Work and Travel USA хөтөлбөрт зуучлагч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 30

Монголын Оюутны холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Боловсрол, соёл солилцооны хөтөлбөрийн үнэлгээний төв ээлжит шалгалтандаа оюутан суралцагчдыг АНУ-д ажиллаж, аялах хөтөлбөрт зуучлагч байгууллагуудыг хамруулсан байна. Хяналт шалгалтанд нийтдээ 13 байгууллага хамрагдахаар төлөвлөгдсөнөөс таван байгууллага хаяг байршилдаа байхгүйн улмаас найман байгууллага хамрагдсан байна.

Дээрхи 8 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад Опен Ворлд ХХК соёл солилцооны хөтөлбөрт оюутан зуучлах шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж зуучлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон байна. Хяналт шалгалтанд хамрагдаагүй болон тэнцээгүй байгууллага:

  1. Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг ТББ
  2. Принц Уорлд ХХК
  3. Ньюлинк Интернэшнл ХХК
  4. Ай И Си Монголиа /ЦМЕО ХХК/
  5. Глобал Удирдагч ДС
  6. Интер Эксченж Монголиа /Мөнхтэрэм ХХК/
  7. Премиер Интернэшнл ХХК

Дээрхи байгууллагуудаас их бага хэмжээгээр зөрчил дутагдал илэрсэн бөгөөд тухайлбал оюутан суралцагчдыг Монгол улсдаа эргэж ирсэн эсэхийг бүртгэдэггүй, хяналт тавьдаггүй, оюутан зуучлах үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, оюутантай байгуулсан гэрээний дагуу АНУ-д байрлах байр, ажиллах ажлыг нь олж өгдөггүй, хуурамч даатгалд хамруулдаг зэрэг ноцтой дутагдлууд илэрчээ.

Монголын Оюутны холбооноос цаашид зөрчил гаргасан болон хяналт шалгалтанд хамрагдахаас зайлсхийсэн байгууллагуудын боловсрол, соёл солилцооны хөтөлбөрт оюутан  зуучлах эрхийг хязгаарлах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Хяналт шалгалтын дүнг АНУ-ын Төрийн Департмент, Монгол улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам болон бусад байгууллагуудад танилцуулсан бөгөөд цаашид энэ чиглэлээр мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тогтжээ.

Мөн түүнчлэн оюутан суралцагчдыг энэ чиглэлийн мэдээллээр хангах зорилгоор Монголын оюутны холбооны дэргэдэх Оюутны мэдээллийн төвд 70115111 утсыг  ажиллуулж эхлээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top