“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хүн амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн /үүрэн телефоны холбооны сүлжээ, цахим мэдээллийн сүлжээ ч энд багтана/ хэрэгсэл ашиглан нэн даруй хүргэж байх юм.
Ингэхдээ гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл гэсэн хоёр ангилалтай байхаар журамд тусгажээ.
“Гамшгийн аюулын тухай дохио” гэдэгт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр богино хугацаанд оновчтой хэлбэрээр мэдээлэх гэж тодотгожээ.
Харин сэрэмжлүүлэх мэдээлэл гэдэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийн үндсэн дээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор урьдчилан мэдээлэхийг хэлж байгаа юм. Зарлан мэдээллийг бүх нийтийн болон хэсэгчилсэн гэж ангилсан байна.
Мөн хуралдаанаар “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталлаа.
Тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчингүй болсон үед гамшгаас хамгаалах дайчилгаа зарлана.
Мөн хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн, голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авах үед, үер буусан болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүсэхэд дайчилгаа зарлах юм.
Түүнчлэн ой, хээрийн болон обьектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид аюул учирсан болон бусад тохиолдолд дайчилгаа зарлахаар журамд тусгажээ.
Гамшгаас хамгаалах дайчилгаанд гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, мэргэжлийн анги болон сайн дурынхан хамрагдах юм байна.
Шат шатны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэртээ дайчилгаа зарлах бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагаас гадна цэргийн алба дүйцүүлэн хааж байгаа иргэд, хөдөлмөр эрхлээгүй иргэд, тэдгээрийн техник хэрэгсэл ч хамрагдах юм.
Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг зэрэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хүч, хэрэгслийг татан оролцуулах болбол хуулийн дагуу Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид санал тавьж шийдвэрлүүлж байх зэргийг журамд тусгасан байна.
Мөн гамшгийн голомтоос болон учирч болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар аюулгүй орчинд шилжүүлэн байрлуулахыг тусгасан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )