БНХАУ хөрш зэргэлдээ орнуудтай харилцах дипломат бодлогоо “тодорхойлов”

2025 оны 04 сарын 22

Японы Либерал Ардчилсан, LDP-ын тэргүүнээр сонгогдохын өмнөхөн, улмаар Японы Ерөнхий сайд Ш.Ишиба “НАТО-гийн Азийн хувилбар” гэсэн санааг дэвшүүлж байсан ч Хятад, Өмнөд Солонгос болон бусад улс орнууд уг төлөвлөгөөг эсэргүүцсэн юм.

Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд “ЕАБХАБ-ын Азийн хувилбар” байгуулах шинэ санааг стратегийн зохицуулалт гэж үзэж болох бөгөөд үүнийг Ш.Ишиба өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Токиогийн зүгээс бүс нутгийн энх тайван байдлыг дэмжих гол зорилго гэж байгаа боловч үнэн хэрэгтээ тус механизмаар дамжуулан Хятад, Америкийн сөргөлдөөнийг тэнцвэржүүлэх, ялангуяа Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис зэрэг бэрхшээлтэй асуудлыг зохицуулахад анхаарч, бүс нутагт өөрийн нэр хүнд, нөлөөгөө нэмэгдүүлэх зорилготой байж магадгүй юм.

Нөгөөтэйгүүр, Япон-АНУ-ын холбоотны харилцаа нь тус Азийн аюулгүй байдлын механизм байгууллага байгуулагдах бие даасан байдлыг хангахад бэрхшээл авчирч магадгүй юм. Тэгвэл яагаад Японы тал уг санал санаачилгыг Бээжинд санал болгосон бэ. Уг бүс нутгийн хамтын ажиллагааны аюулгүй байдлын механизмыг бий болгох Хятадын сонирхлыг Японы эрх баригчид ”гадарласан” байх магадлалтай. Тун ойрхон цаг хугацаанд, тухайлбал, нэгдүгээр сард, талууд Япон улсад Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн театрын командлалын төлөөлөгчдийг Японд айлчлуулахаар тохиролцсон байжээ. Хятад-Японы батлан хамгаалах салбарын тус хамтын ажиллагаа солилцоо нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх зорилготой бөгөөд ЕАБХАБ-ын Азийн хувилбарыг байгуулах Японы сонирхолтой цаг хугацааны хувьд давхцаж байгаа бололтой.

 

Монголын тухайд

 

БНХАУ-ын ойрын хойд хөрш орны хувьд Монгол Улс Бээжингийн хөрш зэргэлдээ орнуудын дипломат харилцаанд чухал бөгөөд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц гүнзгийрч байна.

Улаанбаатар хот БНХАУ-ын “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэг” санаачилгад албан ёсоор нэгдээгүй байгаа ч Монгол Улс хоёр талын стратегийн харилцан итгэлцлийг хадгалах, стратегийн ойлголтын зөрүүгээс үүсэх шаардлагагүй үл ойлголцол зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хамтын ажиллагааны холбогдох хүрээ баримт бичгүүдийг идэвхтэй судлах бололтой. Монгол Улсын Ардын нам, Ардчилсан нам (Монголын улс төрийн хоёр гол нам, одоо эвслийн хэлбэрээр эрх барьж байгаа) хоёулаа Хятадын Коммунист намтай нягт харилцаатай байдаг. Үүнтэй холбогдуулан Япон, Орос, Европ, Ойрхи Дорнод, Африк, АСЕАН-ы орнууд болон бусад улс орнуудын улс төрийн намуудтай Бээжингийн хамтын ажиллагаа солилцооны механизмын туршлагад тулгуурлан нам хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байгаа үндсэн суурь дээр тулгуурлан эрх баригч нам хоорондын тусгайлсан солилцоо, хамтын ажиллагааны механизмыг бий болгох талаар Хятад, Монгол хоёр улс судалж магадгүй байна.

Энэ нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах сайжруулах шаардлагад нийцэж байна. Хэрэв Япон, Хятад болон Азийн бусад орон ЕАБХАБ-ын маягийн Азийн бүс нутгийн аюулгүй байдлын механизм тогтолцоог бий болговол Улаанбаатар оролцохдоо болгоомжтой хандана байх. Азийн бусад олон орны нэгэн адил Монгол Улс Хятад, АНУ-ын өнөөгийн сөргөлдөөнд аль нэг талд орчих вий зэрэг дарамт шахалтаас болгоомжилж байна. Өнгөрсөн үеийг эргэн сөхвөл, 2012 оны арваннэгдүгээр сард Монгол Улс ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн орон болж албан ёсоор элссэн. ЕАБХАБ-ын Европын бус есөн гишүүний нэгийн хувьд Төв Азийн Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан зэрэг улсуудтай нэг ангилалд байдаг. Монгол Улс НАТО-гийн “Global Partner” түншлэл байгуулсан жилдээ ЕАБХАБ-д элссэн нь Хятад, Оросын Монгол дахь нөлөөг тэнцвэржүүлэх Улаанбаатар стратеги баримталж буйг харуулсан юм. Эдгээр хоёр байгууллагад “нэгдсэн” нь Монгол Улсын "Гуравдагч хөрш"-ийн бодлогод нийцэж байв. ЕАБХАБ-ын гишүүнчлэл нь Улаанбаатарыг мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, зэвсгийн хяналтын талаар хэлэлцүүлэгт оролцох боломжийг олгодог хэдий ч Монгол Улсын Европын бус статус нь шийдвэр гаргахад ач холбогдлыг нь хязгаарладаг.

Бүс нутгийн динамик өөрчлөлтийн дунд өсөн нэмэгдэж буй сорилт хүндрэлийн дунд энэхүү гишүүнчлэлийн практик ашиг тус эргэлзээтэй. Монгол Улс барууны орнуудтай түншлэх бодлого хэрэгжүүлж байгаа хэдий ч эдийн засаг нь Хятад руу экспортлох ашигт малтмалын экспортоос (нийт экспортынхоо 80 гаруй хувийг бүрдүүлдэг) ихээхэн хамааралтай хэвээр байгаа мөн Улаанбаатар Хятад, Монголын хил дамнасан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийг сонирхож байгаагаас нотлогдож байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Орос болон ЕАБХАБ-ын зарим гишүүн орон Монголын тунхагласан "Европ дахь ижилсэл"-д эргэлзээтэй хандсаар байгаа бол анх Төв Азид анхаарлаа төвлөрүүлж байсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/ нь гишүүн орнуудаа нэмж өргөжин тэлсэн хэдий ч Улаанбаатарыг геополитикийн хувьд илүү тодорхой байр суурьтай байхыг шаардаж байна. Энэхүү хурцадмал байдал нь Монгол Улсын олон талт эрмэлзэл болон зайлшгүй эдийн засгийн хамаарлуудын хоорондын нарийн тэнцвэрийг харуулж байна. Бээжин дипломат стратегиа идэвхтэй тохируулж, хөрш зэргэлдээ орнуудтай харилцах харилцаандаа илүү анхаарч, Азийн бүс нутагт Хятад тэргүүтэй аюулгүй байдлын механизм тогтолцоог бий болгохыг оролдож байна. Энэхүү стратегийн зохицуулалт нь Хятад улс олон улсын өнөөгийн нөхцөл байдлыг гүн гүнзгий ойлгож, үндэсний эрх ашгаа хамгаалах тууштай байр сууриа илэрхийлж байгааг харуулав. Хятадтай хөрш зэргэлдээ Монгол, Вьетнам зэрэг орнууд эдгээр реакци, зохицуулалт, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг ажиглаж байна.

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд "Amid US Tariff War, China Convenes Rare Central Conference on Neighborhood Diplomacy" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн юм.

Ч.Сумъяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu