд бүтцээ байгуулаад, замаа гэрэл цахилгаантайгаа шийдэхгүй шууд л олборолт ачаа тээвэрлэлтээ хийсэн. Үүнээс болж газар нутаг их сүйдэж байна. Маш олон зам сүйтгэгдлээ. Говийн эмзэг хөрсийг 70, 80 тоннын даацтай машинууд бол хөрс хүрздэж байгаа юм шиг л ураад ураад явчихсан. Энэ утгаараа говийн байгальд зам л их хэцүү байна. Бусад нь яахав ээ. Мод бут тариад нөхөн сэргээлт хийгээд явж байна. Ганц эмзэглүүлж байгаа нь замын асуудал л байна. Удахгүй 8-р сард зам ашиглалтад орно. Шинэ замууд ар араасаа ээлжлэн тавигдана. Одоохондоо малчид улаан тоосонд дарагдан амьдрахад бэрхтэй байна.
-Өмнөговь аймаг жилдээ улсын төсөвт хичнээн төгрөг төвлөрүүлж байна вэ?
-Өмнөговь аймгийн улсын төсөвт төвлөрүүлж байгаа мөнгө жил жилдээ өөр л дөө. Би зүгээр хамгийн сүүлийн тоог хэлье. Өнгөрсөн жил бид нар улсын орлогод 31 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ жил 50 орчим тэрбум төгрөг улсын орлогод төвлөрүүлнэ. Жилээс жилд бидний улсад төвлөрүүлэх орлого өсөөд байгаа. Энэ нь юутай холбоотой гэхээр уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор нөөц ашиглалтын татварыг үнэлгээ ёсоор хийхээр энэ жилийн улсын орлогод төвлөрүүлэх орлого 50 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм.
-Өмнөговь аймаг бол Монгол хөгжил цэцэглэлтийн бүс нутаг болж байгаа. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн хэтийн хөгжлийн бодлого гарсан уу?
-Өмнөговь аймаг 2020 он хүртэлх хөгжлийнхөө төлөвлөгөөг хийчихсэн. “Хариуцлагатай уул уурхай-Сайн засаглал-Хөгжсөн Өмнөговь” гэж 2020 он хүртэл хөгжлийнхөө хөтөлбөрийг хийгээд томъёолчихсон байгаа. Энэ хөгжлийн хөтөлбөрт 2020 он хүртэл Өмнөговь аймаг хэрхэн өөрчлөгдөх үү? Тухайлбал Цогтцэций, Ханбогд, Гурван тэс сум том хотууд болно. Өнөөдөр энэ сумдад 10,000 гаруй оршин суугчтай болчихоод байна. Цаашид бусад сумд миний хэлснээр хот болоод өргөжчихнө. Зам талбай тавигдана, засгийн газраас шийдвэр гаргасны дагуу дулааны цахилгаан станцууд баригдана, Мандалговиос Улаанбаатар хүртэл зам тавина гээд ярих юм бол хөгжил удахгүй ирнэ. Ялангуяа ойрын 2-3 жилд манай аймаг эрчимтэй хөгжинө гэж ойлгож байгаа. Бид нар хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөг гаргасан, хийгдэх ажлууд нь тодорхой. Ер нь бол улс орны хөгжих хамгийн гол зүйл бол дэд бүтцийн л асуудал байдаг. Замаа тавиад, гэрэлтүүлэг хийчихсэн байхад түүнийгээ дагаад хөгжил аяндаа ирнэ.
-Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн хүн ам хэд хүрч байна вэ?
-2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор 61,000 боллоо. Гурван жилийн өмнө намайг энэ ажлыг хүлээн авч байхад 47,700 хүн амтай байсан. Өнөөдөр 10,000 гаруй хүнээр нэмэгдээд байна. Үүн дээрээс хөдөлгөөнт хүн ам байгаа.
-Ойрын хэдэн жилдээ 200,000 хүн амтай болно гэж хүмүүс ярьж байна лээ?
-Ямар ч байсан ойрын хоёр жилдээ багтаад 100,000-д хүрэх нь тодорхой харагдаж байна.
-Аймгийн 80 жилийн ойд зориулан зохиолч, яруу найрагч Эрэнжидийн Хархүү “Би говийн хүү” ном, цомгийн хос бүтээлээ гаргалаа. Мөн зохиолчийг таны багш гэж дуулсан. Багшийнхаа талаар хувийн бодлоо хуваалцана уу?
-Би багшийнхаа яруу найргийн номнуудыг хүүхэд байхаасаа эхлэн уншиж, оюутан ахуйдаа шүлгийг нь цээжилж явлаа. Энэ хүн бол үнэхээр агуу гайхамшигтай хүн юмаа. Говь гурван сайхан уулаас эхлээд олон сайхан бүтээл туурвисан. Сая өөртэй нь уулзаад хэлж байсан. Хайр, уул усны тухай олон сайхан шүлэг бичсэн байдаг юм. Багш маань Өмнөговь аймгаас төрсөн агуу хүн гэж боддог. Сүүлийн үед өгүүллэг нилээн бичих болсон байна лээ. Багшийн бүтээлийг багаасаа уншиж өсөн болохоор багшийн сүүлийн үеийн шинэ бүтээлийг мэдэхгүй болохоос хуучин бичээд эргээд түүвэртээ оруулсан шүлгийн ихэнхийг нь мэднэ.
-Аймгийнхаа нэрийг улсдаа гаргаж байгаа урлаг спортын болон эрдэмтэн мэргэддээ нутгийн зүгээс хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
-Энэ хүмүүсийг бид дэмждэг. Дэмжих ч ёстой, үүрэгтэй гэж ойлгодог. Дуучид тоглолтоо хийхдээ тухайлбал Батсайхан, Сайнбаяр, Энхтайван гээд дэмжлэг аваагүй хүн байхгүй. Шинээр начин төрлөө, зохиолчид маань ойдоо бэлэг барьж шинэ урна бүтээлээ гаргаж байна. Аймгийн засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн зохиолчдын бүтээлийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Үүнд хөрөнгийнх нь асуудлыг шийдэж өгсөн. Цаашдаа ч гэсэн дэмжих болно. Харин нэгдээд ингээд дэмжээд явахаар нэг л асуудал бий. Өмнөговьчууд сүрхий улс төрждөг улс даа. Одоо тэгээд л улс төр, нам нь таарахгүй бол хичнээн сайн хүн байсан ч тааруухан хүн гэдэг. Нэг нэгэндээ хайртай биш, цөөхөн хэдүүлэхнээ байж эв эеийг хичээж явдаггүй. Мэдээж бүгд биш ч ийм зан байдал манай аймагт байсаар байна. Цаашид энэ байдал өөрчлөгдөнө гэж би итгэж байгаа.
-Энэ сарын 29-30-нд Говь шанхийн хурд болно. Энэ талаар ярина уу?
-Хуучин энэ наадам “Говь шанхын хурдан морины наадам” гэж зохион байгуулагддаг байлаа. Сүүлдээ төвийн бүсийн хурдан морины уралдаан болгох Засгийн газрын тогтоол гарч төвийн бүсийн хурдан морины наадам болсон. Төвийн бүсэд Сэлэнгэ, Эрдэнэт, Төв аймаг, Дундговь, Дорноговь гээд ороод явчихдаг. Үндсэндээ "Ажнай" корпорациас зохион байгуулж байсан наадам ийм нэртэй болоод өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Бүх хөрөнгө санхүүгийн асуудлыг “Ажнай” корпораци шийддэг. Энэ уралдаанд аймаг бол зохион байгуулагчаар биш орон нутагт болж байгаа гэдэг утгаараа хамтран ажиллаж байгаа.
-Ярилцлагын төгсгөлд миний асууж амжаагүй, таны ярья гэж бодож байсан асуудал байгаа байх. Үүгээр ярилцлагаа өндөрлөе.
-Ярилцлагаар голчлон Өмнөговь аймгийн ажил амьдралтай холбоо зүйлс яригдлаа. Өмнөговь аймгийн төдийгүй улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулах салбар болох уул уурхайн хурдацтай хөгжиж байна. Хоёрт манай аймаг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй учраас аялал жуулчлал их хөгжиж байгаа. Гуравт Монголчуудын эртнээс уламжилж ирсэн бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэлж байгаа. Энэ гурав бол аймгийн хөгжлийн үндэс. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Манай говийнхон үзэсгэлэнт байгальтай маш азтай хүмүүс. Тэр тусмаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Би хөгжлийнх нь ийм сайхан үед аймгийн Засаг дарга гэж нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг хашсандаа бахархаж байна. Хоёрт надад маш их үүрэг хариуцлага оногдож байгаа. Тиймээс би өөрийнхөө төрж өссөн энэ Даланзадгад сумандаа, хотдоо ийм юмтай болчих юмсан гэж бодож, мөрөөдөж байсан бүхнээ биелүүлж байна. Аймгаа хөгжүүлэхийн төлөө би ч биш манай аймгийн иргэд бүгдээрээ хамтран ажиллаж байна.
-Биднийг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 2 )
үнэн үү итгэхгүй л байна