Стратегийн орд эзэмшигчидтэй хийх ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 7-р сар гэхэд дуусгана

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17

УИХ-ын 2007 оны тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий 16 ордыг бүртгэсэн. Улмаар Үндэсний Баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дээрх ордуудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшилдээ авч, орлогыг “Баялгийн сан”-д  төвлөрүүлэх ажил эхлээд байгаа билээ.

Тэгвэл дээр дурдагдсан ордууд дээр нэмж тогтоолын хоёрдугаар хавсралтад бичигдсэн 39 ордыг бүгдийг стратегийн ордод хамруулан, төрд авах саналыг гаргаад байгаа ба уг асуудлыг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна.

Ингэснээр нийт 55 стратегийн ордтой болох бөгөөд хайгуулын зардлыг төсвөөс гаргасан эсэхээс хамаарч төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гэдгийг онцолсон.

Түүнчлэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохдоо АМНАТ-ийг орлуулах, “…Баялаг ашигласны төлбөр /БАТ/ гэж нэрлэх”, “…БАТ-ийн 67 хувийг Үндэсний баялгийн санд татах”, “…2030 оноос БАТ-өөр орж ирсэн санхүүжилтийн 20 хувийг Хуримтлалын санд, 20 хувийг нийтийн тээврийн шинэчлэл, орон нутгийн хөгжилд, 20 хувийг Ирээдүйн санд хуваарилах”, мөн “…Стратегийн орд эзэмшигчид 34 хувиа Үндэсний баялгийн санд өгөх, эсвэл БАТ төлөөд явах сонголтыг санал болгох” зэрэг төлөвлөлтийг хийжээ.

"Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх" үүрэг бүхий БЭТ Ж.Батзандан хувийн хэвшлүүдтэй хэлэлцээр хийх ажлыг долоодугаар сард дуусгах ёстой гэж мэдэгдсэн.  

Өнөөдрийн байдлаар, “Эрдэнэт” үйлдвэрийн овоолго ашигладаг гурван компанитай хэлэлцээ хийх шатанд уулзалт хийсэн гэх бөгөөд эдгээр гурван ордын дундаас хамгийн эхлээд “Ачит ихт” компанийн асуудал яригдаж, тус компаниас хэлэлцээ хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон байна.

“Ачит Ихт” компанийн эзэмшиж буй ордын тухайд бол уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс гаралтай үүсмэл орд. Тус  компани  2013 онд анх “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийж, овоолго ашиглах эрх үүсэж, 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг “Эрдэнэт” үйлдвэр эзэмшихээр болсон.

Гэвч 2015 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн энэ гэрээг "Ашиггүй" гэж үзэн, эзэмшлээсээ татгалзаж байжээ. Түүний энэ үйлдлийг 2019 онд  Авлигатай тэмцэх газраас шалгаад, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ачит ихт” компанид давуу байдал олгосон үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.

Тиймээс өнөөдөр тус ордын 34 хувь төрийн эзэмшил хэвээрээ байгаа гэдгийг Засгийн газрын БЭТ Ж.Батзандан дурдсан бөгөөд түүхий эд ашиглах эрхийг хувийн компанид өгсөн нь анхнаасаа хууль бус байсан гэв.

Түүнчлэн “Ачит ихт” компани зардлаа өсгөж, нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрийдлээр их хэмжээний хөрөнгө гаргаж, Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах “Степпе арена” цогцолборыг байгуулсан. Гэвч уг цогцолбор нь “Ачит ихт” компанийн эзэмшигч П.Цагааны гэр бүлийн хүний нэр дээр байх бөгөөд энэ үйлдэл нь мөнгө угаасан хэрэг гэдгийг тодотгосон юм.

Тиймээс төр “Ачит Ихт” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухдаа мэргэжлийн эдийн засагч, шинжээчдийн багийг авч ордын нөөцийг бодитоор тогтоолгож, бодит үнэлгээнд тулгуурласан хэлэлцээрийг хийнэ гэдгээ мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu