Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс сард нэг удаа “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлыг зохион байгуулж мэдээлэл өгдөг. Энэ үеэр гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татахтай холбоотой асуудлыг тодруулахаар сэтгүүлчид асуулт асуусан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах хорооны гишүүн А.Насандэлгэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд юу саад болж байгааг ШЕЗ шууд хариулах боломжгүй” гэв.
Түүнчлэн "Манай улс эрх зүйг үндэслэл болгосон, хуулийн засаглал тогтсон ардчилсан орон. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн төрийн байгууллагын үндсэн тогтолцоотой. Төрийн байгууллагын тогтолцооны нэг тулгуур багана болох шүүх эрх мэдэл нь бие даасан хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулах Үндсэн хууль болон холбогдох хуулийн зохицуулалттай. Хуулийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэдэг үг тунхагийн шинжтэй биш. Нийгмийн сүлжээ болон асуудал хариуцсан УИХ-ын гишүүдийн тайлбарлаж буй байдлыг харсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд юу саад болж байгаа, хуулийн ямар зохицуулалт дээр маргаантай байгааг ШЕЗ шууд хариулах боломжгүй. Үндсэн агуулгаараа шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэсэн хуулийн заалт бий" гэсэн хариултыг өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )