С.Баттулга: Монголын өнөөгийн нийгэмд магадгүй Боорчи шиг үндэсний баатар маш ихээр дутагдаж байгаа

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 02 сарын 08

Дуурь, балет гэж төсөөлөхийн зуурт зонхилон Өрнөдийн сонгодог урлаг, язгууртны гэх тодотголтой, тансаг ур хийцийг шингээсэн тайз засал хамгийн түрүүнд сэтгэлд бууна байх. Гэхдээ манай авьяас билэг төгөлдөр алтан үеийн урчууд “Учиртай гурван толгой”, “Үйлийн гурван толгой”, “Чингис хаан” зэрэг үндэсний гэх тодотголтой дуурь, балетыг бас ч гэж “шаглажээ”. Харин өдгөө цагт үндэсний хэв шинжийг агуулсан сонгодог урлагийн бүтээлийг төрүүлэх боломж хийгээд сонгодог урлагийн ертөнцөд үндэсний баатартай байж болох эсэхийн тухайд  ДБЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Баттулгатай ярилцлаа. 

-Тарган тавтай өвөлжиж байна уу. Бүтээл арвин уу?

-Тавтай сайхан байна аа. Таны ажил үйлс бүтэмжтэй юу. УДБЭТ-ын уран бүтээлчид маань саяхан суут хөгжмийн зохиолч А.Моцартын хамгийн сүүлийн дуурь гэгддэг “Увидаст лимбэ” дуурийг өргөн олондоо дахин толилуулсан.

-Та оны өмнөхөн “Тэнгэрийн элч” цоо шинэ түүхэн дуурийн найруулагчаар ажилласан байх аа?  

-Манай УДБЭТ-ын хамт олон өнгөрсөн онд хоёр шинэ уран бүтээл хийж урын сангаа баяжуулахаар төлөвлөсөн байсан юм. Хоёр он солигдох заагт энэхүү төлөвлөсөн ажлаа биелүүлсэн. Шинэ уран бүтээлийн маань эхнийх нь дэлхийн сонгодог бүтээл Г.Доницеттийн “Дурлалын ундаа” хошин дуурь байсан бол хоёр дахь нь Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн түүхэн дуурь “Тэнгэрийн элч” цоо шинэ дуурь маань байлаа.

“Тэнгэрийн элч” дууриа өнгөрсөн оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сарын 28, 29-нд тайзнаа тоглосон доо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд бүтээгдсэнээрээ онцлог болсон. “Тэнгэрийн элч” дуурийн цомнолыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Л.Даваасүрэн, Б.Энхтуяа, хөгжмийг нь Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван бичиж, ерөнхий продюсероор УДБЭТ-ын захирал Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар С.Баттулга миний бие, ерөнхий удирдаачаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Тэлмүүн-очир, ерөнхий хормейстерээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба, балетмейстерээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндаваа нар ажилласан.

-“Тэнгэрийн элч” дуурь нь Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээгдсэн, Монголын түүх, уламжлалаа хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилготойгоор бүтээгдэж буй үндэсний дуурь юм гэж ерөнхий продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг онцолж байсан?

-Дуурийн гол агуулга нь Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морио алдаад нарийн өвсний налархай даган хайж явсаар Хөхүүрийн талд хүрч Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчитой анх танилцаж анд барилдсан. Тэр цагаас хойш Их Монгол Улсыг нэгтгэн төр улсыг төвшитгөх хүртэл хамт зүтгэж Мөнх тэнгэрийн элч хэмээн өргөмжлөгдөж явсан Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүсийн анд нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл болсон юм.

-Үндэсний гэж яригдах, үндэсний хэв шинжтэй дуурь “Чингис хаан”-аас хойш зохиогдоогүй. Энэ цаг үед Монголд үндэсний гэх тодотголтой баатрын дүр бүр ч илүү хэрэгтэй байж мэднэ?

-“Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чингис хааны дүр бүтээсэн Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван ах маань “Чингис хаан” дууриас хойш тасраад байсан үндэсний гэх тодотголтой дуурийн хөгжмийг бичиж тоглуулсан нь их талархууштай.  Ер нь цаашид хөгжмийн зохиолчид маань монгол ондоошил, онцлог, монгол хүний тархи, сэтгэхүй, авьяасаас юу гардаг юм бэ гэдгийг харуулж, үндэсний гэх тодотголтой дуурийг олон тавиасай гэх хүсэл бол байна. “Тэнгэрийн элч”-ийг бичиж, үндэсний гэх тодотгол, хэв шинжийг үргэлжлүүлсэн Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван ахдаа одоо ч баярласаар явна. Түүхэн сэдэв гэдэг маань он цаг, үйл явдлын хувьд асар олон зүйлийг хамардаг. Харин “Тэнгэрийн элч” дуурь цаг хугацааны хувьд нэлээд оновчтой сонголтыг хийсэн гэж бодож байна. Дахиад хэлэхэд, түүхэн сэдэв нэлээд ярвигтай л даа. Тэмүүжингийн хүүхэд наснаас эхлээд Их Монгол Улс байгуулагдах буюу 1206 он хүртэлх түүхэн үйл явдлыг багтаахад цаг хугацааны хувьд маш хэцүү. Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайваны сонгож авсан хэсэг бол Боорчитой танилцдаг үеэс Хамаг Монголын хаан буюу 1189 оныг хүртэлх үйл явдалыг харуулж байгаа юм. Гэхдээ энэ хооронд мэдээж түүхийн маш томоохон үйл явдлууд болж өрнөсөн байдаг. Түүхэн талаасаа харуулах гэхээсээ илүү анхнаасаа эр хүмүүсийн нөхөрлөл, Боорчи, Тэмүүжин хоёрын анд нөхөрлөлийг тодотгож харуулах зорилготойгоор энэ дуурийг хийсэн. Өнөөгийн нийгэмд ч гэсэн ийм хэрэгцээ шаардлага үүсчихсэн байна. Бид бие биеэ таниж түших, нөхөрлөлдөө үнэнч байх, нэг нэгийгээ тулж чадвал хаана хүрч болохоо хармаар байна шүү дээ. Хөгжмийн драматург дээр Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нэлээд тусалж дэмжин ажилласан. Тийм учраас энэ өөрөө дуурь гэдэг талаасаа нэлээд аятайхан болж, үзэгч түмний сонорыг мялаасан бүтээл болсон гэж би хувьдаа үзэж байгаа.

-Урлагаар дамжуулан залуучуудад өгөх нөлөөлөл маш хүчтэй шүү дээ. Магадгүй дууриар дамжуулан үзэгчдэд эх оронч үзлийг дахиад нэг сануулдаг байх. Үүн лугаа энэ дуурь үзэгчдэд юуг үлдээсэн бол?

-Дуурийн цомнолыг манайд маш олон жил хөгжимчнөөр ажилласан дуурь мэддэг хүн бичсэн. Яах вэ, мэдээж дуурьт бол текст гэхээсээ илүү хөгжим чухал байдаг. Хөгжим юуг илэрхийлж байна вэ. Тэрийг тайзан дээр худал ярьж болдоггүй юм. Тиймээс хөгжмөөр илэрхийлэгдэнэ гэдэг бол өөрөө ярихаасаа илүү хэцүү. Дуурь үзэхээр ирж үзэж буй үзэгчид маань хөгжмийн боловсрол, мэдрэмжтэй хүмүүс байвал бүр илүү ойлгож, тусгаж авдаг л даа. Хөгжмийн боловсролгүй ч гэсэн мэдрэмж өндөртэй хүмүүс бол дууриас таашаал аваад гардаг. Харин боловсролтой хүмүүс эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэдэг санааг илүү тусгаж ямар нэгэн байдлаар ойлголт аваад гардаг. Дуурь гэдэг бол өөрөө нэлээд хэцүү урлаг.

-Одоогийн залуучууд түүхэн дууриас юуг ойлгож үлддэг бол. Та юу гэж бодож байна вэ?

-Ямар нэгэн цаг үед тухайн үеийн залуучуудыг уриалан дуудаж, манлайлж байдаг нэг тийм баатар байдаг. Түүнийг хүмүүс үлгэрлэн дууриаж байдаг. Өнөөдөр манай Монголын нийгэмд магадгүй ийм баатар маш ихээр дутагдаж байгаа. Бүгдээрээ өөрийнхөө амин хувийг л хичээдэг, зөвхөн өөрийгөө л боддог болчихсон. Гэтэл тэртээх цагт Боорчи гэдэг хүн Тэмүүжинг гаргаж ирэхийн төлөө юу, юуг золиослосон юм бэ. Наху баяны ганц хүү шүү дээ, тийм ээ. Юу ч дутагдаж яваагүй мөртлөө Тэмүүжинг дагаж бүх зүйлээ орхиж явсан. Магадгүй, тэгж явснаараа бас бүх зүйлээ олж авч байгаа юм. Харин бид өнөөдөр заримдаа золиос гаргахаасаа, эрсдэл хийхээсээ айдаг. Гэтэл энэ түүхэнд үлдсэн хоёр хүний нөхөрлөл бидэнд юуг үлдээсэн бэ. Тэмүүжин сүүлд нь Хамаг Монголын хаан болчихоод Боорчи андыгаа бүх цэргийн жанжнаар томилсон байдаг. Тэгэхээр энэ үйл явдал нь өөрөө ямар их итгэл хүлээлгэж байсныг харуулж байгаа юм. Энэ нь буцаад шагнал гэхээсээ илүү энэ Монгол Улсыг бат бөх байлгах, нэгэн гарын дор зангидаж байх ухааныг энэ хүн л авч явж чадах юм байна гэдэг итгэл хүлээлгэж байгаа болохоос биш тэр үед ингэсэн учраас тэгнэ гэдэг утгаар, өнөө цагийнхны ярьдагаар албан тушаалын наймаа огт биш байгаа юм.

-Балетыг хүүхэд үзэхээрээ хөөрхөн ойлгоод байдаг юм билээ. Дуурийн үзэгчид хэдээс хэдэн насныхан байна вэ. Та түрүүнд, дуурь үзэхэд мэдрэмжээс гадна тодорхой хэмжээний боловсрол шаардана гэдгийг хэллээ л дээ?

-Сонгодог урлагийн үзэгчид ер нь цаашдаа яах вэ гэдэг асуулт ер нь байнга нээлттэй үлддэг. Манай боловсролын системд сонгодог урлаг гэдэг зүйлийг хүүхдэд бүр багаас нь үзүүлж, сонсгох, гэхдээ тайлбартайгаар, ийм учраас ингэж байгаа юм гэдгийг ойлгуулдаг байх хэрэгтэй л дээ. Тиймээс хөгжмийн багш нар маань өөрсдөө сонгодог урлагийг маш сайн мэддэг баймаар байгаа юм. Тэгж байж бидний ирээдүй өнөөдөр сонгодог урлагаар хүмүүжинэ. Сонгодог урлагаар хүмүүжсэн хүүхэд ямар түвшинд өсөж хүмүүждэг юм бэ гэдгийг сонгодог урлаг дэлгэрсэн улс орнууд дэлхий нийтэд харуулж байна шүү дээ.

Тийм учраас хүүхэд залуусын төлөвшил хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг байгаа биз. Мэдээж, өнөөдөр дуурь үзэхдээ учир зүггүй уйлж, дуулж сонсохгүй шүү дээ. Үзэгчид доод тал нь наймаас дээш насныхан буюу ядаж суугаад төлөвшчихсөн хүүхдүүд ирж үзвэл за, түүх маань ийм байж, хувцас нь ийм байж, тухайн үеийн хүмүүсийн хоорондоо мэндлэх, хүндлэх ёс, харилцаа нь ийм байж гэдгийг тайзан дээрээс харж ойлгоно шүү дээ. Энэ чинь тухайн үзэгчийн хувьд тархи оюунаа тэлэх үйл явц болж байна гэсэн үг. Сонсох нэг өөр, үзэх нэг өөр шүү дээ. Тийм учраас эндээс хараад ийм учиртай юм байна шүү дээ буюу бас нэг мэдэгдэхүүнтэй болоод гарна байх. 

-Өнөөдөр дуурь үзэхээр ирж буй үзэгчид хэдэн насныхан байна вэ. Үүнийг та хэр анзаарч, ажиглаж байна вэ?

-Дуурь сэдэв, хөгжмөөсөө шалтгаалж, сонирхож ирэх үзэгчид нь янз бүр. Хайр дурлал, атаа хорсол, эмгэнэлт, хошин зэрэг ангиллаасаа шалтгаалаад өөр өөр байдаг учраас үзэгчид яг өөрийнхөө сонирхсон чиглэлээр л дуурь үзэхээр ирдэг шүү дээ. Хайр дурлалын сэдэвтэй, хөнгөн хөгжимтэй, тухайлбал, Ж.Россинигийн “Севилийн үсчин”, Г.Доницеттийн “Дурлалын ундаа” хошин дуурь зэргийг залуучууд илүү үзэх жишээний. Зохиол нь илүү хүндрэх тусам тайзан дээр хөнгөхөн тоглох боломжгүй болох нь мэдээж. Яагаад гэвэл, хөгжим нь түүнийг чинь хэлээд өгч байгаа юм. Маш хүнд хөгжим явж байхад тайзан дээр худал ярих боломжгүй болчихож байгаа юм л даа. Тухайлбал, Ж.Вердийн алдарт бүтээл “Макбет” дуурийг нэрлэж болно. Тийм учраас яг чиглэл, чиглэлээрээ үзэж байна. Гэхдээ нэг үеэ бодох юм бол хөгжмийг нь ойлгох гэж үздэг болжээ. Урд нь яах вэ, хэлбэр маягийн, эсвэл сонгодог урлагийн хээнцэр ганган байдалд нь татагдаж, өөр хүнд харуулах ч гэж юм уу, тэгж ирдэг байсан бол өнөөдөр энд яг юу байгаа юм бэ гэдгийг мэдрэх гэж, ойлгох гэж ирдэг болчихжээ. Тийм учраас бидэнд баярлууштай, авууштай талууд харагдаж байна. Гэхдээ ирээдүйн үзэгчид дахиад энэ түвшнээсээ илүү ахисан байгаасай л гэж хүсэж байна даа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

1  |  0
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

1  |  0
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

1  |  0
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

1  |  0
Top