Дэлхийн дэвжээ! Энэ бол уран бүтээлч бичгийн хүний хувьд маш том өндөрлөг юмаа. Хөх Монголоосоо хальж хөрст дэлхийн уншигчидтай уулзахын нэр болой. Дорнын их найрагч Б.Явуухулан нэгэнтээ: “Хүлэг минь, шүлэг минь чи бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж бичсэн. Тэгвэл өнөөдөр Монголын зохиолчдоос энэхүү тэнгэрлэг бөгөөд хүндэт дэвжээнд хүрсэн хүн хэдсэн билээ, хэнсэн билээ. Дэлхийд тоогдоно гэдэг нөр их хөдөлмөр, асар их авьяасын үр дүн гэдэг нь эргэлзээгүй. Чухамхүү энэ дэвжээний эзэн буюу дэлхийн зуун шилдэг зохиолчийн нэгээр шалгарсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэв гуайн тухай өөрийн мэдэх хэмжээгээр товчхон ч болтугай хүүрнэх нэг учир надад буй. Тавин хэдэн жилийн тэртээ “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ” номоороо их утга зохиолд гал цогтой орж ирсэн Л.Түдэв абугай өнөөдөр хэн билээ гэдгийг дэлхий мэддэг болсон нь Монгол түмний бахархал юмаа. Анх 29-хөн мөнгөний үнэтэй гарсан тэр номноосоо хойш хичнээн бүтээл туурвисныг тооцоолъё гэвэл сампингийн нэлээд эрхи гүйлгэхэд хүрнэ.
Би 30-аад жил сурагчдад уран зохиолын хичээл заажээ. Нэрт зохиолчийн “Нүүдэл суудал”, “Уулын үер”, “Хувьсгал танаа өчье”, “Оройгүй сүм” зэрэг монгол романы сор болсон туурвилуудыг олон жил хүүхдүүдэд зааж байсан даа, эдгээр бүтээлийн уран дүр, яруу дүрслэлүүдийг сэтгэлдээ шингээн авсандаа одоо хүртэл баярлаж бахдаж явдгаа хэлэх учиртай. Эдгээр романаас гадна “Хорвоотой танилцсан түүх”, “Ухаан”, “Морьтой хургачин” зэрэг тууж, шүлгүүд нь сурах бичигт хүндтэй байр эзэлсээр байдаг билээ. Түдэв гуайн мэргэжил багш. Тэрээр тийм ч олон жил багшийн алба хашсангүй. Тийм боломж ч гараагүй аж. Нийгэм соёл, төрийн албанаа түүнийг эх орон томилсон бүлгээ. Энэ томилолтыг олон жил нэр төртэй биелүүлэхийн хамт үзгэн зэвсгээрээ оюуны сүмбэр уулс бүтээсэн нь 30 боть ном болж ард түмэнд хүрсэн. Ном бол багш юм. Тэгэхлээр энэ цуцалтгүй хөдөлмөрч хүн багшийнхаа ажлыг насан турш хийсээр явна. Зохиолчдын хорооны дарга, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын мэргэжилтэн... Эх орныхоо соёл боловсрол, хэвлэл мэдээллийн олон салбарт алба амжилттай хаасны учир 1989 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ. 30 боть үгийн суварга бүтээхэд хичнээн жил, ямар их хөдөлмөр зарцуулсан гэх вэ? Үүний учир Монгол улсын хөдөлмөрийн баатар алдрыг хүртсэн нь тодорхой. Шилдэг бүтээлүүдээрээ төрийн шагнал, МХЗЭ, МЗЭ-ийн шагнал хүртсэнийг нэмбээс Л.Түдэв зохиолчийн цар хүрээ, нэр хүнд улам тодорно. Харин энэ билгүүн авьяастан маань ард түмэндээ их юм өгч, одооны хэллэгээр оюуны том хөрөнгө оруулалт хийж биднийг шагнасан бус уу. Түдэв гуай олон зохиолчийн номд оршил бичжээ. Мөн Д.Сэнгээ, Д.Цэвэгмид зэрэг нэрт уран бүтээлчдийн хөргийг урлажээ. Энэ хүнээс сурах зүйл мөн ч их байна даа. Хатуу чанд шаардлага, хайр халамж хослуулсан удирдлага гэвэл Л.Түдэвийг нэрлэх биз. Түүний удирдлаган дор ажиллаж байсан олон хүн үүнийг хүлээн зөвшөөрдөг билээ. Үгийн нүдийг олж хэлж үнэний замыг заахдаа дэндүү элбэг бөгөөд ёгт хоншоор, даацтай сайхан ярьж байхыг нь би хэдэнтээ сонсох завшаан тохиосон юм. Нэг зүйл санаанаас гардаггүй юм.
1970-аад онд алс говийн жирийн багш, шүлэг зохиолын хорхойтон би Түдэв гуайг Зохиолчдын хорооны дарга байхад нь их л зориг гарган нарийн бичгийн даргаар нь дамжуулан уулзах хүсэлтээ дуулгаж билээ. Огтхон ч хүлээлгэлгүй шууд оруулсан юм даг. Тэр арваадхан хоромд миний ажил төрөл, уран бүтээлийн тухай асууж, гадаад хэл хэр зэрэг сурч байгаа, уран бүтээлийн ямар төрлөөр бичиж байгааг онцлон лавлаад их л нухацтай бөгөөд чамбайхан цөөн үг хэлсэн. Эвлэлийн төв хорооны бүгд хурлын гишүүн болсонд минь талархаад хэл сурах талаар олигтой оролдохгүй байгаа, ганц нэг шүлэг бичих төдийгөөр уран бүтээлээ хязгаарлаж байгаад минь зэмлэл хүртээсэн. Тэндээс гарахад миний духны хөлс чийхарчихсан байж билээ. Тэр өдрөөс хойш надад олон юм бодогдож, хөдөөгийн буйд алсад цагийн аясаар гэлдэрч явсандаа гэмшиж ямар боловч өөрийгөө ташуурдсан удаатай. Ухаантай хүнээс үг сонсох сайхан бөгөөд жаргал байдаг ажээ.
“Хорвоотой танилцсан түүх” туужийг сүүлийн 20 гаруй жил Монголын багачууд уншиж өслөө. Энэ алдартай бөгөөд амттай ном дэлхийн ном болсон баяртай мэдээг дуулаад энэ зохиолыг шавь нартаа зааж байснаа хачин тодоор эргэн санахад сэтгэлд баяр бахархал төрж байсныг энд дурдалтай. Энэ сайхан туужийг англи хэлнээ Михиал Миллер орчуулж, орчуулга нь интернетэд тавигдан захиалганд орсон сурагтай. Монгол зохиолчийн ном дэлхийн уншигчдын ширээнээ очих боллоо. Дэлхийн үнэлгээнд Монголын зохиолч Лодонгийн Түдэв тэнцжээ. 70 насныхаа даваан дээр Түдэв гуай Америк, Английн хамтарсан Намтар зүй судлалын Удирдах зөвлөлийн шийдвэрээр “Амжилтын оргил”, “Зуугийн нэг” олон улсын шагнал хүртсэн нь дэлхийд хоёр дахь нь юмаа. Л.Түдэвийн уран бүтээл, эрдэм судлал, сэтгүүлчийн нөр их хөдөлмөрийн тухай олныг өгүүлж болно. Ганцхан зүйлийг онцолъё.
Хүнд суртлын агдалсан хүлээсийг тас татаж, үзэл суртал хэмээх мөсөн хуягийг задлан, ардчиллын салхи, хүний эрхийн гэрэл гэгээгээр монгол түмнийхээ нүдийг нээхэд “Үнэн” сонин нийгмийн хүчирхэг дуу хоолой болж өгөөж буянаа хайрласныг түүх мартахгүй. Энэхүү хүчирхэг индрийн ард зогсож, ардчилсан хувьсгалыг түүчээлэлцэхэд Л.Түдэв зоригтой бөгөөд бахархам гавьяа байгуулсныг дурдалгүй орхих аргагүй болой. Уран бүтээлийн олон төрлөөр давтагдашгүй шилдэг зохиол туурвин, улс нийгмийнхээ үйлсэд үлэмж хувь нэмэр оруулсан эрдэмтэн зохиолчийнхоо Судлалын төвийг байгуулах саналыг би ихэд олзуурхан дэмжиж байна. “Уулсын хаан, туульсын баатар” Эверестийн магнайд анх хөл тавьсан монгол язгуурын уулчин Дэнзэн Норгойн тухай 40 гаран жилийн өмнө найраглал бичиж “Оргил” хэмээх шүлгийн номондоо Түдэв зохиолч хэвлүүлсэн. Номоо “Оргил” гэж нэрлэсэн нь ч учиртай мэт санагддаг. Та уран бүтээлийн ноён сүмбэр оргилдоо гарч туг хатгажээ. Гэвч оргилын цаана оргил байдаг гэдгийг Та юу андахав. Ном дор мөргөмү, багш дор мөргөмү.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )