Уул ус тэгширсэн, үзэсгэлэнт Чинхайгаа уран хатгамлаар амилуулахуй

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 01 сарын 31

БНХАУ энэ өдрүүдэд "Хаврын баяр"-ыг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгүүлсний анхны баяраа тэмдэглэж байна. 

Эдгээр өдөрт тус улстай хиллэдэг авто замын есөн боомтыг түр хаах хуваарь гарсан бөгөөд түүнээс хойш ачаа барааны таталт, хилээр нэвтрэх ажил хэвийн үргэлжилнэ.

Жил бүрийн Хаврын баяраар Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд долоо хоногийн турш урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Чинхай мужийн захиргаа санаачлан Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Чинхай мужийн Соёл, аялал жуулчлалын газраас энэ сарын 21-ний өдөр “Хаврын баяр-2025: Үзэсгэлэнт Чинхай” кино долоо хоногийг зохион байгуулсан юм. Энэ үеэр соёлын биет бус өвийн үзэсгэлэн болж, Чинхай буюу Хөхнуур мужийн онцлогийг шингээсэн урлагийн болон гар урлалын бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлж монголчуудад танилцуулав.

Кино долоо хоногийг хятад хэл сонирхогчид шимтэн үздэг аж. Хятад улсын түүх, соёл болон ахуй амьдралыг харуулсан “40000 километр” /90минут/, “Чамд нэг улаан цэцэг бэлэглэе” /128 мин/, “Цоохор ирвэс ба түүний найзууд” /85 мин/, “Чинхай-Манай улсын цэцэрлэгт хүрээлэн” /77 мин/, “Хулсны баавгай төлөвлөгөө” /99 мин/ киног хадмал орчуулгатайгаар дэлгэцнээ гаргасан юм.

 

 

Монголын салбар бүрийн 50 гаруй зочин энэхүү ёслолын арга хэмжээний нээлтэд хүрэлцэн ирж оролцлоо. БНХАУ-ын Чинхай мужийн уран бүтээлчид илбэ, акробат, уламжлалт хөгжим, ардын дуу болон бусад гайхалтай уран бүтээлээ толилуулав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи, Монголын үндэсний кино зөвлөлийн дарга Ч.Ундрал, Чинхай мужийн Соёл, аялал жуулчлалын газрын зах зээлийн удирдлагын хэлтсийн дарга Жан Хайфэн нар үг хэлж, тус арга хэмжээг нээсэн. Мөн өдрүүдэд соёлын биет бус өвийн үзэсгэлэн дэлгэгдэж, Чинхай буюу Хөхнуур мужийн уран хатгамалчдын өв соёл шингээсэн гайхамшигт гар урлалын бүтээлийн дээжис олны мэлмийг мялаалаа. Тодруулбал, Ха Ченгчин, Фэн Хайпин нарын уран бүсүйчүүд тус тусын бүтээл урлалынхаа тухай лекцийг олноо сонордуулж, сонирхол нэгтэй хөрш орны уран бүтээлчидтэй танилцах завшаан тохиов. Тэдний дэлгэсэн үзэсгэлэн сийлбэр хатгамал, ширэн буюу арьсан хатгамал, танка, хэрэглээний бүтээлүүдийн хэсгээс бүрдэж байлаа. Уран хатгамлын тансаг зүйрлэл бүхий цүнх, хэтэвч, түлхүүрийн оосор, гоёл чимэглэлээс эхлээд ханын чимэг, гэр ахуйн дотоод чимэглэлд ашиглагдахаар бүтээлүүд харагдана.

 

 

Биет бус соёлын өвийн төсөл болох Дангарын арьсан хатгамлын өв залгамжлагч, хатагтай Фэн Хайпин илтгэл тавьж байхыг сонсов. Тэрбээр Чинхай мужийн тэргүүн зэргийн ардын урлаач, арьсан хатгамлын өв тээгч юм. Биднийхээр бол арьсан, түүний хэлж байгаагаар бол ширэн хатгамлын мянган жилийн уламжлал, шинэчлэлийн талаар есөн зүйлийг илтгэлдээ дурдаж байна. Зарим нэг зүйлээс сийрүүлбээс, ширэн хатгамал нь төвөд, хятад, монгол зэрэг олон үндэстний гар урлалын гайхамшигт бүтээл, түүх, соёлын өв, нандин уламжлал аж. Хатгамлын маш олон төрлийн аргыг ашиглаж байж урлагийн давтагдашгүй бүтээлээ хийдэг. Ингэхдээ цэцэг навч, хүн, амьтныг хурц содон өнгөөр дүрсэлдэг юм байна. Эхлээд сайн чанарын ширээ элдэж, зөөлрүүлнэ, будаад бэлдэнэ. Дараа нь торгон утсаар хатгамлаа хийж эхэлнэ. Ширэн хатгамал нь ардын дунд ээжээс охинд эсвэл багшаас шавьд уламжлагдан иржээ. Биет бус соёлын өв төдийгүй хувцас засал, гэр ахуйн дотоод чимэглэлд одоо ч ашиглагдсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, ширэн хатгамал нь хэрэглээнд төдийгүй урлагийн өндөр түвшний бүтээл болтлоо орчин цагт хөгжиж байна. Дүр дүрслэл, утга агуулгын тухайд маш олон зураг, бэлгэ тэмдэг байдаг. Уул ус, шүтлэгтэй холбоотой хээ хуар зөндөө бий. Маш хурц, содон өнгө ашигладаг тул гоёмсог, тансаг болдог. Түүгээрээ бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт дүр төрхийн онцлог харагддаг. Зургийн хувьд заавал тэгш хэмтэй байх учиртай. Нэг бүтээлд 2-3 дүр дүрслэлийг давхардуулж хатгадгаараа онцлогтой. Хувцас өмсгөл, гэр ахуйн дотоод чимэглэлд одоо ч ашиглаж байгаа. Хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, сайн сайхныг бэлгэдэж ерөөсөн утга агуулгатай бүтээлийг өөртөө хэрэглэх төдийгүй бусдад бэлэглэхэд ч тохиромжтой. Хатгамлаа дууссаны дараа ширээ эсгэж жаазалдаг байна. Бүтээл амьд юм шиг дүрслэл, хурц, содон өнгөтэй болдог. Орчин цагт инноваци шингээж, хиймэл ширийг хүртэл ашиглаж үзэж байгаа гэнэ. Орчин үеийн зах зээлд зориулан шинэ агуулгатай бүтээлүүдийг ч хийж байгаа аж. Тухайлбал, Бүх Хятадын бэлэг дурсгалын 2024 оны уралдаанд ширэн хатгамалтай ширээний гэрэл тэргүүн байрын шагнал хүртжээ. Уламжлалт технологид байгалийн үзэмж, хүн зоны зан авирыг харуулсан байдаг. Үүн дээрээ дөрөөлөн орчин цагт уран зохиол, ардын аман зохиолыг хатгамлаар илэрхийлэн, ард түмнийхээ дунд түгээн дэлгэрүүлж байгаа. Ширэн хатгамал оюун санааны хувьд маш чухал агуулга, баялаг санааг тээсэн соёлын нандин өв юм.

 

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч З.Цэнгэлсайхан “Манай Монголын үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбоо 2005 оны наймдугаар сард байгуулагдсан. Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” ТББ-ын үргэлжлэл болж 2023 онд шинэчлэгдэн зохион байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг ТББ юм. Тасралтгүй 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон арга хэмжээ зохион байгуулсны дотор 2005, 2010, 2018, 2023 онд үндэсний хэмжээнд уран хатгамалчдын дөрвөн удаагийн уралдааныг зохион байгуулж, Монгол Улсын хэмжээнд уран хатгамлыг сэргээн хөгжүүлэхэд нь нэмэр хандив оруулан ажиллаж байна. Тэдгээр уралдаанаас 50 гаруй хүнд Монгол Улсын уран хатгамалч цолыг олгосон. Өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хайр хүндэтгэлийн урлал” нэртэй 1000 уран хатгамалчийн анхны чуулганыг зохион байгуулж Төрийн ордондоо учиг шингээсэн түүхэн үйл явдал болсон юм. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас бидний үйл ажиллагаанд ач холбогдол өгч, хүрэлцэн ирж, оролцож байлаа. Мөн өнгөрсөн оны зургаадугаар сард БНХАУ-ын Хөххотод зохион байгуулагдсан соёлын арга хэмжээнд оролцуулсанд баяртай байдаг. Өнөөдөр ч уригдан ирж Хаврын баярын арга хэмжээнд оролцож байгаадаа талархаж байна” хэмээн өөрсдийнхөө холбооны үйл ажиллагааг танилцуулж, сэтгэгдлээ хуваалцлаа.  

Монголын үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооны тэргүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уран хатгамалч С.Ганцэцэг ч хөрш орны уран хатгамалчдын бүтээлийг нэлээд нухацтай ажиглан сонирхож байхтай таарав. Тэрбээр “Хаврын баяр-2025 арга хэмжээнд БНХАУ-аас уран хатгамал болоод арьсан хатгамлын хоёр багш Монгол Улсад ирээд өөрсдийнхөө уран бүтээлийг яаж туурвидаг тухай болон уламжлалт өв соёлынхоо уламжлал, үүх түүх, орчин үеийн хөгжил, шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй лекц уншлаа. Энэхүү арга хэмжээнд урьж оролцуулсан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хамт олонд баярлалаа. Манай уран хатгамалчдын холбооноос 16 хүний бүрэлдэхүүнтэй уг арга хэмжээнд оролцож байна. Хөдөө, орон нутгаас ч манай уран хатгамалчид Хятадын уран хатгамалчдын бүтээлтэй танилцахаар зорин ирсэн. Хоёр багшийн бүтээлийн дээжийн үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн үзээд үнэхээр гайхалтай мэдрэмж төрлөө.

Чинхай муж бол бурхны орон юм байна гэдэг эхний сэтгэгдэл төрлөө. Бүтээлүүдтэй танилцаад явж байхад байгалийн өнгө, донж шууд сэтгэлд ургаж байна. Өнгө үнэхээр гоё. Дүр дүрслэл гайхамшигтай санагдлаа. Манай уран хатгамалчдын бүтээлээс ялгаатай нь гэвэл Монголын уран хатгамалчид зээгт наамал, зүү ороох, загасан нуруу зэрэг олон төрлийн хатгамлын оёдлоор буюу соёлын биет бус өвөөр бүтээлээ нягт нямбай урладаг. Хятадын уран хатгамалчид ч гэсэн зүү ороодог юм байна. Зүүх ороох хатгамлын оёдлыг зөв, буруу ороох гэж ярьдаг даа. Манай уран хатгамалчид зүү ороох хатгамлыг зөв ороож, нягт нямбай хийж гүйцэтгэдэг. Харин Хятадын уран хатгамалчид буруу ороодог юм байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл болгоод инноваци шингээсэн олон бүтээл урладаг нь бахархалтай. Задгай болон битүү хамтгамал, зүү ороох оёдлыг ашиглаад инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл рүү чиглэсэн бүтээлүүдийг хийсэн харагдаж байна. Бас нэг сонирхолтой санагдсан зүйл нь маш олон бурхан үзлээ. Бурхадыг алт, зэс, гуулин утас нааж, контур гаргаж сийлбэр хатгамлаа урладаг юм байна. Өнгө будгаа гаргахын тулд байгалийн чулуу болон элсийг ашиглажээ. Энэ нь он удаан жилийн туршид өнгөө алддаггүй. Уран зургаас ялгарах гол онцлог нь энэ юм уу даа” хэмээн үзсэн харсан зүйлийнхээ тухай тайлбарлан, өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu