УИХ-ын дарга “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 18

 

Бүрэн эрхт Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу халуун насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.

"Монгол цэргийн өдөр" бол улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг дайчдынхаа алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг билээ.

Баатарлаг дайчин замналтай Монгол Улсын Зэвсэгт хүчин нь эдүгээ эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн, энх цагийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохын зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулж монгол цэргийн түүхийг алдар гавьяаны алтан хуудсаар баяжуулсаар байгаад талархаж байна.

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлж, гадаадын 39 улстай цэргийн дипломат харилцаатай болж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн зарим улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааны түвшинд хүрсэн нь сайшаалтай. Цэргийн дипломат ажилтнууддаа амжилт хүсье.

Олон улсад энхийг сахиулах ажиллагааны оролцоо, чадавхаа нэмэгдүүлж, анх удаа эмнэлгийн мэргэжилтнүүдээ үүрэг гүйцэтгүүлэх болсноор энхийг дэмжих ажиллагаанд илгээсэн манай улсын цэргийн алба хаагчдын тоо 22 мянга давж, Нэгдсэн Үндэстний Байгууллагад цэрэг хандивлагч тэргүүлэгч орны нэг болжээ. Энэ цаг мөчид дэлхийн халуун цэгт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчдаараа эх орон, элгэн садан нь бахархаж байгааг уламжлан сайны ерөөл хүсье.  

Батлан хамгаалах салбар нь 2025 оныг “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил” болгон зарлаж, орчин үеийн дэвшилтэд технологи, хиймэл оюунд суурилсан ”технологижсон зэвсэгт хүчин” болгох стратеги зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгааг дэмжиж байна.

Монгол Улсын Их Хурлаас “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ыг баталсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг цаг алдалгүй Засгийн газраар батлуулан, хэрэгжилтийг үр дүнд хүргэхийн төлөө ажиллах нь зүйтэй.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлсэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөөх Та бүхний хүчин чармайлтыг Улсын Их Хурал дэмжин ажиллах болно.

Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах үндсэн үүрэгтэй. Орчин цагт иргэний энэ үүргийн утга учир, агуулга улам олон талтай, ач холбогдолтой болж буй. Үндсэн хуулиар хүлээсэн энэхүү үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг нийт иргэддээ хандан уриалж байна.

Монгол эх орон, Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

2025.03.18

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu