Хөдөө аж ахуйн корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсарангаас үйл ажиллагааных нь талаар дараах тодруулгыг авлаа.
-ХХААХҮЯ харьяа байгууллагуудын хамт Дархан-Уул аймагт шилжин ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Хөдөө аж ахуйн корпораци Дархан-Уул аймагт шилжин ирснээр юу өөрчлөгдсөн гэж та бодож байна вэ?
-Энэхүү шилжилт хөдөлгөөн бол мэдрэмжтэй, цаг үеэ олсон шийдвэр болсон гэж би хувьдаа боддог. Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлого баримталж, энэ хүрээндээ төвийн бүсийг эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр тулгуурлан хөгжүүлэх бодлого гарган ажиллаж байгаа. Ийм чухал үед бид бүхэн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгч, харилцагч нартаа ойртож, төрийн үйлчилгээ, бодлого шийдвэрийг түргэн шуурхай хүргэж ажиллах боломж бүрдсэн.
-Хөдөө аж ахуйн корпорацийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Манай байгууллага анх Засгийн газрын тусгай сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Ингээд 2023 оноос эхлэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарын хөгжих үйл явцад төрөөс хэрэгжүүлсэн зээл, дэмжлэгийн бодлого үр дүнгээ өгч байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээний ихэнх хувийг, зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь хангах хэмжээнд хүрсэн. Иймээс цаашид сангийн хэлбэрээр биш хөдөө аж ахуйн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн паркууд байгуулах, хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний тээвэр логистикийн төв байгуулах, биржийн арилжаагаар худалдан борлуулах боломжийг бүрдүүлэх, салбарт шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, ил тод, нээлттэй компани байх зорилготой ажиллаж байна. Компанийн хэлбэр нь зах зээлийн бодит харилцаа болон хууль, эрх зүйн хувьд дээрх төсөл хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэхэд өргөн боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Харилцагчдадаа ямар үйлчилгээг санал болгож байгаа вэ?
-Харилцагчдадаа үйлчлэх үйлчилгээний хувьд өмнө нь хэрэгжүүлж байсан газар тариалангийн салбарын гол хэрэгцээт бүтээгдэхүүн болох бүх төрлийн таримлын үрийн нөөц бүрдүүлж, зээлээр олгох ажил хийгдээд явна. Харин хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж шинээр нийлүүлэх, зээлээр олгох ажлыг зогсоосон.
-Яагаад хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж шинээр нийлүүлэх, зээлээр олгох ажлыг зогсоосон юм бол?
-Хувийн хэвшлийн ханган нийлүүлэгч, дилер компаниудтай өрсөлдөхгүйгээр хамтран ажиллаж, борлуулалтыг нь дэмжиж ажиллана. Ийм зорилгоор байгууллагынхаа нөөц бололцоо, туршлагад тулгуурлан дамжуулан зээлдүүлэх үйлчилээ үзүүлж эхэлсэн. Энэхүү үйлчилгээ нь дилерээс хэрэглэгчдэд зээлээр олгох боломжийг бүрдүүлж, зээлийн эргэн төлөлтийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн буюу буудайгаар барагдуулах боломжийг бий болгосноороо онцлогтой. Тухайлбал, энэ онд нийт есөн дилер компанийг 5.3 тэрбум төгрөгийн техникийн борлуулалтаар дэмжин хамтран ажиллаж байна.
-Атрын IV аяны хүрээнд танайх ямар асуудалд анхаарал хандуулж байгаа вэ?
-Хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах үүднээс нийлмэл бордоогоор хангах ажлыг зохион байгуулна. Мөн түүнчлэн газар тариалангийн төв бүс нутагт усалгаатай тариалан эрхлэх боломжтой талбайг нэмж усжуулах замаар нэгж талбайн ургацын хэмжээг нэмэгдүүлэх, байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ. Таримлын сэлгээнд шинэ төрлийн тэжээлийн таримлын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор эрдэнэ шиш, шар буурцаг, чихрийн манжин гэх мэтийн үрийн нөөцийг бүрдүүлж тариаланчдад нийлүүлэх ажлыг зохион байгуулна.
-Хөдөө аж ахуйн биржтэй хамтран үрийн буудайн дуудлага худалдаа явуулж байгаа гэсэн. Ингэснээр ямар үр дүн гарч байна вэ?
-Үрийн буудайнаас гадна нөөц бүрдүүлсэн хүнсний улаанбуудай, тэжээлийн буудай, бусад таримлын үрийг биржээр арилжиж тариаланчид, гурилын үйлдвэр болон бусад хэрэглэгч нарт зах зээлийн бодит үнээр худалдан авах боломжийг бүрдүүлж байна.
-Энэхүү арилжаа хэд дэх өдөр зохион байгуулагдаж байгаа вэ?
-Биржийн арилжааг долоо хоног бүрийн пүрэв гарагт харилцагчдад нээлттэй, ил тод байдлаар тогтмол зохион байгуулж байгаа.
М.Зул
Сэтгэгдэл ( 0 )