Ч.Лодойсамбуу: Шаталсан татварын талаар ҮХЦ ирэх 7 хоногт хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

 

 

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу шаталсан татварын талаарх асуудлаа Үндсэн хуулийн цэцэд хэлэлцүүлэхээр болсон тухайгаа ярьжээ. 

Энэ тухайгаа тэрээр "Шатласан татварын талаар гаргасан мэдээллийг маань Үндсэн Хуулийн Цэц ирэх долоо хоногийн баасан гарагт хэлэлцэхээр болжээ. Эрхэмээ бид хоёр 2023 онд гурван асуудлаар Цэцэд мэдээлэл гаргаснаас хоёр нь зөв талдаа шийдэгдээд байгаа.

1. Хүүхдийг эцэг, эхийнх нь орлогоор ялгаварлан “Хүүхдийн” мөнгөө олгож эхэлсэн Үндсэн хуулийн зөрчилтэй шийдвэрээ Засгийн газар зассан

2. Татвар төлөгч аливаа этгээд татварын байцаагчийн үзэмжээр, шүүхгүйгээр буруутгагдаж, цоллуулдаг байдал нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзээд, Цэцийн шийдвэрийг энэ оны 1-р сард Их хурал хүлээж аваад алдааг нь зассан

Ирэх долоо хоногт хэлэлцэх шаталсан татварын асуудал бол ХХОАТ-ын тухай хуульд 2022 онд хийсэн өөрчлөлтийг эсэргүүцсэн гомдол юм. Цэц Үндсэн хууль зөрчсөн байх магдлалтай гэж үзээд маргаан үүсгэсэн. Шаталсан татвар нь юу вэ гэхээр доорх байдлаар орлогоор нь ялгаж тогтоосон татвар юм.

  • Жилийн орлого 120 сая төгрөг/Сарын 10 сая/-өөс бага бол 10 хувийн татвар ногдуулна.
  • Жилийн орлого 120 сая төгрөгөөс 180 сая төгрөг/Сарын 10-15 сая/ хүртэл бол 15 хувийн татвар ногдуулна.
  • Жилийн орлого 180 сая төгрөг/Сарын 15 сая/-өөс дээш бол 20 хувиар тооцуулж татвар төлнө.

Сарын цалин биш сарын бүх л орлого нь 10 сая төгрөгөөс дээш бол өндөр орлоготой гэж үзээд татвар нэмчихсэн нь үндсэндээ харгис шийдвэр юм. Эдийн засгийн утгаараа татвар төлөхөөс зайлсхийхийг уриалсан шийдвэр. Үндсэн хуулиар хүнээ орлогоор нь ялгаварлахгүй гэж хамгаалсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu