Төсвийн орлого 3,3 их наядаар буурах төлөвтэй байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

УИХ-д Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн билээ. 

Манай улсын экспортын дийлэнх орлогыг бүрдүүлдэг нүүрсний үнэ он гарснаар 39 хувиар унаж, төсвийн орлого 3,3 их наядаар буурах төлөвтэй байна. 2025 онд улсын нэгдсэн төсвийн орлогыг 30,1 их наяд төгрөг байхаар баталсан хэдий ч оны эцэст 3,3 их наядаар буурах төлөвтэй учраас төсвийн зарлагаа 2,3 их наядаар танаж, алдагдлыг 1,3 их наяд байхаар тооцолжээ. 

Төр бүсээ чангалж, чиг үүргийн шинжилгээ хийж, давхардал хийдлийг арилгах, данхар бүтцийг цомхотгох, гадаад томилолт, хурал зөвлөгөөн зэрэг илүүц тэвчиж болох зардлуудыг танаж эко хэмнэлтийн горимд шилжсэн. Эдийн засгийн сорилттой энэ цаг үед иргэдийн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг хасахгүй, ард иргэдэд ачаа үүрүүлэхгүй.

Зах зээл дэх төрийн оролцоог оновчилж, хувийн хэвшлээ дэмжиж, бизнес эрхлэхэд саад тотгор болсон зөвшөөрөл нэртэй хориглолтууд, хүнд суртлыг бууруулах эрүүл, өрсөлдөөнт эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслүүд бэлэн болсон байна.

Түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх чиглэлд бодитой алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгож, түүхий эдийн үнийн савлагаанаас хэт мэдрэг биш дархлаатай, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого баримтална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu