Улсын хэмжээнд ургийн гажиг төрөлт зургаа дахин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 18


    Монгол улсад мөнгөн ус хэрэглэж, хууль бусаар алт олборлож байгаа иргэд  хэрэглэж байгаа химийн бодисынхоо (мөнгөн ус, цианид) хор аюулын талаар мэдэхгүйгээс гадаад орчныг бохирдуулаад зогсохгүй өөрсдийн болон үр хүүхэд, хүн амын эрүүл мэндэд аюул учруулж байна. Өнгөрсөн онд Байгаль Орчны Яамны хийсэн судалгаагаар Өмнөговь, Сэлэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианид натри, мөнгөн ус тархаж, 53,5 га талбайд химийн бодис гамшигт ул мөрөө үлдээснийг тогтоогоод байна. Түүнчлэн Өмнөговь аймагт ургийн гажигтай хүүхэд төрсөн тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд үүний шалтгааныг мөнгөн усны хордлоготой холбон тайлбарлах хандлага гарч байна. Дан ганц мөнгөн ус, цианид натри гэлтгүй, агаарын бохирдол, архи тамхи болон бусад хорт зуршлууд, удамшил, хоол хүнсний буруу хэрэглээнээс шалтгаалан улсын хэмжээнд ургийн гажиг төрөлт зургаа дахин нэмэгдсэн судалгаа гарч, аюулын харанга дэлдэж эхэллээ. Эрүүл мэндийн сайд, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд нарын 2010 оны 7-р сарын 22-ны хамтарсан тоот тушаалаар Өмнөговь аймгийн 0-5 насны хүүхдүүд болон эх барихын ужиг өгүүлэмжтэй эхчүүдийн дунд мөнгөн усны нөлөөллийг судлах зорилгоор Даланзадгад, Мандал, Цогт-Овоо, Хүрмэн, Ханбогд сумдуудад ажиллахаар Эрүүл мэндийн сайдын томилсан ажлын хэсэг өнгөрсөн оноос эхлэн Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл Мэндийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Химийн Бодлого Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэгсайханаас тодрууллаа. Тэрээр:
    Эхийн ургийн гажиг төрөлтийн судалгааны дүн бол улсын хэмжээний судалгаа юм. Сүүлийн жилүүдэд эхийн ургийн гажиг төрөлт үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа. Зөвхөн Өмнөговь аймаг төдийгүй улсын хэмжээнд 6 дахин нэмэгдсэн дүн гарлаа. Эхийн ургийн гажиг төрөлтөнд нөлөөлөх хүчин зүйлүүд олон байдаг бөгөөд манай хүн амын дунд удамшлын өвчин, архи тамхины өндөр хэрэглээ, Улаанбаатар болон бусад аймгуудын төвүүдийн агаарын бохирдол, хоол хүнсний буруу хэрэглээ, алт олборлох, мөнгөн ус, цианид натри хэрэглэх зэрэг  зүйлүүдээс нөлөөлөн гажиг төрөлт нэмэгдсэн дүнтэй байна. Манай баг одоогоор Өмнөговь аймагт эхийн ургийн гажиг  төрөлтийн нөлөөллийн хүчин зүйлүүдийн судалгаа хийж байгаа бөгөөд хамгийн гол нь тэнд мөнгөн усны хэрэглээ ихсэж байгаа учраас түүнтэй холбоотойгоор судалгаа хийж байна. Судалгаа хараахан дуусаагүй, тэнд амьдардаг хүмүүсийн шээс, цус болон үс, бусад эрхтний химийн нарийвчлан авсан шинжилгээг нягт нямбай судлан үзэж байж  эцсийн хариу гарна” гэж хариуллаа. Ямартаа ч улсын хэмжээнд эхийн ургийн гажиг  төрөлт 6 дахин нэмэгдсэн нь аюулын харанга дэлдэж байгаа бөгөөд цианид натри, мөнгөн усны хэрэглээтэй холбоотой судалгааг Өмнөговь аймагтай жишиг болгон судалж байна.  Цаашид  ургийн гажиг төрөлтүүд улам бүр ихэсвэл энэ ноцтой асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болжээ.
Д.Жаргалсайхан zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top