"Төр түмэн олноос эхэлдэг. Түмэн нь галтай бол төр нь дагаад гал шиг өөдөө мандан бадрах”-ыг бэлэгдэж МУ-ын 21 аймагт түүчээлэн хүрэх МУГЖ С.Жавхлангийн “Тулганы гал бадраах ёслол”-д МҮЭ-ийнхэн нэгджээ. МҮЭ-ийн холбооны салбарын 13 ҮЭ-ийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо тус арга хэмжээнд нэгдсэнээ зарлаж уржигдар Сүхбаатарын талбайд “Тулганы гал бадраах ёслол”-ыг үйлдлээ. Уг арга хэмжээнд төр засгийн удирдагчид, ҮЭ-ийн үе үеийн ахмад зүтгэлтнүүд болон МУАЖ А.Энхтайван, “Нюанс” хамтлаг, “Жонон” хамтлаг, ЦДБЧ, “Боржгин чуулга”, дуучин Ноён Бондгор, Gee зэрэг хамтлаг дуучид оролцох ёстой байв. Гэвч сонирхох хүмүүс хийгээд оролцох хамтлаг дуучид нь бүгд ирээгүйгээс хоёр цаг шахам хүлээлгэсний эцэст тун цөөхөн хүнтэйгээр нийслэлийнхээ төв талбайд гавьяат маань “Тулганы гал бадраах ёслол”-оо үйлджээ. Уг ёслолын талаар МҮЭ-ийн Ерөнхийлөгч С.Ганбаатар: “84 жилийн түүхтэй МҮЭ-ийнхэн энэхүү тулганы галыг бадрааснаар хөдөлмөр ажил үйлсээрээ Монгол Улсынхаа хөгжлийн төлөө зүтгэж буй мянга мянган гишүүдийнхээ сэтгэлд өнө мөнхийн гал үргэлж мандан бадарч Монголын төр гал шиг ариун байхыг билэгдэж байна” хэмээн тайлбарлаж байлаа.
Монгол ахуй, өвөг дээдсээ ихэд дээдлэх болсон МУГЖ С.Жавхланд дээд тэнгэрээс тодорхой онч дохиог өгч газар шорооныхоо төлөө тэмцэх нь зүйтэй гэсэн ухаарлыг хайрласан гэдэгтэй маргах юмгүй. Эцэг тэнгэр, газар эхийг хайрлах ухаан монголчуудын унаган ухаан билээ. Өвөг дээдсийнхээ энэ их ухааныг амьдралынхаа мөрдлөг болгоод байгаа гавьяат маань Монгол газар нутаг, элгэн саднаа гэсэн хэнтэй ч нэгдэн эх орныхоо 21 аймгаар “Тулганы гал бадраах ёслол”- оо өөрийн уран бүтээлийн хамт бадрааж яваа . Хөдөө орон нутгийн зон олон түүнийг халуун дотноор дэмжин хүлээн авсан бол уржигдар төв талбайд болсон “Тулганы гал бадраах ёслол”-ыг нийслэлчүүд төдийлөн тоосонгүй. Сонгууль дөхөж амтай болгон улс төр ярих болсон өнөө үед С.Жавхлангийн улс төржихөөс нь уйдсан уу, цаг агаараас болов уу. Юутай ч тун цөөхөн хүн цугласан байлаа. “Зохиолын дууны ханхүү” хэмээн өргөмжлөгдөж байсан 2004 онд Төв Цэнгэлдэхэд 3000 төгрөгний тасалбартай тоглолтонд нь 35 мянган хүн багтаж ядан цуглаж бахархан хамтдаа дуулж байсан бол үнэгүй тоглоё гээд уриад байхад ирдэггүй үе бас байх ажээ. Монголоороо бахархаж эх орноо хайрлахад заавал улс төр хийх албагүй. Уран бүтээлээрээ ч үзэл бодлоо илэрхийлж болно. Гавьяат аа ,өөртөө оногдсон ”заяа”-гаараа л амьдар. Тэр улс төр, эвсэл холбоо, хөдөлгөөн мөдөлгөөн чамд илүүдээд байна. Яриад байгаа газар шороо, монгол ёс заншлаа дуугаараа л хайрлаж, харамлаж, ”өмөлзөж” яв. Үүнийг чинь л хүн ард илүү хүлээж авна. Чи дуучин л ”заяатай” монгол шүү Жавхлаан.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )