1000 өрх тутамд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 03

 

Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүй тодорхой болох юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж.

Уг хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч талуудын эрх, үүргийг оновчтой болгохоос гадна мэргэжлийн байгууллагын үүрэг, хариуцлага тодорхой болох учиртай хэмээн хууль санаачлагчийн зүгээс онцоллоо. Улмаар хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, байгаль орчинд ээлтэй, нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий хотууд бий болно гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu