ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
6 цагийн өмнө

Өнөөдөр 2025.01.15. Энэ оны 15 дахь өдөр бөгөөд он дуусахад 350 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандаж, 17 цаг 26 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 18 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Хойд Солонгост Солонгос цагаан толгойн өдөр бол Индонезид Далайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Венесуэлд Багш нарын өдөр, Египетэд Мод суулгах, Нигерид Зэвсэгт хүчний, Энэтхэгт Армийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн мэдрэлийн эс судлаач, Нобелын шагналт Мартин Чалфи, мэргэжлийн боксчин, дэлхийн аварга Бернард Хопкинс, Оросын кино найруулагч, жүжигчин Егор Кончаловский, жүжигчин, телевизийн найруулагч Реджина Кинг, рэппер Pitbull, Оросын хоккейч Вячеслав Войнов, Испанийн хөл бөмбөгч Марк Бартра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр Баргын морьт цэргүүд болон Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, Монгол загасны харуулуудыг эзэлжээ.

1958 оны энэ өдөр Налайхын ил уурхай ашиглалтад оров.

1993 оны энэ өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дэд дарга Б.Мандалсүрэн тэргүүтэй Засгийн газрын эдийн засаг, гадаад худалдааны төлөөлөгчид БНХАУ-д айлчилжээ. Хоёр тал 1993 оны импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тухайд тохиролцон, БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монгол Улсад Хятад хэлний сургалтын төв байгуулах баримт бичигт гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1936 оны энэ өдөр Испанид Ардын фронт үүсгэн байгуулагджээ.

1943 оны энэ өдөр Пентагоны барилга баригдаж дуусав.

1973 оны энэ өдөр Парисын энхийн хэлэлцээрийн дэвшлээр АНУ-ын зэвсэгт хүчин Хойд Вьетнамын эсрэг бүх цэргийн ажиллагаагаа зогсоожээ.

1992 оны энэ өдөр Европын Холбоо Словени, Хорватын тусгаар тогтнолыг зарлав.

2011 оны энэ өдөр Өмнөд Суданы тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал хураалт дуусжээ.

Билгийн тооллын 17. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top