Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сарын 11-12-нд ОХУ-д хийж байгаа төрийн айлчлалынхаа явцад хоёр улсын бүх талыг хамарсан стратегийн түншлэл, холбоотны харилцааны тухай Тунхаглалд гарын үсэг зурна.
“Российская газета” сонинд нийтлэгдсэн Токаевын “Мөнхийн найрамдал нь манай ард түмнүүдийн чиглүүлэгч од” хэмээх өгүүлэлд тэмдэглэснээр, Москвад хийж байгаа түүний айлчлалын гол үйл явдал нь ОХУ, Казахстаны харилцаа бүх талыг хамарсан стратегийн түншлэл, холбоотнуудын түвшинд шилжиж байгаа тухай Тунхаглалд гарын үсэг зурах ёслол байх ажээ.
“Энэ баримт бичиг нь бүх чиглэлд нягт хамтран ажиллах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хоёр тал бэлэн байгааг тод илтгэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааны шинэ эрин үеийг нээх болно” гэж Казахстаны удирдагч тэмдэглэсэн байна.
Казахстан улс тусгаар тогтносон мөчөөсөө өнөөг хүртэл Оростой найрсаг харилцаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирснийг тэр тэмдэглэв.
1992 онд гарын үсэг зурсан “Мөнхийн найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны тухай” анхны Гэрээ нь хоёр улсын харилцааны бат бөх суурийг тавьсан бөгөөд хоёр ард түмний ухамсартай сонголтын билэг тэмдэг болсон юм гэж Токаев онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )