Н.Учрал: Төр хувийн хэвшилтэй ӨРСӨЛДӨХГҮЙ гэх зарчмыг барьж ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн (2025.04.30) хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. 

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг.

Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Харин одоо үүсмэл ордын зөвшөөрлийг олгохдоо ар өврийн хаалгаар авч, гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна.

Нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг болно. Цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажууллаа.

Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр Баялгийн сангийн хуулийн дагуу төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж, Засгийн газар хэлэлцээрээ хийнэ. Шаардлагатай бол өргөн мэдүүлнэ гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө овоолго буюу тэр үүсмэл ордыг ашиглах төлөвлөгөөтэй байсныг өнөөдрийн хуралдаанаар зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэх зарчмыг барьж, цаашид хувийн хэвшил тэр овоолгыг ашиглаж байгаа тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад, эзэмшлийнхээ 34 хувийг Баялгийн сандаа хуримтлуулаад ашиглалтын төлбөр болон бусад төлбөрөө тухайн үйлдвэртээ төлөөд явах ийм бололцоог хангаж өглөө. 

Өнгөрсөн хугацаанд энэхүү овоолгуудтай холбоотой нэг хоёр захирлын гарын үсгээр асуудлуудыг шийддэг, компани нь 34 хувиа өгье гэхэд үйлдвэр нь аваагүй, эсвэл энэ үүсмэл ордыг ашиглахдаа баялгийн санд тодорхой хувь хүртээгээгүй гэх асуудлууд яригддаг байсан. Тиймээс зарим хэрэг, маргаан шүүх дээр явж байна. Одоо "Эрдэнэт" ордыг түшиглэсэн гурван үүсмэл ордыг эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцээрээ албан ёсоор дуусгаад 34 хувиа санд өгөх чиглэл өгсөн. Хэлэлцээр үргэлжилж байна. Хоёр долоо хоногийн дотор бид Засгийн газраас эцсийн байдлаар шийдвэрээ гаргуулна. 

 

 
 
Өнөөдрийн хуралдаанаар Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлд гурван шийдвэр гаргасныг албажууллаа. Таван салбар хуралдаан зохион байгуулагдсан. Нийт 190 гаруй санал, зөвлөмжүүдийг иргэдийн зүгээс гаргасан. Энэ хүрээнд хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тухай, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай, хойд бүсэд үйлдвэрэл технологийн паркыг дэмжих тухай гэх гурван төслийг Булган аймагт баталсан. Энэ тогтоолын төслүүд дээр холбогдох яамдуудын саналыг тусгаад албажуулж байна. 

Үүнд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумад хэрэгжүүлэх 50 мваттаас доошгүй хүчин чадалтай ДЦС-ын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг шийдвэрлэлээ. Мөн Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Жаргалант, Шинэ Идэр, Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Мөн Булган аймгийн Дашинчилэн, Өлзийт, Хайрхан, Рашаант, Мөрөн чиглэлийн автозамын ажлыг эрчимжүүлээд Хишиг Өндөр, Гурванбулаг чиглэлийн автозамаас Могод, Булган, Мөрөн чиглэлд зураг төсөл гаргах ажлыг албажууллаа" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu