Ирж яваа цаг сайхан. Сэрж байгаа цаг сайхан. Монгол хүн байгальтайгаа шадарлан, хараа алсад, бие сэтгэл эрүүл, тархи цэгцтэй, энгийн төсөрхөн амьдардаг. Өглөөний цайнаас эхлээд л эрүүл мэндэд ээлтэй ургамал цэцэгсийн үрээр хандалсан цайгаа нүдүүртээ нунтаглаад чанадаг энэ уламжлал алдагдахгүй явах нь зөв. Таван цулд зохиролтой идээ ундааг эртнээс бэлтгэх нууц жор нь бүсгүй хүнд бий. Бүсгүй хүн бүрд оточ маарамба, аграмбын эрдэм буй. Бүгдийг сайн гээд нэг дор ам руугаа түлхэх нь төдийлэн сайн биш. Бүр эртнээс л өдөр тутмын хүнсэндээ юу хэрэглэвэл ямар шимтэй болохыг ээж аав зааж сургасан байдаг. Үүнийг өрнөдийнхэн судлаад эхэлсэн ч учрыг нь лавтай тайлж үл дийлэх ажээ.
Өдрийн наранд хатаасан “Д” амин дэмтэй цагаан идээ бол тэргүүлэх хүнс. Өвөл шувтарч хаврын улирал эхэлмэгц харшаа ядаргааг тайлах үүцээ задална. Өлөн элгээрээ явахыг цээрлэнэ. Өдөржин өлсөөд гэнэт ихээхэн идэх ч гэдсэнд цөвтэйг сургана. Монгол цагаан идээний оройд өглөөний цай заларна. Өдөржин өег байлгадаг өглөөний унд нь монгол угсаатны дархлааг тогтоох шидэт ундаан юм. Цайн дахь идээшлүүлэх эмт ургамал сэлт нь өнгө, амт, ханхлам үнэр оруулж, ундааны шинж чанарыг тогтоодог. Ийнхүү цай уувал тархи толгой сэргэн, цагаан хуян арилж, цанх тавигдан, биеийн чилээ гарна.
Цайндаа хурууд эсвэл холиотой тос хийж идээд, хониндоо мордоход өлөө даана. Тэгтлээ их иддэггүй байсан болохоор хоосон хонохгүй, хоёр идэхгүй гэсэн үг дэлгэрсэн гэлтэй. Олон төрөл зүйл, өнгө алагласан идээ ундааг хүртэхийг төдийлэн ойшоодоггүй байжээ. Эгчмэдүүд бие яс сайтай байдаг нь идэж уусан хүнстэй холбоотой! Ахмадууд арал сайтай байдаг нь ааруул идээний дэм. Идээ ундааг хэм алдахгүй хүртэх соёл нь монголчуудыг амгалан хийгээд эсэн мэнд байх угтвар нь болдог нууц ажээ.
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )