Хятадаас Трампад илгээсэн мессеж: АНУ Хятадын өсөлтийг зогсоож чадахгүй

2025 оны 03 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадад эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлсэн бол Бээжин хариуд нь улс төрийн чухал уулзалтыг ашиглан байр сууриа илэрхийлэх тохиромжтой орчныг бүрдүүлэн өөрийн хариу мессежийг илгээв.

“Хятадын өсөлт саарахгүй....” Хятадын хууль тогтоох байгууллага болон улс төрийн дээд зөвлөл хамтран зохион байгуулдаг "Хоёр чуулган" нэртэй энэхүү хуралдаанаар Засгийн газар жилийн бодлогоо танилцуулж, улс орны чиг хандлагыг тодорхойлдог.

Энэ жилийн тэргүүлэх зорилт юу байв? Дотоод хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлэх. Ингэснээр Хятад улс эдийн засгаа экспортод бус, дотоодын хэрэглээнд тулгуурлан өсгөхийг зорьж байна. Харин дараагийн чухал зорилт нь: Хятад улсыг технологийн их гүрэн болгох Ши Жиньпиний санаачилгыг эрчимжүүлэх. Үүний тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлийг илүү идэвхтэй оролцуулах бодлого баримталж байна. Бээжин эдгээр алхмыг хийхийн зэрэгцээ АНУ-тай удаан хугацааны эдийн засгийн сөргөлдөөнд бэлтгэж байна. Трамп мягмар гарагт Хятадын бүх импортоос авах нэмэлт тарифт татварыг 20 хувь болгон хоёр дахин нэмэгдүүлж, цаашид илүү их тариф тогтоох, Америкийн Хятад дахь хөрөнгө оруулалтад хатуу хяналт тавихаа мэдэгдсэн. "Бид хөгжлийн төлөөх аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна. Хятадын эдийн засгийн аварга хөлөг онгоц ирээдүйн зүг тогтвортой аялах болно" гэж Хятадын дэд удирдагч Ли Чян Үндэсний Ардын Их Хурлын нээлтийн үеэр Бээжингийн Ард түмний Их Танхимд суусан мянга мянган төлөөлөгчдөд мэдэгджээ.

Гадаад хэргийн яамны төлөөлөгч энэ асуудалд бүр шулуухан байр сууриа илэрхийлж, мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр "Хэрэв АНУ гаалийн тарифын дайн, худалдааны дайн эсвэл ямар нэгэн өөр дайн өдөөхийг хүсвэл Хятад улс эцсээ хүртэл тэмцэх болно" гэж мэдэгдэв. Бээжингийн бодлого, үг хэллэг нь өмнөх жилүүдтэй ижилхэн сонсогдож магадгүй ч энэ удаад улс орон Ковидын хязгаарлалтууд, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, АНУ-тай хийсэн технологийн дайнаас ангижирч, эрч хүчээ дахин олж авах шатандаа явж байна. "Итгэл" гэдэг үг энэ долоо хоногийн арга хэмжээнүүдийн гол үзэл санаа болжээ. Пүрэв гарагт Хятадын эдийн засгийн удирдагчдын хийсэн хэвлэлийн хурлын үеэр 10 гаруй удаа дурдагдсан бөгөөд төрийн мэдээллийн сувгууд энэ ойлголтыг онцлон хөндөж, Ли Чяний телевизээр цацагдсан илтгэлийн төгсгөлд "Итгэл хүчийг бүтээдэг" хэмээн сануулсан нь анхаарал татав. Гэхдээ энэ өөдрөг үзэл бодит байдалтай бүрэн нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй. Хятадын олон иргэн ирээдүйдээ эргэлзэж, зарцуулалт хийхээс илүүтэй хуримтлал үүсгэхийг эрмэлзэж байна. Залуучууд ажлын байр олоход хүндрэлтэй тулгарч, өөрсдийн ирээдүй эцэг эхийнхээс нь илүү сайхан байх эсэхэд эргэлзэж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилээс ялгаатай нь, Хятад улс 2025 он руу орон нутгийн зах зээлд нөлөө үзүүлж буй томоохон компаниуд, технологийн амжилтууд урагшилсаар байна. Харин Трампын эргэн ерөнхийлөгч болсон нь Бээжинд эдийн засгийн тодорхой эрсдэл авчирч болох ч өөр талаас харвал тэд дотоод хүчирхэгжилтээ ахиулах боломж гэж харж болохоор. "Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны төгсгөлд Америкийн дэлхийд эзлэх байр суурь, нэр хүнд улам дордоно" гэж Синхуа их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, стратегийн төвийн ахлах судлаач, Ардын чөлөөлөх армийн хурандаа асан Жоу Бо өгсөн ярилцлагадаа дурджээ. "Америкийн хүч суларч байгаа үед Хятад улс улам чухал байр суурь эзлэх нь гарцаагүй" гэж тэр нэмж хэлсэн байна.

 

Итгэл нэмэгдэж байна

 

Энэхүү уур амьсгал зөвхөн эрх мэдэл бүхий хүмүүсийн дунд бус, нийт нийслэл хотын гудамжинд ч мэдрэгдэж байна. Хотын замын хөдөлгөөнд дотоодын цахилгаан автомашинууд гэрэлтэн давхиж автомашин үйлдвэрлэгч BYD-ийн тээврийн хэрэгслүүд Илон Маскийн Tesla-тай дэлхийн борлуулалтаар өрсөлдөхүйц хэмжээнд хүрснийг харуулж байна. Энэ нь БНХАУ технологийн салбарт тэргүүлэгч болохын төлөө хийсэн амжилттай дэвшилтүүдийн нэг илрэл юм. Мөн кино урлагийн салбарт “Ne Zha 2” анимейшн хөдөлгөөнт дүрсний шинэ амжилтыг тогтоож, хувийн өмчит DeepSeek хэмээх Хятадын хиймэл оюуны (AI) компани дэлхий даяар шуугиан тариад байна. Энэхүү компаниас гаргасан хиймэл оюун ухаант загвар Цахиурын хөндийг гайхшруулж, Chatgpt хиймэл оюуны хөгжүүлэлтийн зардлын талаар гүйцэтгэж барууны уламжлалт ойлголтыг эвдсэн. Энэ долоо хоногт Бээжинд “DeepSeek-ээс асуугаарай” гэсэн хошигнол энгийн ярианд хүртэл бахархалтайгаар хэрэглэгдэх болов. Рэньмин их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ван Ивэй хэлэхдээ, “Өнгөрсөн жил АНУ-ын “Хятадын хөгжил ханасан, үүнээс цааш газар үгүй” гэх тухай ойлголт олон хүний сэтгэхүйд нөлөөлсөн. Мэдээж, бидэнд олон бэрхшээл, асуудал байгаа хэдий ч бидэнд цаашид урт  зам бий.” Дональд Трампын засаг захиргаа худалдааны түншүүддээ шинэ тарифаа хэрэгжүүлж байгаа нь хятадуудын хувьд улс нь хэр хол явсныг харуулж буй үйл явдал гэж харагдаж байна. Бээжингийн төвд CNN нэгэн өдөр иргэдийн санал бодлыг асууж ярилцлага авахад ихэнх нь Хятадын хөгжил дэвшилд итгэлтэй байгаа нь харагджээ. Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутан Ся хэлэхдээ, “Хятад одоо маш хурдтай хөгжиж байна. Энэ нь олон улсын анхаарлыг, ялангуяа АНУ-ын анхаарлыг татаж байна. Энэ нь огт муу зүйл биш. Трампын тариф нэмэгдүүлж буй нь өрсөлдөөн юм. Хэрэв өрсөлдөөн байхгүй бол манай улсын бие даасан хөгжил тогтвортой байж чадахгүй.”

 

Өндөр эрсдэлтэй өрсөлдөөн

 

Хэдийгээр Хятадын эрх баригчид итгэл төгс байдлаа харуулахыг хичээж байгаа ч олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар, энэ долоо хоногт зарласан эдийн засгийн урамшууллын багц нь Бээжин ирээдүйд тулгарах томоохон сорилтуудад бэлдэж байгааг харуулж байна. Тэргүүн сайд Ли Чян нээлтийн үгэндээ,

“Гадаад харилцаа улам бүр төвөгтэй болж, хүндэрч байна. Энэ нь манай улсын худалдаа, шинжлэх ухаан, технологи болон бусад салбарт мэдэгдэхүйц нөлөөлж болзошгүй.” Хятад улс эдийн засгийн сулралын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ гадаадын тогтворгүй байдалтай тулгарахыг хүсэхгүй байна. Тиймээс дотоодын хэрэглээг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихийг эрмэлзэж, энэ онд ойролцоогоор 5 хувийн өсөлтийг зорьсон. Сингапурын Үндэсний их сургуулийн Дорнод Азийн хүрээлэнгийн профессор, Дэлхийн банкны Хятадад сууж байсан захирал Бернт Хофман тайлбарлахдаа, “Бээжин Худалдааны дайн 2.0-ын хувилбаруудыг урьдчилан бодож үзсэн байх магадлалтай. Гэхдээ юу ч болсон Хятадын өсөлт улам бүр дотоодын эрэлт хэрэгцээнд тулгуурлах болно.” Гэсэн хэдий ч зарим шинжээчид Бээжингийн санаачилгууд нь тодорхой бус, эдийн засгийг хурдасгахын тулд илүү эрчтэй алхам шаардлагатай гэж үзэж байна. Трампын бодлого Хятадад хэр том сорилт болох вэ? Энэ асуулт Бээжингийн хувьд чухал асуудал хэвээр байна. Трамп одоогоор Хятадын импортод 60 хувь болон түүнээс дээш хэмжээний тариф ногдуулах талаар хэлсэн ч хараахан хэрэгжүүлээгүй байгаа. АНУ-ын дотоод бодлогын өөрчлөлт нь Бээжингийн хувьд тодорхой эрсдэлүүдийг дагуулж байна. Жишээлбэл,

• АНУ, ОХУ ойртвол Бээжин-Москвагийн харилцаанд нөлөөлж болзошгүй

• АНУ Европ дахь аюулгүй байдлын бодлогоо өөрчилснөөр Ази руу анхаарлаа төвлөрүүлж магадгүй

Гэсэн хэдий ч Хятадын дипломат төлөөлөгчид үүнийг өөрийн давуу тал болгон ашиглахыг хичээж, улс орноо хариуцлагатай, тогтвортой дэлхийн хүчирхэг тоглогч гэж тодорхойлж байна. Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ,

“Том гүрэн гэдэг нь олон улсын үүргээ биелүүлж, шударга зарчимд нийцсэн үйлдэл хийх ёстой. Эсвэл өөрийн ашиг сонирхлыг бодож, бусдыг дээрэлхэх гэсэн сонголтуудын аль нэгийг хийх хэрэгтэй болно.” Хятад улс АНУ-тай өрсөлдөөнөөс зайлсхийхийг хүсдэг ч нөхцөл байдал тулвал тэмцэхээс буцахгүй гэсэн байр суурийг баримталж байна.

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu