Н.Алтанхуяг сайдын бөгж “но”-той

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 30


    Одоо цагт юмны чанар муудаад, юунд ч итгэхэд хэцүү болж дээ. Ялангуяа үнэ нь тэнгэрт хадсан алт, монетон эдлэлийн жинхэнэ хуурамч эсэхийг ялгахад бэрх. Үүний нэг нотолгоо нь Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн бөгж болж таарав. Сорьцын хяналтын хэлтсийн ажлыг шалгахаар очсон тэргүүн шадар сайдад тус газрын мэргэжилтнүүд зургаан төрлийн багаж техник тоног төхөөрөмжөө танилцуулсан байна. Эдгээр техник, тоног төхөөрөмжүүд нь Ирланд, Германы шилдэг технологиор хийгдсэн, 400 гаруй сая төгрөгний үнэтэй оригиналь эд гэнэ. Шалгалтаар явсан Н.Алтанхуяг сайдын “саваагүй” зан хөдөлж зүүж явсан бөгжөө тэдгээр үнэтэй багажны нэгээр нь тодорхойлуулж амжжээ. Гэтэл сайдын бөгж 18 каратын 75 хувийн алт, 25 хувь нь зэс хар тугалга зэрэг металлаас бүрдсэн гэдэг мэдээллийг өнөөх гайхал аппарат чинь хагас минутын дотор илчлээд өгдөг байгаа. “Хольцоо нь үгүй шижир дээ” гэж бодож явсан бөгжнийхээ “но”-г олж мэдсэн сайд маань жаахан улайсхийсэн ч багажны чадалд сэтгэл хангалуун байсан тул инээд наргиа болгоод л өнгөрөөжээ. Цаашид сорьцын хяналтын албаныхан олон хүчтэй техник оруулж ирэх, алмаазыг хүртэл “гаргаахгүй” тодорхойлох хүчтэй аппарат авах тухайгаа сайдад хэлсэн юм. Сэтгүүлч миний хувьд эх орны маань салбар бүрт энэ мэт өсөлт дэвшил гарч байна шүү дээ гэж омогшиж байна. Харин нэг бизнес бодол төрснөө нуух юун. Энэ үнэтэй, хүчтэй энэ техникүүдээр чинь Монголын олигархуудын үнэтэй чамин зүйлсийг төлбөртэй сорьцолбол цөм хийх юм биш үү, сайд аа.
Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top