Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгов

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 30

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнөөдөр дунд суудлын хуралдаан хийж иргэн Г.Адъяасүрэнгийн өргөдлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 1998 оны “Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай” 148 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 258 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцлээ.

Хуралдааны явцад иргэн Г.Адъяасүрэнгийн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан асуудлаар бүх шатны шүүхийн шийдвэр гарсан болох нь тогтоогдов. Тухайлбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 676 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орших 13 дугаар байрыг Гаалийн мэдлийн төрийн өмч болохыг тогтоосон байна.

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн  хуралдаанаас магадлал гаргасан бөгөөд уг магадлалд, Монгол Улсын Засгийн газар хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг Улсын Их Хурлаас олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд батлан гаргасан болохыг дурдаад, Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн дагуу үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top