Засгийн газрын өнөөдрийн хуралдааны товч мэдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 30
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар сарын 17-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улс, Ватикан Улс, Бүгд Найрамдах Хорват Улсад хийсэн албан ёсны айлчлал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийсэн  ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
  • ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн энэ оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо. Канцлерийн айлчлалыг амжилттай болсон гэж Засийн газар үзсэн байна.
  • “Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Хэлэлцээр батлагдвал 5 сая 50 мянган еврог дээрх салбарт зарцуулах боломжтой болох юм.
  • Энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд бөгөөд тус хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгалаа.
  • “Алтан дорнод Монгол” компаниас их хэмжээний төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Ажлын хэсгийн тайлантай танилцав. Үүнтэй холбогдуулан тус компанийн татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээний төслийг ажлын хэсгийн хүрээнд боловсруулан ирэх оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн дарга Д.Баттөрд даалгалаа. Ажлын явцыг жилд 2 удаа Засгийн газарт танилцуулж байхыг үүрэг болгосон байна.
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжиж, өргөн мэдүүлэхээр боллоо.
  • Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Гаалийн улсын байцаагч нь тухайн байгууллагад нэгээс доошгүй жил ажилласны дараа төрийн албанд нийт ажилласан хугацаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг нь харгалзан зэрэг дэв олгох юм. Тухайлбал тэргүүн түшмэл нь 25 ба түүнээс дээш төрийн алба хаасан байх ёстой бол туслах түшмэлийнхийг 8 ба түүнээс дээш жил гэж тусгажээ. Мөн хуралдаанаар “Татварын улсын байцаагчид олгох ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ыг баталсан байна.  Улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байх юм.
  • “Албадан хөдөлмөрийн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105 дугаар Конвенцийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газраас хийсэн ажлын тайлангийн төслийг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан тайланг Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top