Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээн үг хэлж, үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн танилцуулгыг хаалттай горимоор танилцуулахаар боллоо.
Тэрээр чуулганыг нээж "Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд Та бүхнээр дамжин иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд, тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэж, шийдэл олохын ялгаа их.
Мөн олон түмний нэрийг баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр өнөөдрийн Монголын амьдрал, хөгжил хэмжигдэх учиргүй.
Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэй нүүр тулан уулзаж, байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй.
Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангайн, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байна. Иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )