ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд Монголд албан ёсны айлчлал хийсэн нь шинэ оны өмнө Монгол Улсыг Гаагийн Олон Улсын шүүхийн өмнө зогсоход хүргэх шахсан билээ. В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд албан ёсны айлчлал хийсэн юм. Олон улсын шүүхдээ тулаад буй уг үйл явдлаас хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна. Юуны өмнө эрх бүхий байгууллагууд хэдэн зүйлийг анзаарах хэрэгтэй байсан мэт.
Нэгд, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдэлтнүүд зочин урихын өмнө Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ конвенциудыг эргэн харж, нэгдэж байсан тухайн цагийн байдал, өнөө цагийн нөхцөл байдлыг харьцуулж, зөрчигдөх зүйл, заалт буй эсэхийг нягтлах,
Хоёрт, Геополитикийн нөхцөл байдал, ялангуяа хөрш зэргэлдээ орнуудын байдал өдгөө ямар болоод буйг сайтар судлах,
Гуравт, Хэдийгээр ОХУ, Украины хооронд дайн тулаан болохын өмнө нэлээд эртнээс хойд хөршийн Төрийн тэргүүнийг түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Монголд айлчлахыг урьсан байлаа ч гэсэн сүүлд бий болсон байдалтай уялдуулан айлчлалыг цуцлах, тааламжтай цаг иртэл хойшлуулах, цаг алдалгүй шийдвэрлэх асуудлууд байсан бол төлөөний хүн ирүүлэн шийдэх, Засгийн газар хоорондын комиссоор зарим асуудлыг дамжуулан зохицуулах зэрэг арга байсан байж таарна.
Дөрөвт, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө “Хэрэв В.Путин Монголд ирвэл Олон улсын эрүүгийн шүүх, Ромын дүрмийн дагуу зайлшгүй баривчлах шаардлага гарна” хэмээн гадаад дотоодын зарим эх сурвалж сэрэмжлүүлж байсныг харгалзан асуудлыг өөрөөр зохицуулах боломж хайх. В.Путин ирвээс баривчлах нь Монгол Улсын ёс зүйд үл нийцэх тул төлөөний хүн ирүүлж ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг явуулж болохыг дипломат аргаар хойд хөршийн талд мэдэгдэх,
Тавд, яг ийм үйл явдал болбол ямар үр дагавар гарахыг Олон улсын Эрүүгийн шүүхтэй айлчлалаас өмнө урьдчилан зөвшилцсөн байх зэрэг өчнөөн арга байсан л байж таарна.
Түүх сөхвөл, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 оны долоодугаар сарын 18-ны өдөр Ром хотноо баталж, 2002 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол Улс Ромын дүрмийг 2002 онд соёрхон баталж, Олон улсын эрүүгийн шүүхийг үүсгэн байгуулж манлайлагч эхний 60 улсын тоонд багтаж байв.
Олон Улсын Эрүүгийн Шүүх (Англиар International Criminal Court, Францаар Cour pénale internationale; товчоор ICC буюу ICCt, ОУЭШ) нь геноцид буюу аймаглан устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, цэрэг дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх зориулалттай, байнгын үйл ажиллагаатай олон улсын эрүүгийн шүүх бөгөөд дэлхийн 120 гаруй улс нэгдэн орсны эхний 60-ын нэг нь Монгол Улс. Гэтэл В.Путины дээрх айлчлал нь түүнийг баривчлах шийдвэр гарсан 2023 оноос хойш анх удаагаа Ромын дүрэмд гарын үсэг зурсан, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсад зочилсон явдал болсноороо анхаарлын төвд орсон байдаг. Тиймдээ ч Гаагийн Олон Улсын шүүхээс 2024 оны аравдугаар сард шийдвэр гарган Монгол Улсыг шүүхэд дуудаж, манай тал давж заалдсан боловч бүтээгүй. Түүнээс гадна Гаагийн Олон Улсын шүүхэд монгол шүүгч ажиллаж буй.
Тус шүүхийн шүүгчээр 2023 онд анх удаа монгол хүн сонгогдсон нь Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч асан Д.Эрдэнэбалсүрэн юм. Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2023 оны арванхоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин 114 улсын төлөөллөөс 81 санал авч байв. Тухайн сонгуульд 13 улс өрсөлдсөнөөс эхний санал хураалтаар тэрбээр ялсан байдаг. Хэрэв байдал шүүхдээ тулбал шүүгч Д.Эрдэнэбалсүрэн өөрийнхөө улсыг шүүх ажилд оролцож ч мэдэхээр болж буй. Гэвч ёс зүйн үүднээс түүнийг ийм ажиллагаанд оруулахгүй биз ээ.
Бодит байдал дээрээ хоёрхон хөрштэй, газар зүйн байршлаасаа шалтгаалаад наад зах нь эдийн засгийн талаар хоёрхон хөрштэйгөө харилцахаас өөр аргагүй, далайд гарцгүй Монгол Улс хойд хөршийн Ерөнхийлөгчөө урихад буруудах зүйлгүй ч мөнөөх Ромын дүрэм хүзүү ороосон хэрэг. Нэгдэж орох, соёрхон батлах гэрээ хэлэлцээртээ анхааралтай хандаж, наана цаана учирч болох хожмын учир холбогдлыг нь судалж шинжиж байж батлахгүй бол үр дагавар нь юу ч болж тусаж болох нь Ромын дүрмээс харагдана. Түүнд Монгол Улс нэгдэн орж байсан 2002 онд ОХУ урьд бүрэлдэхүүнд нь багтаж асан Украинтай дайтах юм гэж, дэлхийн энд тэнд хүйтэн бүү хэл халуун дайны гал дүрэлзэх юм гэж таамаглаж байсангүй. Хойд хөршийнхөө Төрийн тэргүүнийг урьж ирүүлээд “ хам хэрэгтэн” болчих юм гэж ухаан санаанд багтаж явсангүй. Гэтэл хориодхон жилийн дотор дэлхийн байдал орвонгоороо эргэж, хүйтэн дайны дараа нэг хэсэг амар жимэр төрхийг олж байсан олон улсын харилцаа хурцдаж, төсөөлж байснаас огт өөр нөхцөл байдал үүсчихсэн байдаг.
Украины тал саяхан “Монгол Улс дүрэм зөрчин В.Путиныг айлчлан ирэхэд нь баривчлаагүй хэмээн Олон улсын эрүүгийн шүүхийн урьдчилсан хэлэлцээний танхимаас 2024 оны аравдугаар сарын 24-нд мэдэгдсэн. Монголын тал В.Путиныг баривчлахад хамтран ажиллах тухай шүүхийн хүсэлтийг биелүүлээгүй, хуулийн заалтыг зөрчсөн талаар дурдсан. Ромын дүрмийн дагуу Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах үүрэгтэй. Айлчлан ирэхэд нь В.Путиныг баривчилж Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэх ёстой байсныг биелүүлээгүй. Ингэснээрээ Монгол Улс өөрийн нэгдэн орсон Ромын дүрэм, Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллахаас татгалзсан тул тус танхим уг асуудлыг оролцогч улсуудын Ассамблейд шилжүүлэх ёстой. Олон улсын эрүүгийн шүүхийн дээд байгууллага буюу Ассамблей Монгол Улсын талаар зохих шийдвэр гаргах боломж бий” гэсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал, Монгол Улс түүнийг баривчлалгүй явуулсан нөхцөл шалтгааны талаар байдлыг бодитоор үнэлсэн талууд ч бий. Хаданд хавчуулсан халиуны зулзгын үлгэрээр хоёрхон хөрштэй Монголын тал үүссэн нөхцөл байдлыг Олон улсын шүүхдээ тулчихалгүй арай зөөлөн өнгөрүүлэхээр өдгөө арга чарга хайж буй.
Үүний жишээ нь саяхан Гадаад харилцааны яамны Европын газрын ажилтнууд Украинд ажиллаад ирсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ нэгдүгээр сарын 8-нд болсон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр мэдээлсэн билээ. Сайд Б.Батцэцэг энэ талаар хэлэхдээ “Олон улсын Эрүүгийн шүүхтэй холбоотой асуудлаар Украинд манай дипломатууд, Европын газрын ажилтнууд очиж ажилласан” хэмээсэн юм.
Монголоос хэсэг залуус очиж Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзан найрсгаар ярилцаж буй бичлэг ч сошиалаар гарсан. Ямар боловч тэдний яриа Эрдэнэт хотод өнгөрөөсөн В.Зеленскийн бага насны тухай өрнөж, В.Зеленский Монголд байдал ямар байгаа талаар асууж инээлдэж байгаа нь харагдсан.
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сая бас тайлбар хийжээ. Тэрбээр “Манайх Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон. Харин ОХУ, Хятад хоёр гишүүн биш. Нийт 123 гишүүнтэй энэ байгууллагын орон бүрд бид “Яагаад Путиныг айлчлуулсан бэ” гэдэг талаар тайлбар хийсэн. “Бид В.Путиныг ирэхэд дайн яриагүй. Харин ч Монгол Улсын Ерөнхийлөгч Путиныг дайныг зогсооход гол нөлөө үзүүлэх хүн. Укрианчуудыг ойлгож, хэлэлцээ хийгээд дайныг хурдан зогсоох талаар сайн ажиллаач гэдэг санал тавьсан. Бид ОХУ-тай эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх талаар дэвшилттэй ярианууд хийсэн. Энэ талаараа тэдгээр улс орнуудад харилцаа талаасаа тайлбарласан. Хоёрдугаарт, бид эрх зүйн тайлбар хийсэн. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг бид дагаж мөрдөх ёстой. Гэхдээ бүх хаалганд нэг түлхүүр таарна гэсэн үг биш. Монголын онцлогт энэ түлхүүр таарсангүй. Магадгүй цаашдаа Олон улсын эрүүгийн шүүхийн маш том загвар жишээ болоод үүнд зориулсан хуулийн гаргалгаа хэрэгтэй ч юм уу гэдгийг ярьсан. Манайх очиж улсаа хамгаалсан. Манай нэр төрд халдахгүй байхыг сануулсан. Манай дипломатуудын ур чадварыг тэр гишүүн орнууд үнэндээ гайхсан. Бүх зүйлд гаргалгаа олоод бүгдийг нь ойлготол ярьж, ятгасан учраас манай эсрэг ямар нэгэн тогтоол шийдвэр гарч, манайхыг буруутгаагүй” гэлээ.
"Хийсэн бол бүү ай” гэж. Яадаг ч байсан Олон улсын Эрүүгийн шүүхийн өмнө байцаагдаж зогсолгүйгээр Украинтай эвээ олохыг хичээцгээж байна.
Сэтгэгдэл ( 7 )
Хувь хүний бодол юм даа. Гадаад бодлогын талаар жаахан ойлголттой болж байгаад олон юм ярих хэрэгтэй байх аа
Хол очиж хуц\nХонхорт ялгадсаа хая.
Төрийн хэрэгт алай салбадай нар бүү оролц
Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гээд улс орнууд ээлж дараалан зарлаад эхэлсэн тул энэ шүүхээс гарах ёстой. Д.Эрдэнэбалсүрэн бол элбэгдоржийн бууны нохой, эх орноосоо урвагч мөн..............урвагчийг цаазлах хэрэгтэй....
Энэ асуудал аль хэдийн болоод өнгөрсөн.монголчууд яасан их их мэдэгчтэй болсон байна аа.ерөөсөө ажил хийдэг хүн туйлын ховор болж амаараа ажил хийдэг бүх салбарын ажлыг мэддэг болж ярьдаг хоосон их мэдэлтнууд маш их болж.төрд ерөөсөө салбарын төрийн ажлын мэдлэггүй мунхагууд ажилладаг болж байгаа юмуу
Хуцдаг галөг вэ
Монгол Улс энэ гишүүнчлэлээс гарах хэрэгтэй. Эсгий хийх газар нохой хэрэггүй. Элбэгдоржийн тэнэглэл шүү дээ.