БИДНИЙ НЭГ - ХӨРӨГ НИЙТЛЭЛ
Фронтыг дулаан хувцсаар хангаж байсан арын албаны дайчин, Цэргийн оёдлын үйлдвэрийн анхны “Ударник” Бадамын Мядаг
Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг өнөөдөр (2025.05.09) олон газар нэгэн зэрэг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Түүхт энэ ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр их билээ. 1941 оны зургаадугаар сарын 22-нд Гитлерийн Герман улс ЗХУ-д халдан довтолсон дайны хүнд жилүүдэд монголчууд “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтөд туслах хөдөлгөөн өрнүүлж, хэдийгээр дэлхийн дайнд шууд оролцоогүй боловч, Зөвлөлтийн фронтын гүн ар тал болж байв. БНМАУ-ын Засгийн газар, иргэдээс хүнс, агт морь, мал, мөнгө төгрөг, алт, үнэт эдлэл, зэвсэг техник гээд бүхий л зүйлээр тусалж байсны дотроос дулаан хувцас хамгийн чухалд тооцогдож байв. Учир нь тухайн үед Зүүн Европын окоп/нуувч/ дотор зун ч хүртэл амьд үлдэх боломжгүй байсан гэдэг. Иймд дайны эхний намар л гэхэд монголчууд Зөвлөлтийн армид оодон нэхий дээл, хөдсөн малгай, бээлий болон эсгий гутал зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн байдаг. 1941 оны арваннэгдүгээр сарын 7-нд Москвагийн дор сөрөг давшилтад бэлтгэж байсан Улаан армийн бэлтгэл хүчний явган цэргийн дивизүүд Монголын өвлийн албаны хувцсаар бүрэн хангагдсан байж. Харин 1942-1945 онд Зөвлөлтийн Улаан армийн таван шинелийн нэг нь "Монголынх" байсан аж.
Тэгвэл Зөвлөлтийн фронтын дайчдад илгээсэн дээрх хувцсыг эхийн сэтгэлээр урлаж байсан тухайн үеийн Дотоод явдлын яамны оёдлын үйлдвэрийн оёдолчин, Монголын анхны “Ударник”-уудын нэг Бадамын Мядаг гуай өдгөө нас сүүдэр 104 хүрч, охин 64 настай Б.Должинжавынхаа асрамжид Улаанбаатар хотноо амьдарч байна.
“Ударник” гэдэг цол бол одоогийн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой дүйцдэг шагнал юм. Дарийн утаа үнэрлээгүй ч дайны эсрэг өдөржин, шөнөжин оёдлын машинаа тачигнуулж, фронт руу илгээх цэргийн хувцсыг оёж суусан тэрбээр мөн “Бид ялав” медалиар шагнуулж байжээ. Б.Мядаг гуайн тухай түүх сөхвөл, тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Үүлэн Хайланы энгэрт, Дэлгэрмөрөнгийн хажуухантай малчин Юндэний Бадам, Жалцангийн Гүнсэн нарын хоёр дахь хүүхэд болж эхээс мэндэлжээ. Анх Жамъянмядаг нэртэй байсан нь яваандаа Мядаг болж товчлогджээ.
Зургаан настайгаас хонио хариулж өссөн түүнийг 12 нас хүрэх үед буюу 1934 онд аав нь Лхүмбийн гэх хилс хэрэгт хэлмэгдэн баригдаж, хойшоо цөллөгдөж яваад эргэж ирсэнгүй. Охин ээждээ туслан тэмээгээ хариулж, ах нь адуугаа, дүү нар нь хонио харах болжээ. Нөхрийнх нь ах лам Ю.Сампил, дүү Ю.Гончиг нар мөн л хэлмэгдэн баривчлагдаж, 1937 онд гурван гэрийн мал хуйг хураан авахад тэднийх саалийн үнээтэй л үлдэж. Ээж нь эр нөхрөө насаараа хүлээн харуулдсаар 1987 онд 102 насандаа бурхан болсон бөгөөд 1999 онд цагаатгасан тухай мэдээг үр хүүхдүүдэд нь сонсгожээ.
Мядагийг 16 настайд айл саахалтын Гэнэн Аюурынх хэмээх айл хоёр дахь хүүдээ бэр гуйж хадаг тавьснаар 1938 онд 18 настайдаа хадмын босгоор алхжээ. Түүний нөхөр Бадамжав Оросын Чита мужийн Ага-ийн районы Наранбулагт төрсөн хүн байв. Бадамжав 1938 онд мал эмнэлгийн техникум төгсөж, Дотоод явдлын яаманд ажилд орж, тэр намраа Ховдын хязгаарын цэргийн отядад малын бага эмчээр томилогдон ажиллаж, 1939 онд Дорнод аймгийн Чоно голын хилийн отрядад ажиллахаар болж, тэд хамтдаа Эрдэнэцагааны Чоно голын отрядад эсгий гэрт хэсэгтээ амьдарсан байна.
1941 оны зургаадугаар сард Герман улс Зөвлөлт рүү довтлон дайн эхлэхэд тус отрядын офицеруудын ар гэрт хорт утааны баг тарааж өгч өмсгөөд, буу үүрүүлэн гүйлгэж дасгал сургуулилт хийлгэхэд Мядаг тэдэн дунд дасгал хийгээд гүйж явдаг байв. 1942 онд нөхөр Бадамжав нь хот руу шилжин тусгай хороонд малын эмчээр, Мядаг 1943 оноос Дотоод яамны оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллах болжээ.
Тухайн үед Цэргийн оёдлын үйлдвэр, Дотоод яамны оёдлын үйлдвэр гэсэн хоёр үйлдвэр байж байгаад нэгдэж, Цэргийн оёдлын үйлдвэр нэртэй болсон юм байна. Мядаг дайны жилүүдэд оёдлын үйлдвэрт өдөр шөнөгүй ажиллаж нормоо давуулан биелүүлж байлаа. Норм төлөвлөгөө биелүүлэх гэж цаг наргүй зүтгэхээр ядрах зүдрэх үе бишгүй. Нэг удаа эмнэлэгт үзүүлж, тариа хийлгэх болоход турж эцэж, ясан дээр арьс тохсон мэт болсон түүнд эмч нар “Яаж тариа хийнэ ээ” хэмээн шогширч байсан удаатай. Ингэж ажиллаж байсан учраас төр засгаас 1946 онд түүнийг 1946 онд “Ударник” цол, “Бид ялав” медалиар шагнажээ.
Нөхөр Бадамжав нь 1947 онд Дорнодын 31-р отрядад шилжин очиж таван жил алба хаахад тэд газар доор землянкад амьдарч байгаад 1952 онд Замын-Үүдийн 12-р отрядад шилжин очжээ. 1953 оны долоодугаар сард отряд татан буугдахад Бадамжав цэргээс халагдаж, хотод ирж, МУИС-ийг малын их эмч мэргэжлээр дүүргэв. Тэр үед Мядаг Дотоод явдлын яамны оёдлын үйлдвэрт эргэн ажилд орж ажиллажээ. Тэгэхэд үйлдвэрийн зохион байгуулалт өөрчлөгдөж, өглөө 8:00 цагт ажил эхлээд орой 17:00 цагт тардаг болсон байв. Тэд Сэлбийн эрэгт хүү Намсрайн хамт үйлдвэрийн ажилчдын байранд амьдардаг байж. Түүний нөхөр А.Бадамжав 1958 онд Хэнтий аймагт очиж малын эмчээр ажиллажээ.
Мядаг нөхрөө Хэнтийн Өндөрхааны сангийн аж ахуйд малын эмчээр томилогдоход хамтдаа явж, туйпуу цохих, ногоо тарих, орос мэргэжилтний тогооч хийх мэтээр ажилладаг байв. Тэр үед Мядаг охиноо цэцэрлэгт явуулахын тулд цэцэрлэгт тогоочоор ажиллаж, хоёр удаа таван жилийн гавшгайчаар шалгарч байсан түүхтэй. 1979 онд нөхөр нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөс болон группт орж, 1992 онд нас барсан тул хүргэн Б.Хүрэлчулуун, охин Б.Должинжав нарын гэр бүл ээжийгээ дэргэдээ татаж авснаар өнөөг хүртэл тэд хамт амьдарч байна. Охин Должинжав нь хэлэхдээ “Ээж минь 95 нас хүртэл эрүүл саруул тэнхээтэй байсан. Түүнээс хойш тэнхээ жаахан суларсан. Гэхдээ л гэр дотроо босоод явна. Хоол ундаа өөрөө иднэ. Ярьдаг зүйл нь хонь малаа л их ярьдаг даа” хэмээн өгүүлж байлаа.
Өдгөө нас сүүдэр 104 хүрч буй Б.Мядаг гуайн амьдрал замналаас цухасхан дурдахад ийм байна. Аугаа Эх орны дайны түүхт 80 жилийн ойн хүрээнд Зөвлөлтийн армийн дайчдад тусламж хүргэж явсан иргэд, Ховдын Манхан сумаас тэмээн жингийн цуваагаар бэлэг хүргэсэн малчид гээд олон хүний намтар түүх тодорч байна. Гэхдээ дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, дайсантай гардан байлдаагүй ч ар талын албанд энэ мэтээр зүтгэсэн даруухан хүмүүс бол бүгд ахмад дайчин. Чимээгүй аж төрж суугаа ийм л баатруудынхаа алдар гавьяаг нь төр нь биш юм гэхэд түмэн олон нь үнэлж хүндэтгэх ёстой юмсан.
Сэтгэгдэл ( 10 )
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
ANUSDI80955877
ANUSDI80955877
ANUSDI80955877
ANUSDI80955877
ANUSDI80955877
ANUSDI80955877
Сайхан буурайдаа баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсье