Тавхан хоногийн цусны нөөцтэй үлджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 01

Сүүлийн үед цусны нөөц хомс байгаа талаар ярих болсон. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Д.Улаанхүүгээс энэ талаар тодрууллаа.  

 

-Цусны нөөц бага байгаа гэж сонслоо. Энэ үнэн үү?

 

-Цусны хэрэгцээ их байна. Учир нь манайд гадаадаас эмч нар ирж зүрхний гажгийн болон элэг шилжүүлэн суулгах, үе, түнхний хагалгаа зэрэг томоохон мэс ажлыг ойр ойрхон хийх болсон. Нөгөөтэйгүүр осол гэмтэлд өртөгсөд нэмэгдсээр байна. Мөн сүүлийн үед төрөхийн хүндрэлүүд ч их гарч байгаа. Тийм учраас цусны хомсдол гараад байгаа юм. Мөн цусны бүлгийн хомсдол гарах нь бий.

 

-Бүлгийн хомсдол гэдгээ тайлбарлахгүй юу?

 

-Жишээ нь 100 донороос 20 хүн нь II бүлгийн цустай байлаа гэж бодъё. Энэ нь 4-5 хүний эмчилгээнд л хүрэлцдэг. Гэтэл II бүлгийн цустай 10 хүнд цус хэрэгтэй болоход энэ бүлгийн цус дутагдалтай болж байгаа юм. Тиймээс бүлгийн хомсдол үе үе гардаг. Мөн удаан хадгалдаггүй бүтээгдэхүүний хомсдол бий болох гээд байна.

 

-Өнөөдрийн байдлаар танайд хэд хоногийн цусны нөөц байна вэ?

-Одоогоор тав хоногийн нөөцтэй байна. Зарим бүтээгдэхүүн гурав хоногийн нөөцтэй болчихдог. Богино хугацаанд хадгалдаг бүтээгдэхүүнийг нөөцөлж чаддаггүй. Донороос аваад өдөртөө л хэрэглэдэг.

 

-Аж ахуйн нэгжүүд хамт олноороо сайн дураараа цусаа өглөө гэдэг. Тэгсэн хэрнээ яагаад нөөц багасаад байна вэ?

 

-Иргэд, байгууллага, хамт олны идэвх нэг үеэ бодвол гайгүй болсон. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Зарим байгууллагууд цусаа өгч байна гэх нэрийдлээр шоу хийдэг болж. Саяхан нэг байгууллага "Донорын өдөрлөг" зохион байгуулах нэрийдлээр баахан хэвлэл мэдээллийн сэтгүүлчийн хамтаар манай төвийнхнийг дуудсан. Тэгсэн хэрнээ 300 орчим албан хаагчтай байгууллага байж тавхан хүн л цусаа өгсөн.

Цус судлалын төвөөс 10 гаруй хүнтэй явуулын бригад ажиллаж бүтэн өдрийн ажил алдаж байгаа юм. Манайд өдөрт 80-100 хүн цусаа өгдөг. Бүхэл бүтэн баг очоод тавхан хүнээс цус аваад ирэхээр ямар хэрэг байх вэ дээ. Цаана нь 95 хүн дутаж байгаа юм. Ингээд цус дутагдах магадлал бий болно гэсэн үг. Тэр байгууллагын хэдэн хүн цусаа өгөх нь тэдний хэрэг л дээ. Гэхдээ нэг байгууллагаас цус хандивлахаар бол наад зах нь 60 хүн өгвөл сайн. Цус бол экспортолж, импортолж болдоггүй зүйл. Тиймээс бид нэг нэгэндээ туслахгүй бол өөр хэн туслах вэ.

ОХУ-д цусны донорын тоо хоёр дахин буурсан. Манайд 1990 оны эхээр 5-6 мянган донор байсан бол одоо 16 мянга болтлоо өссөн. Гурав дахин өссөн гэсэн үг. Гэхдээ л хүн амын өсөлтөд хүрэхгүй л байна. 1000 хүн амд 16 хүн ногдож байна. Улсын хэмжээнд нийт хүн амын нэг хувиас доошгүй хувь цусны донор байх ёстой байдаг. Манайд 0.8 байгаа. Тэгэхээр дахиад донорын тоог нэмэгдүүлэх шаардлагатай.

 

-Хүмүүс цусаа хандивлахаар муу гэж боддог. Энэ талаар та уншигчдад мэдээлэл хүргэхгүй юу?

 

-Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг. Цусаа өгснөөс хойш хоёр сарын дараа дахин өгдөг. Түүнчлэн тогтмол цусаа өгдөг донорууд цус багадалтаар өвчилдөггүй.

 

-Хэчнээн эмнэлэг танайхаас цус авдаг юм бол. Аль эмнэлэт хамгийн их цус шаардлагатай байдаг вэ?

 

-Манайхаас 55 эмнэлэг цус цусан бүтээгдэхүүн авдаг. Нийт хүнд ногдох хэрэгцээгээрээ цусны өвчтэй хүмүүс, хоёрдугаарт эрхтэн шилжүүлэн суулгахад, гуравдугаарт төрөхүүд авдаг. Түүнчлэн дотрын тасгуудад цус их шаардагддаг. Сүүлийн үед ходоод, гэдэсний цус алдалт их байна. Мөн элэгний хатуурлаас болоод цус алдах явдал ихэссэн.

 

Эх сурвалж: Монголын үнэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top