20 мянган төгрөгийн авлагаасаа болж хүний аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 07

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, Санкт-Петрбург төвийн ойролцоох ТҮЦ шатаж, дотор нь байсан худалдагч амиа алдсан хэрэг арваннэгдүгээр сарын 30-нд гарсан. Шүүх эмнэлгийн болон галын шинжээч нар уг галыг санаатай тавьсан, хохирогч гаднын нөлөөтэй нас барсан гэсэн дүгнэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийг хэн ямар зорилгоор үйлдсэнийг тогтоохоор ажиллаж эхэлсэн юм. Тус хэлтсийнхэн болон ЭЦГ-ын ажилтнууд хамтран эрэн сурвалжилснаар талийгаач 31 настай Н гэх эмэгтэйг найз нь хөнөөснийг  уржигдар тогтоосон байна. Сэжигтэн 31 настай, Сүхбаатар дүүрэгт оршин суудаг П гэх эмэгтэй аж. Тэрбээр талийгаачийг боомилон  хөнөөж, гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор ТҮЦ-ийг гаднаас галдсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач болон сэжигтэн нар 40 мянган төгрөгийн өр авлагын асуудлаас болж маргалдсанаас уг хэрэг гарчээ. Сэжигтэн П цагдаагийнханд “Би түүнээс 40 мянган төгрөгийн авлагатай байсан. Тэр үдэш мөнгөө нэхэж очтол талийгаач надад 20 мянган төгрөг л өгсөн. Үүнээс болж бид маргалдаад хүзүүнийх нь ороолтоор боосон. Үхчихээр нь тэнд нь үлдээж, гаднаас нь шатаагаад явсан” хэмээн мэдүүлжээ. Одоо түүнийг Цагдан хорих төвд хорьж, үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаачийг уг ТҮЦ-ний эзэд цалинжуулж ажиллуулдаг байсан, сэжигтэн, хохирогч нарын амьдрал тийм ч сайнгүй юм билээ гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. 

 "Өнөөдөр" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top