Л.Оюун-Эрдэнийн танхим Атрын IV аяныг хэрэгжүүлнэ гэдгээ энэ долоо хоногт зарлалаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Тус шийдвэрийг гаргасантай холбогдуулан Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудад ажиллаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх болно” хэмээн мэдэгдэв.
Энэ шийдвэр гарснаар хэдэн жилийн өмнөөс “Газар тариалан галын шугам дээр байна шүү” хэмээн зовлонгоо тоочиж, гараа сарвайж ирсэн тариаланчдын сэтгэлд бага ч атугай итгэл найдварын гал асаж, хүлээлт үүслээ. Нарийн ногоог л гэхэд Хятадаас зөөж иддэг гэдгээ манайхан ковидын үеэр мэдэж, шоконд орох шахуу болж байсан. Төмс, хүнсний ногооны ихэнхийг урд хөршөөс авдаг. Өөрсдөө тарьж ургуулаад зарж борлуулах гэхээр нь үнэтэй гээд тоодоггүй. Тэрийг нь ченжүүд бөөний үнээр авч хэд нугалсан ашиг олж ирсэн. Тэгсэн атал хорт хавдар, аливаа өвчний статистик гарахаар химийн бордоо ашигласан, эсэх нь тодорхойгүй, эх сурвалж нь мэдэгдэхгүй хүнс, ногоо урдаас авч хэрэглэдэгтэй холбоотой гээд л шуурцгаадаг. Тэгвэл газар тариалангийн салбарыг хөгжүүлэх гарц нь “Атрын IV аян” гэж Засгийн газар үзсэн бололтой. Гэхдээ үе үеийн Засгийн газар ийм бодлого баримталж ирсэн байдаг. Тухайлбал, манай улс Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 онд гаргаж байсан бол, хоёр дахь аян 1976 оноос өрнөжээ. Атрын III аяныг Ерөнхий сайд асан С.Баяр санаачлан, 2007 оноос ХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай гардан хэрэгжүүлж байсныг бид мэднэ.
Гол зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлээд буй хүнсний аюулгүй байдлыг хангахад тэр үеэс чиглүүлж байв. Харамсалтай нь асуудал хариуцсан зарим сайд нь Засгийн газрынхаа бодлогыг 200 тэрбумаар хурал, зөвлөгөөн хийх болгож “ашиг унагах”-аар дүйвүүлсэн зэрэг алдаа дутагдал гарч байсан. Гэхдээ энэ салбарын хөгжилд түүнээс илүү хувь нэмрээ оруулсныг дурдах нь зүйтэй. Л.Оюун-Эрдэнэ өмнөх алдааг давтахгүй байх гэдэгт найдая. Хамгийн гол нь Монгол Улс газар тариалангийн салбараа хөгжүүлж, хүнсний ногоо импортолдог биш экспортолдог орон болоосой.
Сэтгэгдэл ( 0 )