Удам дамжсан сэтгүүлчид уулзлаа.

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 24

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 15 жилийн ойн ажлын хүрээнд өчигдөр “Удам дамжсан сэтгүүлчид”-ийн анхдугаар уулзалт болж өнгөрлөө. Тус уулзалтанд үе үеийн шилдэг сэтгүүлчид өөрсдийнх нь мэргэжлийг өвлөсөн үр хүүхдүүдтэйгээ /сэтгүүлчид/-тэй хамт хүрэлцэн ирцгээсэн бөгөөд хамгийн ахмад нь Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа байсан бол  харин хамгийн залуу нь түүний зээ охин “UBS” телевизийн сэтгүүлч Б.Саруул байв. Мөн МҮОНР-ын ахмад сэтгүүлч М.Цагааны охин МҮОНТ-ын захирал Ц.Оюундарь, Монголын сэтгүүлзүйг үүсгэн байгуулагчдын нэг Д.Бадрахбаатарын ач, ахмад сэтгүүлч Ч.Тогоонтөмөр, “Улаанбаатар-Од” сонины эрхлэгч асан соёлын гавъяат зүтгэлтэн Баярмагнай, охин сэтгүүлч Б.Тэмүүлэн, “Хөдөлмөр” сонины эрхлэгч асан Н.Мягмар, охин МХХ-ийн захирал М.Мөнхмандахын хамт нийт 20 гаруй сэтгүүлч гэр бүл нэгэн дор цуглав.  Монголын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа олон зуун сэтгүүлчдийн үе үеийн төлөөлөл оролцсон энэ уулзалт дээр үг  хэлсэн хүмүүс сэтгүүлч мэргэжил нь нийгэмд ямар байр суурь эзэлдэг, цаг үеийн урагшлах үйл явцад хэрхэн хөтөч нь болж явдаг тухай дэлгэрэнгүй ярьж “Сэтгүүлч мэргэжил удам дамждаг уу” гэсэн төвөгтэй асуултад хариу эрж санал бодлоо солилцож халуун яриа өрнүүлсэн юм Уулзалтанд оролцсон сэтгүүлчид өөр өөрсдийн санаа бодлыг  хэлж байсан ба ахмад сэтгүүлч Н.Мягмар “Би ерөөсөө сэтгүүлч гэж ямар мэргэжил байдгийг нь мэдэхгүйгээр л сэтгүүлч болчихсон. Дунд сургуулиа дөнгөж төгссөн хүүхэд бага зэрэг шүлэг, зохиол оролддог нэгэн л байлаа. Шүлэг, зохиол ч гэлтгүй үгийн сүлжээ анх зохиож сонинд өгөөд л сэтгүүлчийн гараагаа эхэлсэн. Харин охиноо сэтгүүлч болно гэж огт бодоогүй. Нэг л мэдэхэд Германд сэтгүүл зүйн чиглэлээр сурахаар болсон байсан” хэмээн хуучилж суусан. “Өдрийн сонин”-ы сурвалжлагч, удам дамжсан сэтгүүлч Э.Энэрэл залуу сэтгүүлчдэдээ: Багшийнхаа сургасанаас  иш татаж “”сэтгүүлч хүн сэтгэлтэй, сэтгэдэг байхын дээр гаансны сэтгүүр шиг аливааг чөлөөтэй сайханд хүргэж  чаддаг байх ёстой юм” шүү гэлээ.  Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд “Чанартай сэтгүүл зүйг хөгжүүлэхэд бид юу хийх вэ” хэлэлцүүлэг, маргааш тус хүрээлэнгийн 15 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болох юм байна.
Ж.Гангар Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top