Зээлийн хүүг бууруулах стратегийг батлах УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

 

Банкнаас авсан санхүүжилтээ ББСБ-ууд 40-50 хувь нэмж иргэдэд зээл болгож өгдөг, хүүгийн дарамтаас ангид байлгахад анхаарахаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан удаа дараа мэдэгдэж байна.

Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралджээ.

Таван жилийн өмнө баталсан уг тогтоол хэрэгжээгүй хэмээн гишүүд дүгнэж, цаашид зээлийн хүүг бууруулахын тулд зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо дангаараа ажиллах нь учир дутагдалтай гэж үзсэн. Тиймээс санхүүгийн харилцааг зохицуулдаг төрийн байгууллагуудаас гадна иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, иргэдаас санал, байр суурийг сонсох, татан оролцуулах чухал, цаг хугацааны хувьд уян хатан зохицуулалтыг хийх шаардлагатай гэсэн саналыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, гишүүн Б.Найдалаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Р.Батболд нар гаргасан байна.

Ийнхүү УИХ-ын Ажлын хэсэг Монгол Улсад нүүрлээд байгаа зах замбараагүй мөнгө хүүлэлтийг цэгцэлж, иргэдийн нуруун дээрх ачааг нимгэлж, зээлийн хүүгийн дарамтыг бодитоор бууруулахаар шулууджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu