Лодонгийн Түдэвийн далд ертөнц

2025 оны 04 сарын 03

Лодонгийн Түдэв хэмээх агуу ертөнцийг танин мэдэх, түүний бүтээлийг бүрэн шинжилнэ, судална гэвэл хэд хэдэн утга зохиол шинжээч судлаачид ч сульдахаар барагдашгүй оюун, сэтгэлгээний уурхай юм. Алтны уурхай дуусаж барагддаг бол оюуны уурхай шавхагдахгүй. Зохиолчийн амьдрал дотоод ертөнцийг танихгүйгээр зохиол бүтээлийг үнэлж цэгнэх аргагүй. Эл эрхмийн эрхэлсэн өөрчлөн байгуулалтын үеийн оюуны санааны штаб “Үнэн” сонинд Өмнөговь, Сүхбаатар аймаг дахь сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, утга зохиолын нарийн бичгийн дарга зэрэг алба хашиж есөн жил удирдлагад нь ажилласан болохоор зах зухаас нь таньж мэднэ ээ. 1980-аад оны дунд, 90-ээд оны босгон дээрх “Үнэн” сонин шиг хүчирхэг мэдээлийн хэрэгсэл байхгүйг хэн ч зөвшөөрдөг. Монголын Үндэсний телевизийн нэгэн зүтгэлтэн, ардчилагчдын нэгэн ингэж хэлсэн.

Хэдийгээр ЗХУ-д М.Горбачевын ил тод байдал, өөрчлөн байгуулалтын үзэл санаа гарсан хэдий ч Монголдоо “Үнэн” сонин өөрчлөлт, шинэчлэлийн дуу хоолой болж манлайлаагүй бол бусад үндэсний хэмээх телевиз, радио, сонин хэвлэлийн эрх хэмжээ дээрээсээ хяналттай, хаалттай хэмжээ хязгаартай байлаа. Яаж ч зориглож дийлэхгүй. Эрх баригч МАХН-ын Төв хэвлэл “Үнэн” сонины дайчин зоригтой хурц шүүмжлэлтэй нийтлэлээр бамбай хийгээд бид дор дороо зоригжсон. Монголчууд азтай учраас энэ № 1 хүчирхэг сонины залуурыг Л.Түдэвт атгуулсан тулдаа аврал болсон гэж хэлсэнийг үнэний хувьтай гэж эргэцүүлдэг. Өнөөдрийг биш өчигдрөө тас мартчихдаг одооныхон мэдэх нь бүү хэл, дуулж сонсоо ч үгүй. 1980-аад оны үед өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааны нөлөө байсан ч гэлээ, байр суурьгүй, зориг зүрхгүй, мохоо үлбэгэр нэгэн тэр суудалд шигдэж байсан бол ардчилал, шинэчлэл ч оройтож ирэх байсан гэж боддог.

 

НЭГ. “МАРТАХЫН ТУЛД ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛДӨГ”-ИЙН АЧ ТУС

 

Би 1989 оны зургадугаар сарын 10-ны ням гаригт бичсэн шарласан тэмдэглэлээ эргүүлэв. Зарим чухал өдөр, чухаг хүнтэй уулзсанаа тэмдэглэл хөтөлдөг маань тус нэмэр болох юм. “Мартахын тулд өдрийн тэмдэглэл хөтөлдөг” гэсэн мэргэн үг бий. Ийм нэгэн тэмдэглэл Л.Түдэв ахайтны утга зохиолын үзэл санааг зах зухаас таниулж магад тул эхлээд түүнийгээ сөхье. “Хувьсгал танаа өчье” баримтат роман гараад дээр доргүй шуугиан тарьж байсан төдийгүй, сонины дугаар болгон нь шуугиан тарьж байсан “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчийн өрөөнд нь уулзсан тэмдэглэл байна. Албан ёсны ярилцлага хийж байгаа шиг нүүрэн дээр нь үзэг цаасаа бэлдээд хэрхэн яаж бичих билээ. Харин бүх зүйлийг тархиндаа шингээж, халуун дээр нь тэмдэглэсэн нь олз юм. Хэлмэгдлийн тухай ийм өргөн хэмжээнд ярих цаг болоогүй тул дээдсүүд жийрхэж байсан ч үг дуугарч чадахгүй, тэгээд ч хэрхэн яаж дуугарахаа олохгүй тээнэгэлзсэн үе байжээ. “Ухаантай дайсан хамгийн аюултай” гэдэг шиг Л.Түдэв бол онц осолтой хүн гэж бэргэж их нам, төрийн өндөр албан тушаалд тавилгүй, тэгсэн байтлаа нэг их холтгохгүй албанд зүтгүүлж байв. Зохиолчдын Хороо, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба түүний том тушаал байв. Харин төр, олон нийтийн сонгуульт ажлаар дарж байлаа.

Ном зохиол, өгүүлэл нийтлэл, эсээ, шүүмж судлалаараа далд утгат хурц үзүүртэй бичлэгээрээ нийгмийн оюун санааг түүчээлж байлаа. Шашингүй үзлийн хяналттай үед “Оройгүй сүм” роман нийгэмд олон санаа төрүүлж байсан нь ил, далд энэ зохиолыг өнөөгийн үзэл сурталд харш, цаагуураа шашинг сурталчилсан, лам хуврагыг магтаж мандуулсан гарын авлага, сурах бичиг болсон байна. Намын өмнө, нийгмийн өмнө том хариуцлага хүлээсэн ийм том албаны хүн ийм юм бичиж болдог юм уу? гэж илд дад ярьж, дээшээ сэм матаж байсан нь надад ч мэдрэгдэж байлаа. Ялангуяа орон нутгийн хурган дарга нар намын хурал, лекц сурталчилгааны үеэр сөхөж байсныг би сонсож л байсан юм даг. Гэвч олны хүндэтгэлийг олсон, том зиндааны үндэсний сэхээтнийг шууд ил арга хэмжээ авбал өөрсдөд нь гай тарина гэдгийг эрхбиш ойлголгүй яах вэ.

“Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчийн том ширээн дээгүүр дүүрэн гадаад дотоодын ном сэтгүүл, сонин хэвлэл, бичиг цаас ямар ч эмх цэгцгүй навсайна. Ийм хөглөрсөн ширээ бас байдгаа гэхээр. энэ их новшны дотроос юмаа яаж олдог болоо гэж бодов. Гэвч хэрэгцээтэй үед тэр дундаас шууд сугалаад гаргаад ирнэ. Энэ явдлыг ойрын хэн ч мэднэ. Ийм л үед ийм нэгэн яриа болсон тухай өдрийн тэмдэглэлээ сөхье. Өөрийнх нь цэрэг, өчүүхэн шалдар бульдар амьтан намайг тоож бишгүй зүйлийг ярьсан байх юм. Үүдэнд хүмүүс хүлээгээстэй. Хүмүүс мэдэх л байлгүй, заримдаа бичиг номоос уйдаж залхдаг болоод тэр үү? санаа сэтгэл нийлсэн хөгшин залуу хүмүүстэй цагаа хайрлахгүй хөөрөлдөнө. Тэндээс шинэ санаа ч гогдож авдаг байх. Ухаатны өмнө ухаантай ярихыг л хэн хүнгүй хичээдэг нь ёс. Зэнзийрхээд халдаж чаддаггүй болохоос, хамгийн чөлөөтэй ярилцагч, хамгаас илүү шинэ сониныг нээгч, бодож байгаагүйг, төсөөлж байгаагүйг эх сурвалжаар нь уг язгуураар нь ярина. Хүнийг бодол сэтгэлийг өөрчлөөд, сэтгэл ханатал нь урам зориг, хүч чадал нэмэгдэж цэнэглэгдсэн юм шиг болоод хачин урамтай гарна. Их зан гаргаж хамраа сөхөхгүй. Ингэж чөлөөтэй ярьж хөөрөлдөх нь зөвхөн ном бичгээс салдаггүй тамын үйлээсээ түр ч болохноо хөндийрөх нь аятайхан байсных ч болов уу? Зарим таньж мэдэхгүй хүн халдашгүй хямсгар этгэд гэх нь бий. Бас үг яриа нийлэх, эс нийлэх нь ч бий шүү дээ. Түрүүчийн дурдсан тэмдэглэлийн хуудсыг эргүүлбэл ийм нэгэн яриа болжээ. Яагаад тэмдэглэлээ сөхөв гэхлээр энэ эрхмийн далд ертөнцөөс бага сага ч танигдаж магад. Тэгэхэд би чинь Ерөнхий эрхлэгчээсээ тэртээ холын Сүхбаатар аймагт суугаа өөрийнх нь жагсаалын цэрэг, магтаал, шүүмжлэлийг байхийгээд л хүлээдэг жирийн залууу сурвалжлагч шүү дээ. Ойрын үед миний бичсэн юм “Улаан самбарт”хэд хэд тавигдаж, сонины шагнал хүртсэн болоод ч тэр үү, их аятайхан зантай байна аа, нүднийхээ шилийг аваад инээмсэглэн, “За тэр хязгаар нутгаар Дарьгангаар  сонин юутайв” гэж элгэмсэг угтав.

-Миний нөгөө муу юмыг (“Хувьсгал танаа өчье” роман ) уншаа биз дээ, ямар санагдав?

-Би үнэлж цэгнэнэ гэж юу байх вэ. Уншигчийн сэтгэлээр л хандсан. Романыг хэмжээгээр үнэлдэг цаг өнгөрсөн байх, уйтгартай зузаан юм байснаас хүнд хэчнээн их зүйлийг хайрлахаар тустай авсаархан болсон нь амттай юм байна гэдгийг таны романаас мэдэж, мэдэрлээ. Бас баримтыг яаж уран сайхны аргаар хөгжүүлж, урлагжуулахыг ч анзаарч мэдээ. Баримтат бол баримт...гэхдээ амилуулжээ. Ийнхүү улс орныхоо төлөө өчүүхэн ч муу саналгүй мах цусаараа тэмцэж байсан атлаа хувьсгалын эсэргүү пайз зүүгээд шорон гянданд хатаагдаж байгаагийн учир вэ? гэж ноцтойгоор асуугаад, юунаас болов? хэнээс болов? гэдэг асуулт тавьж, тарчилж зовсон бодлоороо өөртөө эргүүлээд хариулна гэдэг санааг олсон нь ёстой л нүдээ олж хатгана гэдэг энэ байх. Өмнө ийм ноцтой гэмээр роман гараагүй болохоор хөдөө, хотгүй их анхаарал татаж байна. Сэтгэлийн дотоод шарх, шаналлыг гаргасанаараа нөгөө үгүйлэгдээд байдаг ёстой нөгөө сэтгэлзүйн роман юм болов уу? гэж санагдсан. Барьж аваад яагаа ч үгүй уншаад дуусгачихсан нь жаахан харамсалтай санагдсан, арай дэлгэрэнгүй байвал зүгээр ч юм уу гэж бодогдсон.

-Товч бичих чинь эрдэм. Манай уншигчид үүнийг мэддэггүй бололтой. Яах вэ дээ, товч бичихэд энэ тэр хачир чимэг дутуу юм шиг болж юм үгүйлэгддэг байж болох юм. Манайхны зарим нь том зузаан бичихийн дон шүглэчихжээ. Уншигчаа хүндлэх хэрэгтэй. Одоо цаг хугацаа шиг нандин юм алга. Тэр том зузаан юмыг яаж уншина аа? Би шинэ зохиолыг барагтай бол уншчихдаг юм. Жамбын Пүрэв гуайн романуудыг мөрлөж уншвал барагдахгүй, гээж хаяж, баатруудыг дагуулж уншлаа шүү дээ.

-Баримтат зохиол гэдэг ямар сонирхолтой болохыг уншигчид мэдсэн байх. Нэг хэсэгтээ бараг уран сайхны зохиолын дээр гараад ирэх юм биш байгаа?

-Үнэн, үнэн. Ирээдүйн хүүхдүүд өмнөх үе ямар байж вэ гэдгийг л эргэж харна шүү дээ. Тэр болгоныг зохиолоос биш, жинхэнэ баримтаар л олж харахыг хичээнэ. Би бүр 20 жилийн өмнө Борис Полевойн номын оршилд шинэ зуунд баримт түрж, байраа эзлэх тухай юм бичсэн л дээ. Тэр нь болж байна. Энэ цаг үеийг хожим хойддоо үлдээх хэрэгтэй. Болж өгвөл ямар хувцастай, ямар хэл яриатай, ямар мэнд устай, ямар бодол санаатай улс байж вэ гэдгийг л яг зураг шиг буулгах хэрэгтэй байгаа юм.

-Ингэхдээ харин цаг үеийн салхинд автаж болохгүй байх...

-Тэгэлгүй яахав, зориг хэрэгтэй. Миний “Нүүдэл суудалд” байгаа л даа. Хоршооллын тухай ч би мэдэж л байсан... бүтэлгүйдэх байх гэж...Гэхдээ яаж ч болоогүй цагийн аясыг дагах шиг болсон. Гэхдээ юмаа хэлсэн л дээ. Утга зохиол судалдаг та нар ажигладаг л байлгүй. Эрлийзжүүлэг явуулж байгааг нэг өвгөнөөр гаргасан.

-Манай томчуул баримтын учир холбогдлыг хэр сонирхдог юм бол?

-Эрдэнэ “Занабазарын” тухай роман биччихсэн л гээд байгаа юм. Маш нарийн нягт судлах ёстой. Баримт аюултай, нэг халтирвал бүхлээрээ нурж унах аюултай. Манайхан баримтын судалгаан дээрээ сайн ажиллахгүй байна. Ер нь уран зохиол гэдэг чинь энд тэндхийн юмыг шүүрдээд л нялаад байвал болох л байх. Гэхдээ шинжилгээ судалгаагүйгээр баримтат зохиол бичнэ гэж байхгүй. Үүнийг манайхан ойлгохгүй байгаа юм. Би хойно аспирантурт суралцаж байхдаа олон зохиолынхоо материалыг судалсан. Саяын наад Дугаржавын тухай романыг хийх гэж гайгүй л баримт цуглууллаа гэж бодсон. Хорин жилийн турш цуглуулсан. Харин тэр үеийн Тувагийн сонин хэвлэлийг үзэж чадаагүй гаргачихсан. Юмыг ухаж учир мөнийг олж бичих нь чухал юм даа. “Янхан” гэж манайхан бичээд байдаг. Яаж гарсан, ямар учир утгатай үг юм бол? гэдгийг жишээ нь хайх хэрэгтэй. Бүр арваннаймдугаар зуунд (энэ он хугацааг ярилцагч би алдаж сонссон байж болох юм шүү. Ямар үзгээ аваад тэмдэглэлтэй биш. До. Ц) Жан-хя- яан гэдэг сүмд ноёд цуглаж гоо үзэсгэлэнтэй залуу хүүхнүүдтэй наргидаг байсан юм байна. Тэгээд манайд “янхан” гэдэг үг болчихож...Самбуутай янжуур гээд л байдаг биз дээ. “Сан-бао-яа” гэдэг нэгэн зүйл орсон тамхи юм байна л даа. Юмыг хөөж л олох хэрэгтэй. Манайд байхгүй номыг гадаадаас захиалан авчруулж унших нь чухал. Энэ эрхмийн амнаас унасан үг болгоныг тархиндаа хэрээрээ тогтоохыг чармайж байсан ч алдсан оносон зүйл байж л таарна. Дээрх үг хэллэгийг алдсан бол Л.Түдэв эрхлэгчийн буруу биш, миний л буруу сонссоны эндэл, тархины хэмжээ гэдгийг эрхэм уншигч авгай та бүхнээсээ хүлцэл өчье.

-Юманд нэг их баригдалгүй чөлөөтэйхэн үзүүлчихсэн юм л уншигчийг их татаад байх шиг. Таны романд Гэндэн Сталины махир гаансыг хугалчихсан гэж гардаг. Энэ их сонин юм, ийм юм мартагдахгүй. Гэхдээ Гэндэн хэн бэ гэдгийг гаансаар их юм хэлж байна даа?

-Яг үнэн. Ийм юманд хүмүүс их дуртай, жаахан задгайдуу хэлчихсэн юм илүү хүрдэг бололтой.

-Хазгар Гэндэн тэр хүн тун танхай эр байж дээ?

-Яалаа гэж...танхай биш, зоригтой эр байсан байхгүй юу? Монголчууд ер нь айхтар цөс зоригтой, гал ус шиг улс байсан. Одоо зориг нь хаачихсан юм бэ? мэдэхгүй, бүгд л бөв бөөрөнхий болцгоож дээ. Чойбалсанг муулж л байна. Монголоо авч гарах тун их зориг зүрх түүнд байсан. Сталин өөр орны элчин сайдын дайллагад нэг ч удаа очоогүй мөртлөө манай элчинд очоод хонины ууц таллаж хишиг хүртээж байсан гэж байгаа...түүнийг бичсэн. Тэр хүн чинь алсдаа энд тэнд тархсан монголчуудыг өөртөө татаж нэгтгэх гэж байсных юм шүү дээ. Гэндэнгийн оронд Тока шиг амьтан байсан бол өдийд юу болох вэ? Тока яалаа даа, Монголын нэг талыг Зөвлөлтөд өгчихөөд манай маршалаар алгадуулж байсан юм шүү дээ. Тока тэгээд Лениний зургаан одон хүртчихээд нэг насаар дураараа туйлсан этгээд.

-Магсар хурцын Дугаржав гээч айхтар сүрхий хүн байж дээ? Үүнийг таны романаас л хүмүүс мэдэж авах шиг боллоо...

-Тэгэлгүй яах вэ. Сүхбаатарыг хойшоо явахад ар талыг дааж болгож явсан хүн. Бараг Сүхбаатарын дараа орох хүн юм шүү. Тэгээд их даруухан, сүүлдээ урлагийн ажлыг хөөгөөд нийгмийн зүтгэлтний үүрэг бүдгэрсэн бололтой юм билээ. Тува руу элчнээр явахдаа авдар дүүрэн хөгжимтэй явжээ. Тэгээд тэндхийн сайд дарга нарт монгол ардын дуу дуулж зааж байсан гэдэг.

-Таны романыг уншиж зоригжоод, манай утга зохиолын нэгдэл биднүүс нутгийн хэдэн сэхээтэнтэй нийлээд Сүхбаатарын Мөнххаан суманд Дугаржавын гэрэлт хөшөөг аймгийн намын хороонд мэдэгдэлгүй босгоод, гурван сумын наадам хийчихсэн чинь бөөн хэл яриа гарч, арга хэмжээнд орох шахаад байна. Таны нэрийг ч, сониныхоо нэрийг сүйдэлчих шиг бололтой, “Үнэн” сонины сурвалжлагчийн нэрийг ч баллах нь ээ. Одоо яах вэ? Эвгүй юм болох нь ээ. Намайг өөр аймаг руу шилжүүлж өгнө үү? Үгүй бол багшаа ч хийдэг юм уу?

-Тэр та нарын цочмогийнх, юмаа орон нутгийн намын байгууллагад заавал хэлж танилцуулж байх хэрэгтэй л дээ. Гэхдээ л зориг гаргаж байгаа чинь сайн хэрэг. Одоо хуучнаа бодвол юм арай өөр болж байна аа. Яах вэ... яах вэ...чимээгүй л байж бай. Чимээг чимээгүйгээр дарна гэж нэг юм бий. Надад бол өдөр бүхэн тохиолддог зүйл. Үүгээрээ мэдэж байя.

-За танд баярлалаа, манай Сүхбаатарынхан чинь ер нь эртнээсээ зоримог, сэхээтнүүд нь ч гэсэн шагхийсэн улс байдаг юм байна. Оюунлаг, эрдэмлэг тал нь илүү ч юм шиг.

-Танай тэр Сүхбаатарынхан ер нь их сүрхий, нэг л өөр улс...Дээр үеэсээ айхтар цөстэй явцгаасан. Сүхбаатарыг ярилтгүй. Намын нөхөр Жав, Гомбо-Идшин гүн, Догсом гээд улс бий.

-Та өөр өөр сэдэв олж тэгээд ч өөрийгөө давтахгүй яваа чинь ховор эрэл юм даа?

-Тийм шүү. Хувьсгал, түүх, шашин, хүүхэд, адал явдал гээд өмнөх буйраа байн байн сольж явсны ачаар өдий зэрэгтээ яваа юм. Одоо надад 6,7 романы сэдэв байна. Цаг ер гарч өгөхгүй юм. Эвлэлд байхад болоод байжээ. Одоо энэ “Үнэн” сонины тэргүүнээс эхлээд өдөржин эрээн цаас шагайгаад гэртээ очоод бас шагайхлаар нэг хэвийн ажил ядаргаатай байдаг юм байна. Дэмбээгийн Мягмар нэг үе уянгын хэдэн тууж бичээд яаж ч болохгүй эргүүлэгт орчихсон. Өөрийгөө давтаад эхэлсэн. Тэгээд яах вэ дээ, Мягмар зальтай юм чинь жүжиг бичээд эхэлсэн. Эндээс л энэ хүн дахиж төрсөн. Туужаараа яваад байсан бол өдийд яригдахгүй ч байж магад. Эрдэнээ баахан уянгын өгүүллэг бичсэн. Өөрийн эрхгүй давтагдана шүү дээ. Одоо бодоход Ринчен гуайн үг санаанд ордог юм. Ринчен гуай надад сүрхий талтай сайн, элдвийн юм цөхөртлөө хийж уйдахлаараа миний өрөөнд ороод ирнэ. Элдвийг ярина аа. Нэг удаа ингэж хэлсэн. С. Эрдэнээг чи ажигладаг уу? бүх өгүүллэгийнх нь эхлэл төгсгөл ижил шүү дээ гэсэн. Өвгөн сүрхий ажсан байгаа юм. Өөрийгөө эвдэхэд зориг хэрэгтэй. Нэг ч гэсэн шинэ үг, шинэ дүр бий болгох хэрэгтэй. Пушкиний уран зохиолын үгээр толь хийхэд 30,000 гаруй үг (энэ тоог бас алдсан байж болох До.Ц) болсон гэнэ лээ. Гэнэлээ ч гэж дээ би үзсэн. Хөөрхий биднийхээр толь хийвэл юу болох бол доо?

-Намайг Өмнөговьд сурвалжлагч байхад нэг сонин хүн тааралдсан. Тэр хүн “Таны “Оройгүй сүм”-ийг уншаад, урд өмнө сонсоогүй үгийг түүвэрлээд толь хийчихсэнийг үзсэн...

-Сайн л хэрэг. Тэгж л унших ёстой юм. Залуу насандаа нохой шуугиулж, дөрвөн мөчөөрөө газар дэвсэхгүй бол хэнсэн билээ. Хайран залуу насыг хайран өнгөрөөж болохгүй. Чи утга зохиол шүүмж бичиж, сэтгүүлчээр ажиллаж байгаа чинь ирээдүйд хэрэг болно. Нэг буурин дээрээ тогтож болохгүй, сармагчин шиг л үсэрч, харайж, дэгдэх хэрэгтэй. Гэхдээ одоо хэдтэй билээ? дээ гэхэд 30 гараад л явж байна гэхэд “Хм...Лерментов чинь 27-хон насалсан гэхэд дэлхийн зохиолч болчихсон байна шүү дээ. За даа ийм л шив дээ. Цаана чинь хаалга үүд онголзуулаад байх шиг гэснээр бидний яриа дуусаж билээ.

“Тэнэг хүн тэнгэрээс арай доохнуур” гэгчээр шиг агуу Лодонгийн Түдэв гэгчид тийм ч амархан халдахааргүй, ид дүрэлзэн шатаж ид хав нь гялалзаж, уулыг нурааж, усыг эргүүлэхэд ойрхон явахад нь аймшиггүйгээр халдаж ийн энгүүн ярилцжээ. Тэртээ 1986 оны яриа хөөрөө өнөөдөр шив шинэхэн сонсогдож байгаа биз... Ухаант үг хуучирдаггүй.

 

ХОЁР: ШИНЭЧЛЭЛИЙН АРХИТЕКТОРЧ

 

Лодонгийн Түдэв гэгч бие хүн бол хачин сониуч, нэг хэвэндээ улбайж суухыг огтхон ч тэвчдэггүйгээрээ гоц ялгарна. Өглөө бөөрөнхий байсан биетийг орой гурвалжин болгож өөрчлөхөөс нааш санаа амардаггүй ер бусын сэтгэлгээтэйг ойр тойрныхон нь андахгүй. Энэ хүний санаачилж зохион байгуулсан бүтээсэн Монголын хүүхдийн ордон, “Найрамдал” олон улсын пионерийн зуслан, Залуучуудын Соёлын төв, Усан бассейн, хот хөдөөд 80-120 ортой хүүхдийн ясли, цэцэрлэгүүд, Шаамар дахь Зохиолчдын уран бүтээлийн байшин, Монголын үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд наад зах нь барилга байшинг тоочвол олон, удирдаж байсан газруудаар гишгэсэн мөрийг эргэж харвал үргэлжийн шинэтгэж өөрчилсөн нүдэнд харагдаж, сэтгэлд үлдэх маш чухагууд байдаг. Амьдралынхаа туршид гял цал өнгө төрхөө олсон амжилт дүүрэн газар руу томилогдож байсангүй, аливаа юмыг хуучин замаас гаргаж, нөгөө шинэ зам руу хөтөлж оруулахын төлөө одонд төрсөн хүн гэхэд болно. Шинийг эрж хайгчид мухардаж зүдрэгсэд, гарц замаа олохоор түүн рүү зорьж ирнэ. Эрс тэрс үзэлтэн, хөгшин залуу,эрдэмтэн мэргэд, оюутан хүүхэд, малчин, инженер гээд эсэн бусын хүмүүс Түдэв эрхлэгч дээр ирнэ. Хайран цагаас нь хумсална. Тэд мань хүний оюун ухааныг нь хайр найргүй саана. Өөрийн мэдлэгээ нууж хаалгүй гамгүй гаргана. Тэр санаа хожимдоо нүдэнд харагдах бүтээлтэй ажил болсон хойно огтхон ч харамсдаггүй агаад харин ч урамтай нь аргагүй алхдагийг олон юмнээс мэдэрсэн. Сонин, хэвлэлийн газар удирдлагад нь есөн жил болсоны хувьд миний ажигласнаар бол үнэхээр “Шинэчлэлийн архитектор” гэж боддог, ялангуяа залуучуудын байгууллагад ажиллаж байсан хүмүүс үүнийг илүү сайн мэдэх нь мэдээж ээ.

Тэр бүхнийг эс өгүүлэн, энэ удаа зохиол бүтээл тал руу илүү хэсэг бусагхан зүйлийг дурсан өгүүлье. Зохиол бүтээлээ ч гар хуруу эргүүлэх шиг хэдэн арван янзын аргаар бичнэ. Гүн ухааны, танин мэдэхүйн, сэтгэц сэтгэхүйн, адал явдлын, инээдмийн, эмгэнэлийн, хошин шогийн, баримтат, уран зөгнөлийн, утга уянгын, туульс драмын гээд нэгээс нөгөөд шилжихдээ гарамгай. Ном, зохиолыг нь, нийтлэлийг нь өөрийн болгож уншсан бол энэхүү зохиолчийн урлангийн доргилт хөдөлгөөн, эрчим хүч, шилжилт хувьсал өөрчлөлтийг халуун, хүйтнийг хэмжигч барометрыг харж байгаа шиг мэдэрнэ гэдэгт итгэж байна. Төрөлхийн бясалгалын сэрж мэдрэмтий ухаан дээр орос, англи испани хэлээс өргөн мэдээлэл авдаг гэж ойрын хүн хэлсэн. Дундговь аймагт Залуу зохиолчдын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Дорноговь, Өмнөговь, Төв аймаг, Чойр зэрэг таван аймгийн залуу зохиолчдын бүсийн чуулга уулзалтын үеэр Сүм хөх бүрдийн амралтад С.Дашдооров гуайтай ярилцаж байхад, “Манай Түдэвийн чинь гол хэл нь испани шүү дээ. Гадаадад янз бүрийн хурал болоход энэ хэлээр хурал удирдаж байсныг худлаа хэлэхгүй хүн бишрээд надад хэлж байсан юм” гэхэд мань хүн Багшийн сургуулийн нэг бүтээгдэхүүн төдийгүй Дооров, Д.Маам , М.Цэдэндорж тэд өөрсдийгөө “гишүүн” гэж харилцан дуудалцдаг, гурвуулаа хамтдаа энэ монгол улсынхаа алдартай зохиолч болно гэж андгайлсан бололтой.. Иймээс арай л өсгөж байгаа болов уу? гэж эргэлзээд өнгөрсөн. Цаг хугацаа үнэнийг үгүйсдэг ч, бас баталдаг. Хожмоо одоогоос 60 гаруй жилийн өмнө 1963 онд Куба болоод испани хэлт орноор аялаад гаргасан “Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага” хэмээх аян замын тэмдэглэлийн маш сонирхолтой номыг шохоорхвол испани хэлгүйгээр тэр улсын доторх ийм нарийн ширийн баримтыг цуглуулсан 100 гаруй хуудастай ном бичих аргагүй юм байна гэж итгэлээ.

Гэнэн алмай, саваагүй төрхгүй, тэнэг уймраа дэвэлзэж явдаг хориод насны хонгор жилүүдийг Л.Түдэв шиг хэдийнээ хэрсүүжиж, буурь тулх суусан хүний ухаанаар хандаж “Идэр залуу насандаа даанч ажингүй явлаа” хэмээх харууслын хажуугаар тэс өөрөөр өнгөрөн ийм насандаа гайхмаар ихийг амжуулсан хүн олон биш биз. Залуу насны часхийх гал, ааг омог, эрмэг зориг хүчийг зохиолч бүтээлдээ шингээж үлдээнэ гэдэг тун азтай бахархалтай хэрэг. Монголын уран зохиолын өндөр босготой хаалгаар турьгүй жаахан 19 настай Түдэв хүү “Сайн байцгаана уу, багачуудаа” гэсэн шүлгийнхээ жижиг номыг сугавчлан алс хэтдээ итгэлтэй, билиг ухааны оч цахилсан нүдээрээ орчин тойрноо соргогоор ажигласан, жавхаатай түргэн алхаагаар орж ирсэн юм. Тэрбээр өдрөөс өдөрт бяр тэнхээ сууж улмаар “Уулын үер”, “Нүүдэл” роман гаргаснаараа тухайн тэр үедээ том зохиолч гэж данхайж байсан бүхний толгой дээр “цахиур хагалжээ”. Хэдийгээр өөрийгөө хэн болохыг “Уулын үер” шиг их эрчим хүчээр гүйцэд таниулсан боловч анхныхаа “Сайн байцгаана уу? Багачуудаа” гэж хүүхэд багачуудтай гар барин даруухнаар мэндчилснээс хойш өнөө хүртэл тэднээсээ ч урваж шарвасангүй. “Хорвоотой танилцсан түүх”, “Нөхөд”, “Осолтой жим”, “Жаалууд”, “Зохиогүй чимэг”, “Нөхөд”, “Мөнхийн ус”, “Хорвоотой танилцсан түүх” зэрэг бурам шиг амттай бэсрэг зохиолоор хүүхдүүдийг магнай тэнийлгэн баясгасан юм. Эдгээр зохиолууд нас бие тэгширч яваа дунд үеийнхний сэтгэлд гэгээн мөрөө үлдээж, зүрх чимхийх шиг болж алдрай насаа дурсаж л таарна. 60-аад онд цоо шинэ будаг нь ханхалсан “Пионерын үнэн” сонинд “Мөнхийн ус” цувралаар гарч байсан. Дараачийнх нь хэзээ ирэх бол? тэсэж ядан хүлээдэг сэн. Л.Түдэвийн уран үгийн ид шид биш гэж үү? Ялангуяа эндээ ч сонин, тэндээ ч хачирхалтай амьд байгаль ертөнцийг чулуу, од, нар, сартай, адуу малтай нь холбосон сэтгэхүйн танин мэдэхүйн өвөрмөц орчлон болох “Хорвоотой танилцсан түүх” ном монгол орны хүүхдүүдийн сонирхлоос хэдийнээ хальж Латин америк, Ази, Европын хүүхдүүдийн ширээнд очиж заларчээ. Тэгээд ч зогсоогүй энэ ном нь дэлхийн шилдэг 100 зохиолчийн дансанд оруулж, Ази тивээсээ нэгд орж шагнал хүртсэн. Мань хүн ямар ч гавьяа цол шагнал хүртээд тэмдэглэж явсангүй. Ямар ч томхон уулзалт, хүлээн авалтад оролцдоггүй, урилгаа сэтгүүлчдэд өгнө. Харин энэ шагналыг хүртээд үнэхээр зориг урам орсон байх, ойрын журмын 100 нөхдийн хамт баяраа “Улаанбаатар” ресторанд тэмдэглэхэд өчүүхэн надад урилга өгсөнийг мартах аргагүй.

Хорвоогоос саруул гоц ухаан, хэрсүү байдал, хүний мөс жудаг, холыг харах билгүүн чанар заяасан энэ эрдэнэт хүмүүн роман, тууж, өгүүллэг, кино зохиол, шүлэг, шүүмж, судлал дууль, эсээ нийтлэлүүд гээд өөрийгөө туршаагүй “байлдааны талбар” үгүй юм. Түүний хувьд сэдэв агуулгын хувь оюуны исгэрсэн сум тусаагүй газар байхгүй. Өөртөө ч хүмүүст ч хатуу чамбай ханддаг, ерөөсөө өөрөө ажил хэргийн хувьд за гэвэл ёогүй хариуцлага нь дэндсэн хүн байлаа. Хүнээс үг, ухаанаа харамлана, санаагаа олзлуулна гэсэн хар буруу санаа байхгүй, гарах гарц, угтах замыг нь өөрийгөө өчүүхэн ч хайрлалгүй хэлээд, заагаад өгдөг уран бүтээлчийн өгөөмөр сэтгэлийг өөр дээрээ мэдэрсэн. Би 90-ээд онд кино зохиолын уралдаан болоход, “Хөвчийн хар” анхныхаа кино тууж бичээд уншиж зөвлөгөө авч билээ. “Наадахаа одоохондоо цаашаа хавтасандаа хийгээд дарчих, хэдэн жил болсон ч хамаагүй...бодох юм ч байна, болоогүй юм ч байна. Үр нь байгаа мөртлөө, үрээ цацаж чадсангүй. Орхиод хэрэггүй. Нэг л өдөр чиний санаанд өөр талаасаа гялсхийсэн санаа орж ирээд сэрээнэ. Тэр үед минийг үгийг ойлгоно, үзгээ барихаас өөр аргагүй болно гэж билээ. Үнэнээс үнэн үг байсан, бараг 10 жилийн дараа шүүмжлэгч, зохиолчдод сүрхий тоогдсон, миний гол бүтээлийн нэг “Гүн тайгын манан” тууж амилж билээ.

Роман бичээд түүний хажуугаар утга зохиолын судлал шүлэг шүүмж бичнэ гэдэг бол засмал замаар машин барьж авсан жолооч түүнээ орхиж агаарт гарч онгоц жолоодохдоо эгээ адил ховор эрдэм чадал мөн. Түдэв абугайн уран бүтээлийн аль ч төрлийг тусгайлж авч үзэхэд аль нь ч талаараа үнэтэй гялалзах алмааз эрдэнэ мэт байдаг. Жишээлбэл, түүнийг утга зохиолын шүүмжлэгч гэж онцолдоггүй боловч хийсэн юмаараа аргагүй том шүүмжлэгч болох нь харагддаг. Анх хүүхдийн зохиолд мөрөө гаргасан бол, хэн ч үзгийн мөр гаргаагүй бараг хоосон цулгай цаас мэт байсан хүүхдийн зохиолын шүүмж судалгаанд бүүр 50-иад оноос санаа тавьж “Хүүхдийн зохиолын онцлог төрөл” гэсэн цуврал өгүүллүүд бичиж байсан нь бүгд томчуулын зохиол руу хуйларч байсан зохиолчдыг хүүхдийн зохиол руу уруу татах, тэр төрлийг шохоорхох харах мэлмий, сонсох чих болсныг хэзээ ч мартах ёсгүй.

Монгол орны туулж өнгөрүүлсэн хувьсгалын эхэн үе, бүтээн байгуулалтын хоёр том түүхэн үеийг уран зохиолд тод томруун үлдээсэн юм. Юм юманд даанч балчирдмаар 20 гаруйхан насандаа түүхэн хэцүү хүнд сэдэвтэй роман бичсэн гэхэд итгэхээргүй. Л.Түдэвээс түүх, урансайхны “Уулын үер” роман бичихэд ихээхэн мэдлэг, чадвар, ухаан туршлага шаардсан нь мэдээж боловч түүний өмнө сөхрөхгүй, огт түүртэлгүй давж чадсан юм. Жараад оны үед өрнөсөн хоршооллох хөдөлгөөн, атар газар эзэмших үйлс орон даяар давлагаалж түүнийг тусган харуулсан туульсын цөөнгүй зохиол бүтээл гарсны дотор “Нүүдэл, суудал” роман хаанаас ч ил харагдах сүрлэг уул шиг санагддаг. Зарим хүн цагийн салхийг ашиглаж, нэгдлийн нэр хүнд буурсан дээр дөрөөлж Л.Түдэвийн эл бүтээл рүү ус цацах гэж оролдсон боловч өөрсдөө олны доог болсныг соёлтой уншигчид мартаагүй. Монгол орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн үү? Өрнөсөн. Тэр үеэс тухайн цагтаа амжилт олж улс орны хөгжлийг урагш нэг алхам ч атугай түлхсэн үү? гэвэл худлаа гэх хүн гарахгүй болов уу? Одоо ч хуучныхаа нэгдлийг, хамтын хөдөлмөрийг дурсан санагалзаж эх захгүй жалгаар нэг тарж бутарсандаа бачуурч явдаг хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Ийм халуун үйл явдлын дунд хөлс ч урсаж байсан, нулимс ч урсаж байсан, гуньж гутаж ч явсан. Жаргаж ч явсан. Зохиолч хүн түүний хажуугаар зүгээр өнгөрөх эрхгүй.

Л.Түдэв гуай амьдралыг тасалгаанд суугаад дээшээ таазны адар ширтээд эрээчиж байдаг хуурамч зохиолч биш. Магадгүй сэтгүүлч нийтлэлчийн авьяас түлхүү хөгжсөн байж болох тэрбээр баруун Алтайн хязгаарынхны уул тал, говиор хэрэн явж, олон хүмүүстэй уулзаж, аяга цайг нь хуваалцан ууж, энэ тэрийг хуучилж байж олсон бодит баримтаа урансайхны дэлгэц дээр зохиолчийн ухаанаар өнгө будагтай, эрээн бараантай нь зурж дүрсэлсэн хэрэг. Жинхэнэ хообий нь хүн чулууд, амралтаараа хөдөөгүүр тэнэнэ. Тэр баатар чинь би байгаа юм гэж ярьдаг хүмүүс ч тааралддаг нь ч түүхэн тэр цаг үеийг яг байгаагаар нь яв цав тусгасныг харуулж буй хэрэг биз ээ. Алив нэрд гарсан зохиолчийн нэг гавьяа бол амьдарч байгаа үеэ хожим хойдынхонд ёс заншил, зан суртахуун, хувцас эдлэл, идээ будаатай нь иж бүрэн дүрслэн үлдээх явдал гэж өчүүхэн би дотроо боддог.

Л.Түдэв нийгмийн амьдралыг шал өөрөөр харж өөрчлөлт шинэтгэгч үзэл санаа нь бүр жараад оны үед “Зэрэг нэмэхийн өмнө” кино зохиолоороо зоригтой харуулж, “Та минь ээ, манай нийгэм ийм болчхоод дээдсийн дотор албан тушаалын хэнээ өвчин тусаж, төлөө яахаас буцахаа байлаа шүү” гэдгийг хурц тодоор үзүүлсэн байдаг. Түүнд юм л бол эвшээн суниаж дээдсийн үгийг жа гэж дуулгавартай хүлээн авдаг номой ард, ухаантай зальжин хоёр хүн зэрэгцэн гардаг нь цаанаа их учир утгатай юм. Үүнийг ч тухайн үедээ сэжиглэж тэр сонирхолтой анхны инээдмийн киноны нэгийг дэлгэцэд тэр бүр гаргадаггүй байлаа. Зөнч мэргэн чанар нь юм юмнаас ажиглагддаг Түдэв гуай “Зохиогч нь ард түмэн, бичээч нь би билээ” гэсэн овжин үгээр эвтэйхэн ёжилсноороо бусадтай адил хэл аманд өртөөгүй юм.

Л.Түдэвийн “Оройгүй сүм” роман бол ганц зохиолчийн урланд гарсан өөрчлөлт бус, манай уран зохиолд шинээр гарсан цоо шинэ “нээлт” “үзэгдэл” болсон. Энэ романаараа Л.Түдэв монгол зохиолчийн сэтгэхүйн чадамж, оюуны цар, билгийн хараа, өргөн мэдлэгийг нийтэд харуулаад зогсоогүй манай уран зохиолыг эгэл гүехнээс гүн гүнзгий рүү, ил харагдах ахуйгаас танигдашгүй далд нууц руу, өнгөн хэлбэрээс мөн чанар агуулга руу, сэтгэлийн гэнэн шүүрлээс сэтгэхүйн гүн ухаан руу, хүртэхүй сэрлээс даацтай бодол бясалгал руу гүнзгийрүүлсэн анхны зохиол мөн. Шашин болоод шашны гүн ухааныг зөвхөн илэх төдий муучилж дэндүү хялбарчилж харуулж байсныг гүн ухаантай нь, оршин ахуй байдалтай, түүх соёл, ёс жаяг заншилтай нь бүрэн гүйцэд төгс төгөлдөр харуулж чадсаныг би тухайн үедээ нэгэн шүүмж бичсэн боловч хөдөөх намайг үл тоож нэгэн хайнга, ихэмсэг нэгний ширээнд дарагдсаар ул мөргүй болж үрэгдсэн билээ. Нобелийн шагналт зарим зохиолыг уншиж байхад ч ийм гүн гүнзгий харуулсан нь хаанаа байна аа? ид шид, онцгой содон нь юу байна аа? гэмээр санагддаг нь нууц биш. Цаанаа үзэл суртал, улс төр ордог бололтой, нэр хүнд нь буурсаар байх шиг. Хүн гээч амьтан дэргэдэх агууг олж хардаггүй. Харин нохой гэгч амьтан дэргэдэхтэйгээ яасан сүж, эрхэлж тоглож, наадаж өнхөрч, бас чоно гэгч зэрэг араатны өөдөөс хамтаараа тэмцдэг төрөлхийн зөн совинлог амьтан сан.

Лодонгийн Түдэв бол заавал битүү шугуй дундуур туучуулж хүний үзээгүйг үзэж, туулаагүйг туулах адын шохоорхолтой хүн. Зүйрлэвэл ууланд авирна гэхэд налуу хялбар талаас нь биш, заавал халуун амь өрсөм цавчим хадан хясаатай талаас нь авирахыг ямагт шохоорхдог нь алив бүтээлээс нь харагддаг. Иймээс ч монголд болон дэлхийд итгэлтэй олон уншигчидтай болжээ.

Манай уранзохиолын хуудаснаа хэлмэгдлийн хар шуургыг сэтгэлд сүүдэр таттал анхны шан тавьж улс төрийн хэлмэгдэгсдэд бусдаас овсгоотой түрүүлж том гэрэлт хөшөө босгосон хүн бол Л.Түдэв маргаангүй мөн. “Хувьсгал танаа өчье” романд цогт эх оронч, үндэсний урлагийн их зүтгэлтэн М.Дугаржавыг баривчилж гянданд хорьж байх үеийн сэтгэлийн доторх шуурга, аймшигт эргэцүүлэл бодол санаа, өнгөрсөн ул мөрөө мөшгөн тамлагдан суугаа хүний дотоод сэтгэл сэтгэхүйг сэрхийтэл, сэтгэлд шуурга шууртал үзүүлж дүрсэлсэн. Хийсэн хэргээ мэдэхгүй, хэлмэгдэн тамлагдаж байх үед л хүн өөрөөсөө, дотоод ертөнцөөсөө “Би юу хийсэн юм бэ? Би яасан юм бэ? Би ямар буруутай юм бэ?” асуудаг нь ерөөс сэтгэлийн дотоодын хууль юм байна. “Түүнээс болов уу?” гэдэг өөрөө өөрөөсөө асуусан асуулт бол зохиолчийн олз, зохиолын шинэ үзэгдэл, шинэ сэтгэлгээ юм.

Эрэл, олз хэзээ ч багаддаггүй. Гэмгүй ариун мөртэй, төрийнхөө эсрэг ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүний тархинд эхэлж юу орж ирэх билээ? Юунаас болов? гэдэг ганцхан ийм л бодол байх нь ёстой магадлалын хуулиар гарцаагүй зүйл мөн. Зохиолч жижиг юмыг ч гүйцээж ухаарч таньж мэддэг чанараараа ганц гол юмаа зөв талаас нь барьж авсан учраас “Би юунаас болов” гэдэг ганцхан асуулт тавьж, бүхэл бүтэн романы араг яс, гол өгүүлэмжээ болгосон энэхүү сэтгэхүйн роман хаалттай үеийг сэртхийлгэснээрээ ч, ур чадвараараа ч баримт уран сайхны үнэ цэнээрээ ч, Монголын утга зохиолд мөнхрөн үлдэнэ. Уран зохиолыг эх газар гэвэл Л.Түдэвийн гаргасан гарц мөр хязгааргүй олон боловч өрөөлийг байтугай өөрийн мөрөн дээр гишгээгүй зохиолч мөн.

Зохиолч, утга зохиол судлаач До.Цэнджав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu