ЭЕШ-д 10, 11-р ангийнхан орсноороо ШАЛГАЛТЫН АЙДСАА давна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10

Монгол хэл бичгийн Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил 85 мянган шалгуулагч бүртгүүлжээ

Энэ удаагийн Монгол хэл бичгийн шалгалтад 10, 11 дүгээр ангийн сурагчид сайн дураараа оролцох боломж бүрдсэнээр ийнхүү бүртгүүлэгчдийн тоо эрс ихэсжээ.

Шалгалтад 12-р ангийн 39164, 11-р ангийн 30824, 10-р ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.

Боловсролын сайд П.Наранбаяр энэ талаар "Элсэлтийн шалгалтын айдас гэж сурагч бүхэнд байдаг. Харин 10, 11 дүгээр ангидаа өгөх боломж олгосноор айдсаа дарахаас гадна, өөрийнхөө төвшинг мэдэж авах боломж гэсэн үг. Энэ боломжийг сурагчид ч, эцэг, эхчүүд ч зөв олж харжээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

Ачаалал эрс ихэссэн тул шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа Боловсролын үнэлгээний төвөөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авах аж.
 




Монгол хэл, бичгийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дүн оноог ажлын 15 хүртэлх хоногийн дотор нийтэд зарлана.

Олон улсын шалгалтын дүн, оноо дүйцүүлэхдээ гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ.

Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтийг 2025 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна.

Одоогийн байдлаар 300 гаруй шалгуулагч дүйцүүлэх хүсэлт ирүүлснээс 200 гаруй шалгуулагчийн дүн оноо дүйцэгдээд байна. Шалгуулагчдын ихэнхи нь IELTS, SAT шалгалтын дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт илгээжээ.

Элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mnhelp.eec.mnstat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болох ба шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu