Яруу найрагчдын өдрөөр эрдэмтдийн ойг тэмдэглэв

2025 оны 03 сарын 28

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан “Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтдийн судалгааны өвийг дахин тодруулах нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2025 оны  гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

ЮНЕСКО 1999 онд XXX чуулганаараа жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Дэлхийн яруу найргийн өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, дэлхийн бүх орны үндэсний нийгэмлэг, Засгийн газрын бус албан газар, орон нутгийн захиргаа, бүх шатны сургууль, музей, хэвлэлийн газар, зохиолч яруу найрагчдад тунхаг гаргасан юм.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбар жил бүр эл өдрийг тэмдэглэн, эрдэм шинжилгээний хурал, зохиолч, судлаачдын дунд уулзалт зохион байгуулж хэвшсэн. Энэ жил тус хүрээлэнгийн ахмад эрдэмтэн болох доктор дэд профессор Цэрэндоржийн Мөнх, академич Хорлоогийн Сампилдэндэв, доктор (Sc.D), профессор Дандарын Ёндон, доктор (Sc.D), профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар нарын мэндэлсний 80, 90 жилийн тэгш ой тохиож буйтай холбогдуулж, тэдний судалгааны бүтээлийн өвийг дахин тодруулах, хойч үедээ сурталчлан танилцуулах, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулав.

Тус ярилцлагад Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D) зохиолч Ү.Хүрэлбаатар, Д.Цэнджав, Д.Хүү, Монгол Улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Ч.Жачин, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч, доктор (Ph.D) Д.Батжаргал,   МУИС-ийн багш, доктор (Ph.D), профессор Г.Галбаяр, судлаач, шүүмжлэгч Ц.Мөнхийн үр хүүхэд болон Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон оролцлоо.

Дугуй ширээний ярилцлагын эхэнд тус хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын ЭШТА, доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндорж “Утга зохиол судлал, шүүмжлэлд Ц.Мөнх багшийн оруулсан хувь нэмэр”, Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) А.Алимаа, Утга зохиол судлалын салбарын ЭШАА Ж.Ууганбаатар нар “Академич Х.Сампилдэндэвийн аман ба бичгийн уран зохиол судлалын бүтээлийн өв”, Сурвалж бичиг, Төвөд судлалын салбарын ЭШДэА, доктор (Ph.D) Д.Мөнх-Отгон “Доктор (Sc.D), профессор Д.Ёндонгийн эрдэм шинжилгээний бүтээлийн өвийг тодруулах нь”, мөн тус салбарын ЭША Х.Бираасүрэн “Доктор (Sc.D), профессор Л.Хүрэлбаатарын “Огторгуйн цагаан гарди-I” номд ашигласан төвөд сурвалжийн тухайд” гэсэн илтгэлийг хэлэлцүүлж, ахмад эрдэмтдийнхээ судалгааны өвийг танилцуулсны дараа хүрэлцэн ирсэн зочид,  дээрх эрдэмтдийн шавь, үр хүүхэд дурсамжаа хуваалцсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu