ХЭН ЮУ ХЭЛЭВ I Сэтгэцийн эрүүл мэнд том асуудал болж хувирлаа

2025 оны 03 сарын 13

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарын байр суурийг онцлов.


УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Цахим мөрийтэй тоглоомын асуудлыг дан ганц гишүүн гаргаж ярилаа гээд шийдэгдчих зүйл биш. Хоёр зүйлийг анхаарах ёстой. Цахим хаягуудыг хааснаар энэ асуудал шийдэгдэхгүй. Технологийн эрин үед амьдарч байгаагийн хувьд тодорхой шалгуураар зарим хэсэгт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хязгаартайгаар олгох эсэх тухай асуудлыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгож зохицуулах нь чухал. Хоёрдугаарт, хамгийн том хор уршиг нь донтолт. Залуучууд цахим мөрийтэй тоглоомд амьдралаараа бооцоо тавьж, хөл алдаж байна.

Өсвөр үеийнхнээс авхуулаад электрон тамхины хамааралтай болж, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал ч газар авсаар байна. Бага насны хүүхдүүд ч мөн дэлгэцийн донтолтод маш ихээр өртөж байгаа нь аюултай үзэгдэл. Нэг талаас хүүхэд, залуучуудад амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин хомс байгаа нь үүгээр харагдаж буй. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хамтад нь анхаарч тал бүрээс нь судалж, зөв гаргалгааг хийх нь цагийн үеийн тулгамдсан хамгийн том асуудал болж хувираад байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Критикал минерал газрын ховор элементийн хувьд бид маш нарийн судалгаа хийх шаардлага үүсэж байгаа. Гэхдээ цацраг идэвхт ашигт малтмал болон газрын ховор элементийн хайгуулын асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Салбарын хэмжээнд хайгуулын лицензтэй цөөхөн компани байна. Манайд энэ төрлийн судалгаа маш бага хийгдсэн. Хайгуулын ажил яагаад зогсонги байна вэ гэвэл сонгуулийн өмнө улс төржиж байгаад лиценз олголтыг зогсоочихдог юм байна. Тиймээс энэ удаа хайгуулын лиценз, зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлж байгаа. Тэгэхээр журмын дагуу бүртгүүлээд Засгийн газарт танилцуулаад олгож эхлэхээр болж байгаа юм. Дэлхий нийтээр эрдэс баялгийн салбар гэж нэрлэх болсон энэ үед бид Эрдэс баялгийн асуудал хариуцсан яамны хувьд геологи хайгуулын ажилд анхаарал хандуулж ажиллана.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(103.57.93.199) 2025 оны 03 сарын 15

Уг нь зөв гөрчигласан бна. Их хурлын гишүүдийн яриаг сонсоход тэд өөрсдөө сэтгэцийн эрүүл мэндийн асуудөлд гүн автсан нь мэдрэгддэг. Гэр бүл аав ээж ах дүү хүшхдүүдийнх нь сэтгэц хэрэв жрүүл бол их зовж аиьдардаг байх.

0  |  0
Top