Стандарт, хэмжил зүйн газар Францын Стандартчиллын холбоо (AFNOR)-ны Олон улсын гадаад хамтын ажиллагааны газрын дарга Паскаль Пупе болон холбогдох төлөөлөгчидтэй уулзаж, стандартчиллын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Францын стандартчиллын тогтолцоо, AFNOR-ны бүтэц, үйл ажиллагаа, санхүүжилтийн механизм, стандартчиллын хороодын зохион байгуулалт, мөн ISO болон Европын стандартчиллын байгууллагуудтай хамтран ажиллаж буй туршлагаас харилцан мэдээлэл солилцов.
Монголын тал Францын стандартыг Монгол Улсын үндэсний стандартад нутагшуулах, лабораторийн туршилт, шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Түүнчлэн тойрог эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбарын стандартчилал, техникийн хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал дэвшүүлэв.
AFNOR нь Францын үндэсний стандартчиллын байгууллага бөгөөд 800 орчим үндэсний стандартчиллын хороо, 11 стратегийн хороо, 20 мянга орчим мэргэжилтэн, оролцогчийг хамарсан өргөн хүрээний стандартчиллын тогтолцоог хэрэгжүүлдэг байгууллага юм.
Цаашид хоёр байгууллага стандарт, тохирлын үнэлгээ, лабораторийн чадавх, шинэ тутам хөгжиж буй салбарын стандартчилал болон техникийн хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар харилцан туршлага, мэдлэг солилцох, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )