Д.Төмөрцог: Гадаадын аль ч хамтлагийн дуучнаас дутахааргүй дуулж чадна

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 01

Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж давтагдашгүй уран бүтээлээрээ үзэгч фэнүүдийнхээ талархлыг хүлээсэн хамтлаг бол "Хурд". Давтагдашгүй гэдгийн учир нь тэдний дуунаас эх орон, байгаль дэлхийгээ магтан дуулсан монгол үнэр ханхалдаг. Хамтлагийнхан "Best of Hurd" тоглолтоо хоёр өдөр "Улаанбаатар палас"-ын концертын танхимд хийхээр болсон. Тэднийг тоглолтын бэлтгэлээ хийгээд завгүй байх үеэр нь хамтлагийн дуучин УГЖД.Төмөрцогтой ярилцлаа.

 

 

-Рок урсгал сонирхож эхэлснээс Тань яриагаа эхлэх үү?

 

-Бага байхад ах нар маань хөгжим тоглодог байлаа. Тэгээд л хөгжимд хайртай болсон. Анх есөн настайдаа гитар тоглож сурсан. 1993 онд Хурд хамтлагт дуучнаар орж, "Чоно" дууг тухайн үеийн ЗХУ-д үйлдвэрлэсэн "Весна" дуу хураагуур ашиглан дуугаа бичиж байсан. Түүнээс хойш л дуучин хүн болох эхлэл тавигдсан.

 

-"Цэргийн бодол" дуу хамтлагийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ дуу хэрхэн төрсөн тухай сонирхуулаач?

 

-Энэ дууны үгийг хамгийн том ах маань зохиосон. Хэдийгээр ах маань хорвоог орхисон ч бүтээл нь мөнхөрсөн. Ах маань энэ шүлгийг цэрэгт байхдаа эхнэртээ зориулж бичсэн түүхтэй. Тэгээд би өвлөж аваад дуулсан. Түүнээс хойш энэ уран бүтээл манай хамтлагийн сүлд дуу болсон.

 

-"Best of Hurd" тоглолт маргааш болно. Өмнөх тоглолтуудаас юугаараа онцлогтой болох бол?

 

-Хоёр өдөр "Улаанбаатар палас"-ын концертын их танхимыг доргионо доо. Хамтлагийн 15 дахь удаагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт учраас өөрсдийн 200 гаруй дуунаасаа шигшсэн уран бүтээлээ хүргэнэ. Тоглолт маань уянгын, акустик, монгол рок дуу гэсэн гурван хэсэгтэй. 30 гаруй дууг багтаасан дөрвөн цаг үргэлжлэх томоохон хэмжээний тоглолт болно. Ардтүмний сонсдог шилдэг дуунуудыг эгшиглүүлэх учраас бүгдээрээ дагаад дуулаарай" гэж уриалмаар байна. Манай тоглолтоос хүмүүс бага насаа санагалзаж, өнгөрсөн сайхан дурсамжаа сэргээх байх.

 

-Таныг "Домог" хамтлагийн тоглолтод зориулж уртын дуу дуулна гэж сонссон?

 

-Бид "Домог" хамтлагийнхантай "Болд гуай" рок дуу, "Бахархал" гэсэн хоёр уран бүтээлийг хамтран хийсэн. Тэдний тоглолтод оролцож ая дуунаасаа өргөнө. Гэхдээ уртын дуу дуулахгүй. Айхтар хүмүүсийн дэргэд уртын дуу дуулж "нүд" болоод яахав дээ. /инээв/ Өөрийнхөө дууг дуулаад л явж байя.

 

-Гитараа алдсан. Олсон уу?

 

-Гитарууд олдоогүй байгаа. Манай хамтлагийг сонсдог ч бай үгүй ч бай авсан хүн нь авчраад өгчихвөл сайн л байна. 10 гаруй жил ханилсан гитарууд болохоор сэтгэл эвгүй байх юм. Янз янзын хүмүүст үзүүлсэн олдоно гэж хэлсэн. Алдсан гитарууд маань бид бүхний хөлс хүч шингэсэн болохоор үнэтэй зүйл. Тиймээс эвдэрсэн ч олно гэсэн зорилготой байгаа. Гитар болгоны цаана дуу төрсөн түүх бий. Хэрвээ олдвол хүндэтгэж зална гэсэн бодолтой байна.

 

-Өмнө нь гитаруудыг дахин ашиглах боломжгүй гэж байсан?

 

-Ер нь бол тийм. Хурдыг ойлгодог монгол цустай, монгол энергитэй хүн болгон гартаа бариад л мэдэрнэ шүү дээ. Биднээс өөр гитараар минь тоглох тэнэг хүн байхгүй гэж бодож байна. Тэгээд ч бидний тоглолтыг хүн бүр ирээд үзээсэй, бидний бэлтгэсэн тоглолтыг үзсэн Та бүхний 15 мянган төгрөгөөр хөгжмөө шинэчилье гэж бодож байгаа. Энэ тоглолтыг үзэж байгаа хэн ч "Хурд" хамтлагт шинэ гитар бэлэглэж байгаа юм шүү. Энэ удаагийн тоглолтдоо бид найз, нөхдийнхөө Америкаас явуулсан гитараар тоглоно. Гэсэн ч сэтгэлийн гүнд гуниг хураад болохгүй юм. Бэлтгэлийн өрөөндөө ороод ирэхээр гитарын гэрүүд маань хоосон хэвтээд байхаар хэцүү юм аа.

 

-Хурд хамтлагийн амин сүнс нь юу вэ?

 

-Өөрийгөө магтсан л болох байх даа. Дуучингүй бол хамтлаг хэцүүднэ. Тийм болохоор хамтлагийнхаа амин сүнс нь би байх. Гэхдээ хамтлаг хамтын бүтээл болохоор бүгд л чухал.

 

-Таныг 10 өдөр дараалан дуулсан ч чадна гэж хамтлагийн ахлагч Д.Ганбаяр ах ярьж байсан.

 

-Би чадна. Угаасаа дуучин хүний бэлтгэл сайн бол зовох зүйлгүй дээ. Тийм болохоор гадаадын аль ч хамтлагийн дуучнаас дутахааргүй дуулж чадна гэж бардам хэлнэ.

 

-Хамтлаг сүүлийн үед ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна?

 

-Хамгийн сүүлд "Шинэ амьдралын ундарга" дуугаа гаргасан. Дараа нь "Эндүүрэл" гээд шинэ дуугаа бичүүллээ. Хоёуланг нь дүрсжүүлсэн. Маргааш тоглолтдоо дуулна. Үзэгч фэнүүдэд маань таалагдах сайхан дуу болсон.

 

-Монгол поп хөгжмийн нэг шинэ урсгал мэндэллээ. Энэ талаар ямар бодолтой байна?

 

-Яагаад байж болохгүй гэж. Монгол попыг сонссон дажгүй юм билээ. Байх ёстой зүйл гэж бодож байна. Бид ч гэсэн рок урсгалаа монгол маягаар тоглож байгаа шүү дээ. Д.Болд үндэсний хувцсаа өмссөн болоод ч тэр үү гоё харагдаж байсан.

 

-Банзан гитар үүрээд явж байгаа залуус их харагдах болжээ.

 

-Их баярламаар байгаа шүү. Нэг хэсэг амьд хөгжмийн хамтлагууд мартагдах шахсан. Одоо эргээд хөгжиж байгаа нь сайшаалтай. Манайхан "TV8" телевизтэй хамтран "Monster" нэвтрүүлэг хийж байгаа. Нэвтрүүлгээс амьд хөгжимд хайртай залуус нэмэгдэж байгаа нь харагдаж байгаа юм. Өмнө нь "Хурд", "Харанга", "Чингис хаан", "Нисванис", "Чоно" зэрэг тарын таван хуруунд багтахаар уран бүтээлчид байсан. Одоо гудамжаар гитар үүрээд явж байгаа хүүхдүүд харахаар сайхан санагддаг. Бидний үед орцондоо их тоглодог байсан. Тэр үеийг бодоход боломжтой болж дээ. Заримдаа бидэн дээр амьд хөгжим сонирхдог залуус ирээд зөвлөгөө авдаг.

 

-Танай хамтлагийн дуунаас эх орны үнэр ханхалдаг. Эх орны сэдэвтэй дуунуудаа бодлогын чанартай зохиодог уу?

 

-Ямар ч бодлогын чанартай зүйл байхгүй. Хүмүүс эх орны сэдэвтэй шүлэг өгдөг. Бид хайр сэтгэл, ээж аав, эх орон гээд бүхий л сэдвээр дуу дуулдаг шүү дээ.

 

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top