“Сайн хүний нэрийг долоо худалдаж иднэ” гэгчийн үлгэрээр зарим нэгэн нөлөөтэй хүмүүсийн далбаан дор явдаг хүмүүс эрх мэдлийн сиймхийг ашиглан ашиг хонжоо олох явдал газар авчээ. Саяхан УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ш.Айдос ерөнхийлөгчийн нэрийг барин нэлээдгүй хэмжээний “хатуу юм” цохисон гэнэ шүү. Мань эр хүний нэр зээлдэн луйвраар нэлээдгүй хөрөнгөний эзэн болж яваад “осолджээ”. Өөрөөр хэлбэл, “шунал ихэдвэл шулам болно” гэгчийн үлгэрээр даварч яваад бүрмөсөн илчлэгдэх нь тэр.
За даа, сүүлийн үед хэн дуртай нь тамга хийлгэн болсон болоогүй компани, ТББ байгуулаад ихээхэн хэмжээний мөнгө салгадаг явдал газар авсан гэхэд хилсдэхгүй. Ер нь ихэнх ТББ-ууд мөнгөний төлөө ажилладаг гэхэд болно. Тэдний нэг эрхэм Ш.Айдос бас л ийм нарийн аргаар мөнгөнд “морджээ”.Тэрээр ТББ-ын нэрээр Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын нэр дээр “Шинэ Монголын хөгжлийн төлөө” хэмээх үйл ажиллагаандаа санхүүгийн дэмжлэг үзүүлнэ үү хэмээн олон компанийг хулхиджээ. Ш.Айдос “Оюутолгой”, “Номин холдинг”, “MCS”, “Жаст”, Мобиком, “Ган хийц”, “Очир ундраа” зэрэг томоохон байгууллагуудаас хуурамч ТББ-ын тамга тэмдэг ашиглан луйвар хийсэн хэргээр баригдаад байгаа аж. Эхэндээ шүүх цагдаагийнхан УИХ-ын гишүүний туслах болохоор нь энэ хэргийг ихэд нууцалж байсан бөгөөд саяхан СБД-ийн шүүхээр хэрэг нь шүүгдсэн юм. Шүүх Ш.Айдосын гэм буруутайг тогтоож улсын яллагч гурван жилийн ял төлөвлөсөн ч шүүх зургаан сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Түүний хар балгаас цухас дурдахад, “МCS”, “Жаст” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдээс дөрвөн сая төгрөг завшсан ажээ. Мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй боловч цаана нь хэчнээн газрыг хулхидсан нь дараастай хэвээр үлдлээ. Иймэрхүү зальт этгээд бусдын хүчийг хямдхан сорсоор байвал өнөөдөр Монголд жинхэнэ “бор зүрхээрээ” яваа бусдыгаа хөлдөө чирэх бололтой.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )